Төрийн тэргүүн Х.Баттулга утааны зовлонгоор бизнес хийдэг маш том бүлэглэлийг шалгаж, мөнгийг нь төлүүлэх ёстой хэмээн мэдэгдлээ. Браво. Алга хавсран баяр хүргэх ч багадна. Утаа гамшгийн хэмжээнд хүрч, иргэд хордож байгаа нь туйлын үнэн. Шууд үхлийн тунгаар хооллохгүй ч хордлогын хэмжээнд хүрч, аюулын харанга дэлдэж эхэлснийг эмч нар хэлж байна.

Ханиад, томуу газар авч олноороо өвдөж байна гэж байгаа ч үнэн хэрэгтээ шинж тэмдэг нь өөр байгааг мэргэжилтнүүд сануулах болов. Иймээс гамшгийг даван туулахын хажуугаар бизнес хийж хөлжигчдийг хашраах бодлого зайлшгүй чухал.

Гэвч Төрийн тэргүүний энэ үйлдэл нэг сумаар хоёр туулай буудна гэгчийн үлгэрийг өөрийн эрхгүй сануулна. Олны анхаарлын төвд байгаа сэдвийг барьж, шоудах сонирхол албан тушаалтнуудын имиж бүрдүүлэлтийн нэгээхэн хэв маяг байсаар өнөөг хүрсэн. Энэ уламжлалыг Х.Баттулга хэмээх хувь улстөрч хэзээний чадмаг, дадмаг ашигласаар ирлээ. Магадгүй энэ өнгө төрх түүний имиж ч болж үлдэх биз.

Нөгөөтэйгүүр, дайснаа намнах дархан мэх ч байж мэднэ. Тавантолгойгоос үүдэлтэй Х.Баттулга MCS-тэй дайн зарлаж, өстөн дайсан болсныг нь түмэн мэднэ. Монголд MCS гэж амттай, шимтэй бүхэнд хошуугаа дүрсэн бүлэглэл бий. Төрийн тэргүүний мэдэлд байдаг телевиз тухайн үед тус группийн талаар нэвтрүүлэг хийж, “Маш том бүлэглэл” хэмээн тодотгож байв. Хаана л баялаг арвин орд газар байна, тэнд MCS. Ашиг сонирхол бүхий хуулийн төслийн ард хэн байна вэ, бас л MCS. Ер нь энэ бүлэглэлд савраа дүрээгүй салбар бий юү гэж асуухад хүргэсэн гэдэг. Энэ том бүлэглэлтэй дайн зарласан Х.Баттулгын үйлдэл тухайн үедээ Засгийн газрыг ганхуулж байлаа.

Эцэстээ тэдний хэрүүл хэвлэлийн хуудсыг чимэх болов. Зах зухаас нь эргэн саная. Х.Баттулга “Ихэнх сайд энэ компанид хувьцаа эзэмшиж байна. Бүгдийнх нь хөрөнгө орлогын мэдүүлэг дээр байж л байгаа.

Л.Энх-Амгалан: “М-Си-Эс” компанид өнөөдрийн Засгийн газрын гишүүдээс нэг ч гишүүн хувьцаа эзэмшдэггүй гэдгийг би албан ёсоор, хариуцлагатайгаар хэлэх байна.
Х.Баттулга: Эрчим хүчний сайд Д.Зоригт байна. Сайд нарын бараг тал нь “MCS”-ийн барьсан байшинд гүйгээд орчихсон. Ц.Нямдорж сайд өнөөдөр түрээсийн байранд байсан гэдгээ болиод зөвхөн урсгал зардлыг нь төлөөд суудаг нь 400 мянган төгрөг болж байгаа. Энэ чинь авлига. Ёстой гардуулах гэдэг юм болсон.

Л.Энх-Амгалан: Байр худалдаж авсан хүмүүс нь бизнесмэн байна уу, улстөрч байна уу, хэний гэр бүл, ахдүү, хамаатан садан, найз нөхөд байх нь бидэнд огт падгүй. Улстөрчид байлаа гээд тэдний хэд нь 2008 онд УИХ-ын гишүүн болох, хэд нь Засгийн газрын гишүүн болох нь барилгын компанид хамааралгүй асуудал.

Х.Баттулга: Засгийн газраас АН-ынхан гардаг өдөр ҮЗХ-ны хурал дээр “Энержи Ресурс” 70 жилийн гэрээ байгуулаад ороод ирж байгаа юм. Тэгээд энэ 70 жилийн гэрээг ҮЗХ-ны хурал дээр намайг зарлахад “худлаа ярьж байна” гээд байгаа юм. 70 хувийг хятадууд эзэмшдэг.

