БНХАУ Замын-Үүдэд 2 га газартай болно
2018/01/05
БНХАУ-ын Консулын газар Замын-Үүд хотноо байгуулагдах аж. Шшнтэй холбоотойгоор БНХАУ-ын талаас 3-4 г газрыг нутгийн захиргаанаас хүссэн бөгөөд хүсэлтийн дагуу 2 га газрыг олгохоор болжээ. Газрыг олгохоос өмнө Газрын тухай хуулийн 16.1.4-т гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газарт олгох газар нь улсын тусгай хэрэгцээний газарт хамаарна гэж, мөн хуулийн 17.1.2, 17.1.3-т Улсын Их Хурал гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газарт олгосон газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, газрын хэмжээ, хил зааг, ашиглах журмыг тогтоох асуудлыг шийдвэрлэхээр заасны дагуу “Газрыг улсын боловсоруулан байнгын хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэн дэмжлэг авсан тохиолдолд өгөх юм.
Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 218 дугаартай ноот бичгээр Ерөнхий консулын газар нээх хүсэлт тавьсныг Гадаад харилцааны яам зохих журмын дагуу Монгол Улсын Засгийн газарт танилцуулан Монгол Улсын нэгдэн орсон “Консулын харилцааны тухай Венийн конвенци”, “Бүгд Найрамдах Монгол Ард Улс /хуучин нэрээр/ болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хоорондын “Консулын гэрээ”-г тус тус үндэслэн 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн К/12-1917 дугаартай ноот бичгээр айлын талд зөвшөөрсөн хариу өгснөөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсын Дорноговь аймгийн Замын-Үүд суманд суух Ерөнхий консулын газар нээх асуудал шийдвэрлэгдсэн байна.
Уг шийдвэрийн дагуу Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсын Дорноговь аймгийн Замын-Үүд суманд суугаа Ерөнхий консулын газрын барилга байгууламжийг барихад зориулан 3-4 га газар авах хүсэлтийг айлын талаас гаргасныг Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газарт уламжлан улмаар холбогдох байгууллагуудтай зөвшилцсөний үндсэн дээр Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсын Замын-Үүд суманд суугаа Ерөнхий консулын газрын хэрэгцээнд зориулан нийт 2 га газрыг олгохоор шийдвэрлэжээ.
Уг газрыг олгохын тулд тухайн газрын улсын тусгай хэрэгцээнд авдаг. Үүний тулд УИХ-ас тогтоолын төсөл боловсоруулан байнгын хороо болон чуулганаар хэлэлцдэг. Тиймээс уг асуудлыг хэлэлцүүлэхээр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өчигдөр УИХ-ын даргад өргөн барьсан. Уг тогтоолын төсөл батлагдах нь тодорхой болсон.
Улсын Их Хурлаас уг тогтоолын төслийг баталсны дараа Монгол Улсын Засгийн газар Газрын тухай хууль тогтоомжид заасан гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газартай харилцан адил байх зарчмыг баримтлан Монгол Улсын Дорноговь аймгийн Замын-Үүд суманд суугаа Ерөнхий консулын газартай газар ашиглуулах гэрээг байгуулж, холбогдох арга хэмжээг авч ажиллах гэнэ.
Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хөх хотод суугаа Ерөнхий консулын газрын Эрээн хот дахь салбарт Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад явдлын яам хоорондын 1996 онд хийсэн тохиролцоо, Монгол Улсын нэгдэн орсон “Консулын харилцааны тухай Венийн конвенци” болон хоёр талын хооронд 2002 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан хэлэлцээрийн дагуу консулын барилга барих зориулалтаар 1200 м.кв газрыг олгосон байдаг. Дээрх хэлэлцээрийн дагуу уг газар нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсад хамаарч Монгол Улс 70 жилийн хугацаатай ашиглах эрхтэй, газар дээрх барилга байгууламжийн өмчлөх эрх нь Монголын талд байна гэсэн заалттай байдаг аж.
Монгол Улсын Их Хурлын 2009 оны 37, 2013 оны 52, 2015 оны 90 дүгээр тогтоолуудаар АНУ, БНХАУ, БНСУ, БНКазУ, БНАЛАУ, БНТУ, БНЭУ, ХБНГУ, БНФУ, Япон зэрэг нийт 14 улсын Элчин сайдын яам, НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газар, Европын холбооны Төлөөлөгчийн газар зэрэг олон улсын байгууллагуудын газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан байдаг юм байна.
зочин · 2018/01/05
Эрх баригчидаа ямар нэг байдлаар Эх орныхоо Газар шорооноос Гаднынханд өгөөд л бай аан Ард иргэд Та нараас нэг л өдөр Ял асуух өдөр ирнэ дээ