ДАРГА СОЛИГДСОН ЖИЛ
2017/12/30
2016 оны УИХ-ын сонгуулийн дараагаас АН-ын дотоодод эхэлсэн өөрчлөлтийн хөдөлгөөн намын дарга болон шат шатны намын хорооны дарга нарыг нийт гишүүдийн санал асуулгаар тодруулах дээр дууссан юм. Энэ дагуу АН-ын дотоод сунгаанд нэр дэвшсэн таван хүнээс С.Эрдэнэ намын даргаар сонгогдсон билээ.
Түүнчлэн Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа МАН-ын дарга асан М.Энхболд хариуцлагаа хүлээн өөрийн саналаар намын даргын албан тушаалаасаа татгалзахаа мэдэгдээд байв. Өнгөрсөн сард болсон тус намын XXVIII Их хурлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх МАН-ын даргын албан тушаалд томилогдов. Мөн энэ сард Төрийн ордонд УИХ-ын гишүүн О.Баасанхүү нарын санаачилгаар МАХН-ын Их чуулган болж өнгөрсөн. Энэ хуралдаанаар О.Баасанхүүг намын даргаар сонгосон хэдий ч өнөөгийн МАХН-ын удирдах түвшний гишүүд хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж “Сайн дурын цугларалт болсон” хэмээн тодотгож буй. Ямартаа ч Улсын Дээд шүүх дээр уг асуудлыг эцэслэн шийдэх хүртэл намын даргын асуудал тодорхой бус хэвээр үлдэж байгаа юм. Энэ бүгдээс дүгнэхэд УИХ-д суудалтай улстөрийн гурван хүчин өнөө жил намын даргаа сольсон дүр зураг харагдаж байна.
СОНДГОЙ ҮГ
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж:
-2011 онд НҮБ-ын Байгаль орчны шагналаар намайг шагнаж байсан. Дэлхийн агаарын бохирдлын асуудлаар хамгийн их санаачилга гаргасан Ерөнхийлөгч гэж.
2017.01.11
УИХ-ын гишүүн Д.Гантулга:
-Би дотуур хувцсаа өмсөөд гарсан.
2017.07.06
Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц:
-Би цааш нь ярих уу, яах вэ. Гишүүдийг зөвшөөрвөл би хуулийн хүрээнд товчхон хариулъя.
2017.11.15
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд:
-Хоригоо харлаа. Улсын гэдэг үгийг нэгдсэн гэж андуурсан байна. Хоёрдугаар хуудсан дээр 2.5 гэхийг 5.2 гэж хооронд нь сольсон хоёр алдаа байна. Тэр алдааг гишүүд та нар засаад уншаад явчихаарай гэж хүсч байна.
2017.12.08
УИХ-ын гишүүн Б.Наранхүү:
-Б.Хурц миний найз байгаа юм. Сайн залуу ш дээ. Түүнийг дэмжих хэрэгтэй.
2017.12.15
СОДОН ҮЙЛДЭЛ
Хориг үнэгүйдэв
Ерөнхийлөгч Х.Баттулга сонгогдсоноосоо хойш гурван удаа хориг тавив. 2017 оны төсвийн тодотголд, Засгийн газрын гишүүнд хэсэгчлэн, 2018 оны төсөвт тавьсан хоригуудыг УИХ хүлээж авсангүй. Хуулийн тайлбар гэхээсээ илүүтэй хэвлэлээр гарч байсан баримт нотолгоогүй зүйлсийг эш болгосноороо хоригийг үнэгүйдүүлсэн гэдгийг судлаачид хэлж байна.
ХАНДИВ
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан 100 сая төгрөг хандивлалаа
Улс орны эдийн засаг хүндхэн байсантай холбогдуулан оны эхээр гавьяат эдийн засагч Б.Осоргарав тэргүүтэй хэсэг хүн улсдаа хандив өгөх уриалга гаргаж байв. Тус хөдөлгөөнийг дэмжиж буйгаа илэрхийлж Б.Дэлгэрсайхан Төрийн санд 100 сая төгрөг хандивлав.
ЯЛАЛТ
УИХ-ын гишүүний бүрэн эрхийн тухай хуулийн заалтыг хүчингүй болгов
Хуульч Э.Хашчулуун, Б.Мэргэн, М.Ариунболд нарын мэдээллийн дагуу Үндсэн хуулийн Цэц Их суудлаар хуралдаж “УИХ-ын гишүүнийг гэмт хэрэг үйлдэхэд газар дээр нь нотлох баримттай барьснаас бусад тохиолдолд шалгах эрхгүй” хэмээн УИХ-ын тухай хуульд заасныг хүчингүй болгосон юм.
ЗӨРЧИЛ
Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц:
-Ц.Нямдорж гуай С.Зоригийн хэргийг дандаа цагдаагаас салгаж ирсэн байдаг. Ажлын хэсгийг үймүүлдэг, ажил явуулахгүй байх талаас ямар санаа зорилготойг нь мэдэхгүй нөлөөлдөг. Ц.Нямдорж гуай сайд болохоороо дандаа Тагнуулын байгууллагаар оролддог. Өөрөө биш ч гэсэн хэн нэгэн гишүүнээр хууль санаачлуулна, өргөн барина. Тэгээд тагнуулын байгууллагын эрх мэдэл бүх юм руу халддаг. Ц.Нямдорж С.Зоригийн хэрэг, “Эрдэнэт” гэж хоёрхон юм ярьж байгаа.
