Сайн байна уу? Та бүхэнд захидал очих өдрийн мэнд хүргэе. Би гэнэн цайлган насан дээрээ их эрт гэр бүл зохиосон юм шиг санагдаж бас харамсаж явах боллоо. Гэр бүлийнхэн дургүй байсаар байтал өөрөөсөө 13 ах хүнтэй хамт 5 жил амьдарч 2 хүүхдийн эцэг эх болсон юм.

Хайр дурлалд нас хамаагүй гэж тухайн үед бодож алдаа гаргасан юм шиг. Хамгийн ихээр хамаатай юм байна. Бүхэл бүтэн нэг үеийн зайтай хосуудын дунд үзэл бодол, амьдралын харах өнцөг өөр гэдгийн эдгээр жилүүдэд ухаарч анзаарлаа.

Одоо 26 настай. Сүүлийн жилүүдэд бид хоёрын харьцаа хөндийрсөөр саяхнаас тусдаа амьдрах болсон юм. Салах шалтгаан их энгийн. Бие биедээ итгэж чадахаа байсан, хэрүүл уруул тогтмол гарах болсон. Секс хийсэнгүй гэж их уурлана. Гэтэл дөнгөж төрөөд удаагүй байтал нялх биетэй надад секс хийх хүсэл огтхон ч төрөөгүй нь алдаа ч юм шиг. Хамгийн аймшигтай нь халамж муу. Ажлаасаа орой ирээд л хоол идчихээд унтана. Өдөржин хоёр хүүхэдтэйгээ гэртээ их ганцаарддаг байлаа. Амралтын өдрүүдэд хүртэл ажил гэж гадуур тэнэсээр орой ирдэг байлаа. Гэртээ байх хугацаандаа утсаа оролдохоос өөр юу ч хийхгүй. Надад өгдөг мөнгө нь л түүний хувьд халамж байсан биз. Гэр орондоо л зарцуулхаас өөртөө наасан юм үгүй.

Утсаа их нууна, оролдуулах дургүй. Эхэндээ тоодоггүй л байлаа. Сүүлдээ нууцтай байсныг нь олж мэдсэн л дээ. Амьдралдаа их гутардаг болсон. Хааяадаа гэрээс гарч найзуудтайгаа уулзаж сэтгэлээ сэргээх болгонд уурлаж, бухимдана. Үнэндээ бүтэх ёсгүй хүмүүс бүтдэггүй гэж үнэн юм шиг ээ. Одоо би хоёр хүүхдээ аваад аав ээж дээрээ байгаа, хоёр хүүхдээ харах болгондоо өрөвдөх юм. Ядаж хүүхдүүд минь сайн уу гэж ганц ч асуулгүй таг чиг. Гомдохын дээдээр гомдож дотор харанхуйлах юм. Аав ээж маань ч холбоогүй байж байгаад хоёр тийш бол гэж зөвлөж байгаа. Эд хөрөнгө энээ тэрээ нэхэлгүй тус тусын замыг хөөсөн нь дээр биз.

Хамгийн аймшигтай нь ямар ч нөмөр нөөлгөгүй санагдах юм. Хааяадаа намайг биш юмаа гэхэд хоёр хүүхэд дээрээ ирмээрсэн дээ. Хайран залуу нас минь гэж харамсмаар санагдах ч хүүхдүүдээ харахлаар за амьдрал юм даа гэж өөрийгөө тайвшруулахаас цаашгүй. Одоо ямар ч байсан хүүгээ жаахан томорхоор ажил олж хийнэ дээ. Өрх толгойлсон ээж нарын тоог нэгээр нэмж байна.

cekc.mn