Иргэн Н.Доржзодов 2014 оны дөрөвдүгээр сарын сүүлээс эхлэн Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй, Нийслэлийн МАН-ын хорооны даргын зөвлөх А.Ганбаатар нартай хамтран НИТХ-ын 2016 оны сонгуульд оролцох Нийслэлийн МАН-ын стратеги төлөвлөгөөг боловсруулалцаж, үүнийгээ тухайн үеийн МАН-ын дарга М.Энхболдод танилцуулсан билээ. Улмаар төрийн албыг үнэлж заран, зөвхөн Нийслэл хотоос 60 тэрбум төгрөг олох тухай хуйвалдааны гэрч болж, түүнийгээ дуу бичлэгээр баримтжуулсан юм. Улмаар тэрээр УИХ-ын 2016 оны, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн үеэр дээрх баримтуудаа дэлгэсэн билээ.Үүнтэй нь холбоотойгоор Ц.Сандуй албан тушаалаасаа чөлөөлөгдөж, Ж.Эрдэнэбатын удирдсан Засгийн Газар ч огцорсон. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн үеэр Х.Баттулга түүний эл үйлдлийг сайшааж, Н.Доржзодовь Монгол Улсын Баатар цол олгохоо амлаж байв. Тодруулбал 2017 ны 6 сарын 20-нд Чингэлтэйн хөдөлмөрчидтэй МҮЭСТО-д уулзах үеэрээ: "Монгол Улсын төрийн албыг, сайдын суудлыг тэрбум төгрөгөөр зарсан асуудал гарсан. Монголчууд доройтож, ядарч, зүдэрч болно. Гэхдээ төрийнхөө яамны сайдын суудлыг тэрбум төгрөгөөр зарах хүртэл ядраагүй гэж би бодож явдаг. Төрийн албыг зарахаар ярьж байсан нь хоёр жилийн өмнө болсон явдал. Тэд аль хэдийн сайдын суудлыг зараад, мөнгөө босгосон, сонгуульд ялсан. Өнөөдөр энэ булхайг илчилсэн залууг салаа цагдаа очиж баривчлах гэж байна. Тэр залууг хүчин, хулгай хийсэн гэж янз янзаар доромжилж байгаа. Намайг яаж доромжилдог билээ. Тэгж идэж уусан, ингэж шамшигдуулсан. Тийм ч дансаар оруулж гаргасан гэж. Ардчиллын удирдагч байсан Зоригийг яаж доромжилдог байлаа. Ардчиллыг доромжлоод дийлэхгүй болохоор нь хувь хүн рүү дайрдаг байсан. Сүүлдээ ордны цонхоор морь харсан гэж дайрч байсан ч удаатай. Энэ уламжлалт арга барилаа тэд өөрчлөөгүй байна.

Тэр залууг бүх муу муухайгаар дайрч байгаа. Түүний хийж байгаа үйлдлүүдийг харж байхад боловсролтой, ухаантай хүн шиг байна билээ. Хэрвээ би Ерөнхийлөгч болбол тэр хүнийг Монгол Улсын баатар цолоор шагнана. Харин энэ олон жил биднийг доромжилж, толгой дээр гараад суучихсан, хуульчилж хулгайлж байсан 20-30 гэр бүлийнхэнд надад өгсөн 10-15 жилийн ялыг нь өгнө гэж бодож байгаа" хэмээсэн юм.

Сүүлийн үед Н.Доржзодовыг АНУ-руу цагаачилна, Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлд ажиллана гэх мэт олон мэдээлэл гарч байгаа ч эдгээр нь батлагдаагүй байна. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Н.Доржзодовт Улсын Баатар цол олгох амлалтаа хэзээ биелүүлэх нь ч тодорхойгүй хэвээр байгаа юм.

 

Э.Мягмар

sonin.mn