2017.10.26 ТЕГ-ын байр
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж:
-Би УИХ дээр нам дамжсан бүлэглэлүүд дэх хууль, хяналтынхныг цэвэрлэнэ гээд байр сууриа хэлчихсэн шүү дээ. Тэр бүлэглэлийн гол зохион байгуулагч нь Б.Хурц л даа. Тиймээс солигдохоо мэдэрчихээд хэвлэлийн хурал хийж байгаа юм байлгүй. “Эрдэнэт”-ийн 49 хувийн ажиллагаанд тагнуулын Б.Хурц оролцсон. Энэ чинь Худалдаа хөгжлийн банкны Д.Эрдэнэбилэг гэдэг хүний хуурай дүү. Тэгээд Эрдэнэтийн асуудлаар шийдвэр гаргахаас өрсөж мэдэгдэл хийж байна. С.Зориг агсны амь насаа алдсан хэргийн Ажлын хэсгийг би ерөөсөө солиогүй. Одоо бол би цагдаагийн байгууллагаас төлөөлж орсон хүмүүсийг солиулна. Үүнийг бол хийнэ шүү. Захиалагчийг нь олоогүй байж захиалгаар алсан гэж хүн шийтгэнэ гэж юу байдаг юм бэ.
2017.10.26 Төрийн ордон
СОНГУУЛЬ
Ганц суудалтай МАХН сонгуулийг анх удаа хоёр шаттай болгов
Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас М.Энхболд, АН-аас Х.Батулга, МАХН-аас С.Ганбаатар нар өрсөлдсөн. Сонгуулийн санал хураалтаар АН-аас дэр дэвшигч Х.Баттулга бусад нэр дэвшигчээс хамгийн их санал авсан ч 50 хувьд хүрээгүй учир дахин санал хураалт явуулах нөхцөл үүссэн. Энэ нь Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр гарч буй анхны тохиолдол байлаа. Өөрөөр хэлбэл, ганцхан суудалтай МАХН сонгуулийг хоёр шатлалтай болгосон юм.
100 мянга орчим цагаан сонголт
Ерөнхийлөгчийн сонгуулиар МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар хамгийн бага санал авснаар хоёр дахь шатанд өрсөлдөх эрхгүй болсон. Гэсэн ч түүний төлөө өгсөн иргэдийн санал 400 мянга гаруй байсан нь сонгуулийг хоёр шаттай болоход нөлөөлсөн юм. Сонгуулийн хоёр дахь санал хураалтаар түүнийг дэмжигчдээс хоёр нэр дэвшигчийн хэнийг ч дэмжихгүй хэмээн 100 мянга орчим нь “цагаан сонголт” хийн намуудаас хариуцлага нэхсэн нь Монголын улс төрийн нэгэн шинэ өнгө төрх байлаа.
ХУУЛЬ, ЭРХЗҮЙ
Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцлээ
УИХ-ын Тамгын газраас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар улс даяар өнгөрсөн зун хэлэлцүүлэг зохион байгуулсан. Үүний тайланг энэ сарын 13-нд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд хүлээлгэж өгөв. Улс, орон нутгийн хэмжээнд зохион байгуулсан хэлэлцүүлгээр нийт 327375 саналын хуудсаар санал авсан бөгөөд аймгуудаас 143894, нийслэлээс 116527, “Монголшуудан” ХХК-иар 63638, хөдөлгөөнт төхөөрөмжид суурилсан программ хангамжаар 3191, цахим хуудсаар 125 саналын хуудас хүлээн авч цахим мэдээлэлд оруулсан байна.
С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн материалыг нууцаас гаргав
С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг хэсэгчлэн төрийн нууцын зэрэглэлээс гаргахыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн талаар УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж энэ сарын 1-ний өдөр мэдээлсэн юм. Тэрбээр хавтаст хэргийн зарим хэсгийг нууцаас гаргаснаар ял шийтгүүлсэн гурван хүний хэрэг дахин сөхөгдөх эсэх талаар асуултад ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “Шүүхийн журмаар явна. Ер нь бол тийм бололцоо бий. Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хурал таван шүүгчийн бүрэлдэхүүнтэй байдаг. Энэ бүрэлдэхүүн буруу шийдвэр гаргавал Ерөнхий шүүгч эсэргүүцэл бичиж, шүүгч нарын хуралдаанаар орох хуулийн гарц байдаг. Харамсалтай нь энэ хэрэг дээр Ерөнхий шүүгч нь бүрэлдэхүүнээ даргалчихсан учир энэ боломж их хязгаарлагдмал боллоо” хэмээн хариулж байв.
Үндэсний шуудан сонин
h · 2017/12/31
Ene 2darga garch ireed yu zasrav.yum zasrahiig l hulehed l tevcheer bargdaj ehleh vii dee ard tumnii.zaschmaar zadchmaar yumnuud bgsd l bn shuu.
Хүрэлсүх гарч ирээд их зүйл хийнэ гэсэн хүлээлт байсан · 2017/12/30
Юуны өмнө МАН, АН ын угшилтай авлигачдыг төрийн албанаас зайлуулах ажил их удааширалтай байна. ХУУЛийнхан / цаашаа ярих уу? хэмээн хурцдаж болохгүй/, -д шинэчлэл өгүүлэгдэж байна. ИРГЭД Ерөнхий сайдаасаа их зүйл хүсэж байгаа. ТӨРөө хурдан цэвэрлэх ёстойсон