Хойд Солонгост  1920 оны нэгдүгээр сарын зургааны өдөр төрсөн Сан Мён Мүүн гэгч Солонгос эр Мүүний шашин, урсгал гээчийг анх дэлгэрүүлж байсан бөгөөд  түүний энэхүү  харгис, гаж гэж хэлж болмоор  урсгал өнөөдөр Монголын  үндэсний аюулгүй байдалд хор хөнөөл учруулах хэмжээнд хүрчихээд байна.

Мүүний урсгал нь хамгийн  харгис таван шашны нэгд зүй ёсоор ордог.  Тийм болохоор  ОХУ, Шингений орнуудад хориглдог. Өөрөөр хэлбэл олон улсын хэмжээнд   төрийн бус, буяны, сайн үйлсийн, энхийн байгууллага мэт харагддаг шашны  байгууллага.  

Сан Мён Мүүний байгуулсан  Unification church буюу Эв нэгдлийн сүм нь шашингүй үзэлтэй хүний нүдээр харахад  асар олон сөрөг талтай бөгөөд үүнийг сэтгүүлч би өчигдрийнхөө  нийтлэлээр цухас  дурьдаад өнгөрсөн. Тэгвэл өнөөдөр  Мүүний шашин хэрхэн хүний наймааг  цогцлоож байгааг  тайлбарлах гэж хичээе.

1994 оноос Монголд орж ирсэн энэхүү байгууллагын нэгэн томоохон ажил нь “Адислалын ёслол”.  Хоёр өөр улсын, асар олон насын зөрүүтэй хүмүүсийг  хөлсөөр зуучилж , гэрлүүлж өгөхөө Мүүний шашныхан  “Адислалын ёслол” хэмээдэг.  Үнэн хэрэгтээ  энэхүү ёслолыг  Мүүн гэгч Солонгос эр  мөнгө авдаг.  Өөрөөр хэлбэл улсынхаа бүсгүйчүүдэд гологдсон нас өндөр,  харгис эрчүүдийг  хөгжиж байгаа улсын гэнэн, сайхан бүсгүйчүүдтэй гэрлүүлдэг.   Ингэхдээ гэр бүл болох гэж байгаа эрчүүд нь гол төлөв  2000-20 000 ам.доллар төлдөг гэж байгаа.  Үүнийг шашингүй, ардчилсан үзэлтэй хүний өнцгөөс  харахад  нэг  удаа уулзаж байгаагүй хүмүүсийг холбоод, үнэхээр заяаны хань мөн л юм бол  буян үйлдээд үнэ төлбөргүй зуучилаад өгчих хэрэгтэй шүү дээ. Заяаны ханийг нь үнэхээр олж өгч байгаа юм бол  төлбөр авах нь ариун ёс уу?   Гэрлэлтийг  хоёр хүн хайр сэтгэлийн үндсэн дээр харилцан хүлээн зөвшөөрч үйлддэг ариун ёслол болохоос хөндлөнгөөс хэн нэгэнд бэлэг өгч байгаа юм шиг зургаар нь зааж өгнө гэдэг эрүүл хүний ухаан, ой тоонд багтамгүй хэрэг мэт.  Тэр чигээрээ л шашин нэрийн доор хүний наймаа хийж байгаа хэрэг юм.

Хэрвээ  нөхөртэй болох гэж байгаа бүсгүй  онгон бол  Мүүний шашинтай томчуудад эхлээд охин биеэ өгдөг.  Ингэж томчуудад  үйлчилснээр  ихээхэн  буян заяа нь дэлгэрч,  өөрийгөө азтай  хүнд тооцох  хэрэгтэй гэсэн  номлол Мүүний шашинд мөрдөгддөг.  Үнэхээр  хүмүүсийг зуучилж өгч байгаа бол  ингэж нүгэл үйлдэх шаардлага байгаа эсэхийг бодох л хэрэгтэй.

Гэрлэснийхээ дараа бас  хатуу дэг журам мөрддөг гэж байгаа. Тодруулбал “Адислалын ёслол”-оор гэрлэсэн хосууд хуримынхаа өдрөөр хоёр биенийхээ бөгсөн дээр хамаг хүчээрээ гурав гурав савааддаг ёстой.  Хүний  эрх чөлөөнд халдаж байгаа танхай  хэрэг мөн байгаа биз.   Эрчүүд бол  чанга гартай.  Тэр чанга гараараа эмэгтэй хүнийг саваадна гэхээр  гэр бүл болонгуутаа л гэр бүлийн хүчирхийлэлд  өртөж байгаа,  танхай  хэргийн  хохирогч болж байгаа үйлдэл юм.

Үүнээс гадна гэр бүл болсон хосууд гурван жил сүмээс гадуур бие биетэйгээ уулзахгүй байх, гар утас, интернэтээр ч харилцах ёсгүй гэж байгаа.  

Өнөөдөр зөвхөн Мүүний шашныхан л нэгэн зэрэг олноор нь гэрлэлтийг баталж, адислдаг.  Тэгтэл энэ бүхэн нь  өнөөх  “хүний наймаа”-г илээр хийж байгаа хэрэг юм.  Тэдгээр гэрлэж байгаа улуудсийн дийлэнх нь  Мүүн гэгч  2011 онд нас барсан Солонгос эрийн адислалыг хүртэж байгаа хэрэг аж.   Нас барсан хүний адислалаар  гэр бүл болсноор “Жинхэнэ гэр бүл” болж байгаа хэрэг гэнэ.   Өөрөөр хэлбэл Мүүний шашинг үндэслэгч Сан Мён Мүүн юмсыг жинхэнэ,  бусад гэж хоёр ангилдаг.  Мүүн өөрөө “Жинхэнэ эцэг”,  эхнэр Хак Жа Хан нь “Жинхэнэ эх”. Тэдний адислан гэрлүүлсэн хосууд“Жинхэнэ гэр бүл”, элссэн хэн бүхэн “Жинхэнэ хүүхэд ”. Бусад нь жинхэнэ бус.

 “Жинхэнэ гэр бүл”-ээс төрсөн хүүхэд аав ээжийнх нь бус Мүүний “жинхэнэ” хүүхэд.  

 Энэ мэтээр  Мүүний шашинд  хүний наймааг цогцлоож байгаа анхаарах ёстой  олон зүйл байгаа.  Энэ бүхэнд анхаарал хандуулан шашнаар халхавч хийсэн   хүний наймааны хэргийг таслан  зогсоох шаардлага  байна.   Өнөөдөр  Мүүний шашныхан  улам л хүчээ авч, цаашлаад үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхөд ойрхон байна.

Охид бүсгүйчүүдээ  хүний наймаа, гэр бүлийн хүчирхийлэлийн золиос болохоос нь өмнө та бид л хамгаалахгүй бол  амиа алдсан хойно нь  юу ч гэж хэлээд тус болохгүйг  анхаарууштай.

А.Баярмаа