Монголчууд яагаад хүчирхэг хоолойтой байдаг вэ
2018/01/06
Яагаад олон монгол залуу олон улсын дуулаачийн томоохон тэмцээнүүдэд дээгүүр байр эзэлдэг вэ. Үүний учрыг олохын тулд Их Британийн “Theguardian” сонины сэтгүүлч Кейт Моллсон өнгөрсөн зун Монголд ирж, “Чингис хаан” одонт, гавьяат жүжигчин Г.Ариунбаатартай уулзжээ. Түүний “Theguardian” сонинд нийтэлсэн нийтлэлийг хөрвүүлэн хүргэж байна.
“BBC” агентлагаас уламжлал болгон зохион байгуулдаг, дэлхийд чансаа өндөртэй “BBC Cardiff Singer of the World” тэмцээнд Г.Ариунбаатар шилдэг таван дуучны нэгд багтсан. Тэрбээр OXУ-д болсон олон улсын дуурийн дуулаачдын наадмын тэргүүн байр эзэлж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргасан юм. Хуучин ЗХУ-ын ардын жүжигчин, дэлхийн нэрт дуучин Муслим Магомаевын нэрэмжит олон улсын дуурийн дуучдын уралдаанд амжилттай оролцож 1600 гаруй дуучдаас шалгарч гранпри шагналын эзэн болсон билээ. Г.Ариунбаатар бусад монгол хүүхдийн адил малчин гэр бүлд мал хариулж өссөн.
Тэрбээр Улаанбаатар хотод оюутан болж ирээд хоёрдугаар курсын оюутан байхдаа сургалтын төлбөрөө төлж чадаагүйн улмаас таксины жолооч болсон бөгөөд энэ үедээ цагдаагийн ахмадтай танилцаж, тун удалгүй цагдаагийн чуулгад оржээ. Ингээд сургуульдаа дахин суралцаж, Монгол Улсын Соёл урлагийн их сургуулийг дуурийн дуулаач мэргэжлээр 2009 онд төгссөн гэдэг. ОХУ, БНХАУ гэх хоёр их гүрний дунд орших гуравхан сая хүн амтай Монгол Улсын талаар уншиж, сонсож байснаас бус өмнө нь очиж байгаагүй билээ. Миний уншсан бүхэн Монголын тал нутаг, ахуй амьдралын талаар байснаас бус яагаад тус улсаас ийн хүчирхэг хоолойтнууд төрдөг талаар юу ч байсангүй. Ариунбаатар хамгийн анх 2015 онд ОХУ-ын Чайковскийн нэрэмжит олон улсын дуулаачдын тэргүүн байрын шагнал хүртсэн. Дуурийн дуучин болно гэдэг амаргүй. Маш олон жилийн нөр их хөдөлмөр шаарддаг. Харин монголчууд маш богино хугацаанд мэргэжлийн дуучдын төвшинд хүрч чаддаг, гайхалтай авьяастай ард түмэн. Би Улаанбаатар хотоос 1000 гаруй км-ын зайд аялж, говь цөлөөр дамжин Ховд аймаг ирсэн юм. Энэ хугацаандаа айраг, хонины тарган махаар хүнс хийж явсан. Миний явсан газар бүрт тааралдсан хүн бүр уламжлалт дуу болох уртын дуугаа үнэхээр сайхан дуулна. Тэднийг дуулж эхлэх үед тэдний гаргаж буй авиа яг салхи шиг, цасан шуурга шиг эсвэл бүргэдийн далавч агаар зүсч буй мэт. Энэ нутагт ирээд энэ л аялгууг сонсоод Ариунбаатар тэргүүтэй монгол дуучдын байгалийн, төрөлхийн дуу хоолойг үгүйсгэхийн аргагүй юм гэдгийг би сайн ойлгосон. Монголчууд бол төрөлхийн дуучин ард түмэн. Тэд ийн хүчирхэг хоолойтой төрдгийн нууц нь ердөө л тэдний амьдарч буй газар нутаг, байгаль дэлхий, амьсгалж буй агаар, хэрэглэж буй хүнс, үүх түүхтэй холбоотой ажээ. Ариунбаатар зөвхөн Монголдоо л амьдарна гэдгээ уулзалтын үеэр онцолж байсан юм. Учир нь түүний эх орон түүнд дуулах урам зориг өгдөг аж. Хэдийгээр бид XXI зуунд амьдарч буй ч Ариунбаатарын гэр бүл Монголын тал нутагтаа мал сүргээ хариулан амьдарсаар байна.