Худалдаж авсан байрных нь талбай гэрчилгээн дээр заасан хэмжээнд хүрч буй эсэхэд эргэлзсэн олон иргэд ШӨХТГ-т гомдол ирүүлсний дагуу БХБЯ, Стандартчилал Хэмжил Зүйн Газартай хамтран барилгын компаниудад шалгалт хийж эхэлсэн билээ. Шалгалт хийгдэж эхэлснээс хойш иргэдээс ирүүлэх гомдлын тоо нэмэгдсээр байгаа тухай ШӨХТГ-ын  ХЭХХ-ийн дарга Ч.Батбаатар оны өмнө ярьж байсан. Шалгалтын явц болон илэрсэн зөрчлүүдийг хэрхэн арилгуулж байгаа талаар түүнээс тодрууллаа.

“Анх 11 барилгын компанитай холбоотой гомдол ирсэн байсан бол 12 дугаар сарын 15-ны байдлаар зөрчилтэй компанийн тоо 28-д хүрсэн. Иргэдээс ирүүлэх гомдол нэмэгдсээр байгаа учраас зөрчилтэй компанийн тоо өчигдрийн байдлаар 40-д хүрч, метр.квадратын зөрүүгээс болж иргэдэд учирсан хохирлын хэмжээ 1,5 тэрбум төгрөг болсон байна. Зарим компани нэг айлын байрнаас гэхэд л 15-20 метр.кв талбай дутаасан нь илэрсэн.  Khansville хорооллоос байр худалдаж авсан иргэдэд учирсан хохирлын хэмжээ маш их байна. Бусад компаниудын хувьд нэг орон сууцны барилга дээр нь 1-2 айлын байрны талбайн хэмжээ зөрүүтэй, зөрүү нь ч харьцангуй бага байна. Хэрэглэгчдэд учруулсан хохирлыг долоон компани барагдуулсан.  Бид өнөөдөр /өчигдөр/ 11 компанийн удирдлагуудтай уулзлаа. Эдгээрээс таван компани нь иргэдэд учруулсан хохирлыг барагдуулах үүрэг аваад явсан” хэмээн Ч.Батбаатар дарга ярьж байна.

Дээрхи зөрчлүүд зөвхөн хэрэглэгчдийн ирүүлсэн гомдлын мөрөөр хийсэн шалгалтын явцад илэрсэн бөгөөд оршин суугчид нь гомдол ирүүлээгүй зөрчилтэй компаниуд байж болзошгүй учраас байрныхаа талбайд эргэлзэж байгаа бол ШӨХТГ-т хандан шалгуулж болно гэдгийг холбогдох албаныхан хэлсэн юм.