Л.Энх-Амгалан: Манай компанийн хувьцааны 70-75 хувийг Баянхонгор аймгийн уугуул хүмүүс эзэмшдэг. Үнэхээр баянхонгорчуудыг хятадууд гэж хэлэх гээгүй бол энэ компанийн хувьцаа эзэмшигчид нь монгол хүмүүс гэдгийг хариуцлагатайгаар хэлэх байна. “M-Си-Эс” компанид гадны тэр тусмаа Хятадын нэг ч хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.

Х.Баттулга: Өнөөдөр “Женко”, “Эм Си Эс” хоёрын байдал огт өөр, харьцуулшгүй асуудал. Сүхбаатарын талбай дээр хэн оффис бариулсан юм. Хүүхдийн парк дээр хэн зочид буудал барьж байгаа юм. Цанын бааз нэрээр дархан цаазтай ууланд 500 га газар хэн авсан бэ. Таван толгойн Ухаа худгийг хэн авсан юм. Ийм нэг л компани байна. Энэ чинь цаана авлига байгаа байхгүй юу.

Л.Энх-Амгалан: Юу ч хийдэггүй хүний юуг нь шүүмжлэх вэ дээ гэж үг байдаг. Манай компани бизнесийн ертөнцөд олон талаараа анхдагч байж, хийсэн бүтээснээрээ олон түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн, улс орны эдийн засагт бодитой хувь нэмэр оруулж яваа компани.
Ийнхүү Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарын хэрүүлтэй адил төрийн нууц руу хүртэл шагайх дөхсөн юм даг. Ерөнхийдөө Х.Баттулга, MCS-тэй зарласан дайн өнгөн дээрээ намжсан харагдахаас үнэндээ эцэс төгсгөлгүй үргэлжилсээр байгаа. Х.Баттулга Тавантолгойгоос гадна, архи тамхины бизнес эрхлэгчдийг УИХ-д нэр дэвшүүлэхгүй гэсэн хуулийн төсөл оруулж ирсэн нь өнөөх бүлэглэлийнхэнд хамаатай гэдгийг хэн хүнгүй ойлгож байв. Зүй нь эл бүлэглэл согтууруулах ундааны бизнест хүртэл хөл гараа дүрчихсэн байдаг тул дээрх хуулийн төслийг зэвсэг болгон ашигласан байж ч мэднэ.
Түүнчлэн 2016 оны сонгуулиар тэд нэг тойрогт өрсөлдсөн нь санаандгүй оноолт биш. Х.Баттулга Баянхонгорт MCS-ийн Л.Элдэв-Очиртой өрсөлдсөн. Хэн хэн нь хөрөнгө мөнгөтэй, бэл бэнчинтэй байсны зэрэгцээ ихээхэн хүч хаясан тул тухайн тойргийн сонгуулийг улстөрчид хүртэл нүд салгалгүй ажиж, чих тавин сонссон гэхэд болно. Сонгуулийн үр дүн Л.Элдэв-Очирын ялалтаар өндөрлөсөн юм. Харин одоо Х.Баттулгын хариу бодох цаг. Сонгогчид түүнд олонхиороо санал өгч Ерөнхийлөгч болгосон. Сонирхолтой нь MCS группийн охин компани MBC нь АПУ-гийн мэдэлд шилжих дуулиантай зэрэгцэн Х.Баттулга Төрийн тэргүүний тамгаа гардсан юм. Түүгээр ч зогсохгүй Монголын шинэ Ерөнхийлөгч тодрох торгон агшинд Хонконгийн хөрөнгийн биржид “Mongolian mining corporation”-ий хувьцааны ханш газардаж, хөрөнгийн биржийн туршлагатай тоглогчид ханшийн савалгаанаас мөнгө хийсэн байдаг.

Өдгөө Х.Баттулга сайдын суудлаас бус Төрийн тэргүүний сэнтийгээс улс төр дэх MCS бүлэглэлийн хүчийг сулруулах тоглолтоо хийх боломж бүрдлээ. Цаг үе нь ч таарав. MCS нийгмийн хариуцлагынхаа хүрээнд зуух нийлүүлсэн гэж рекламдах дуртай. “MCS” групп, барилгын цахилгаан сантехник угсралтын “Хүрд” компанитай хамтран “Илч” утаагүй зуухыг гэр хорооллын иргэдэд 75000 төгрөгийн үнэтэй нийлүүлсэн. Тэд Мянганы сорилтын сангаас 44 сая ам.долларын санхүүжилттэй тендерт ялалт байгуулж, утаагүй зуухыг Канадаас оруулж ирсэн хэмээн рекламдаж байв. Гэвч Канадаас биш Туркээс оруулж ирдэг болсон нь тухайн үед илэрч байлаа. Тэр бүү хэл, тус компанийн нийлүүлсэн зуух дэлбэрч, хүний амь нас эрсэдсэн харамсалтай явдал ч болж байсан.

Үргэлжлэлийг