Энэ онд манай улс 3.5 их наяд төгрөгийн өр барагдуулах ёстой
2018/01/05
Монгол Улсын Засгийн газар “Чингис” бондын 500 сая ам.долларын өрийг 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр буюу эргэн төлөгдөх хугацаанд нь барагдууллаа. Энэ нь олон улсын хөрөнгө оруулагчид болон гадаад зах зээлд хүлээсэн үүргээ биелүүлж чадаж байгаагийн илрэл гэж Сангийн яам үзэж байна.
2012 онд тухайн үеийн Засгийн газар энэ онд 500 сая, 2022 онд нэг тэрбум ам.доллар төлөх нөхцөлтэйгөөр 1.5 тэрбум ам.долларын бондыг олон улсын зах зээлд арилжаалсан юм.
500 сая ам.долларын өр барагдуулах гүйлгээг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх баталгаажууллаа. Тэрээр энэ Засгийн газар эдийн засгийн уналтыг зогсоох, тогтворжуулах, тулгамдаж байгаа өр төлбөрийг барагдуулахыг зорьж ажилласан гэдгийг тэмдэглэлээ. “Монгол Улс дампуурлаа зарлах эсэх гэсэн эгзэгтэй үед Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдсан нь зөв байсан нь өнөөдөр батлагдаж байна” гэв. Мөн “Тухайн үед ямар ч тооцоо, судалгаагүйгээр “Чингис” бонд гарган их хэмжээний өр төлбөрт унагасан хүмүүс эдийн засаг муудлаа гэж бусдыг шүүмжлэх хэрэггүй. Цаашид Хөгжлийн банкнаас зээл авсан, улсын хөрөнгийг зувчуулсан, хулгайлсан этгээдүүдээс авсныг нь буцаан төлүүлнэ” гэлээ.
Энэ онд манай улс 3.5 их наяд төгрөгийн өр барагдуулах ёстой