ЗАРЛАЛ: Улс төрийн нам зарна
2018/01/10
Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн намын тоо 27-д хүрэв. Хоёроос бусад нь хэнд ч хүртээлгүй шахам сонгуулийн тогтолцоотой энэ улс энэ янзаараа хорин хэдэн жил богж байхад шантрахгүйгээр шинэ нам байгуулсаар байгаа Та бүхний чин зоригт юуны өмнө талархъя.
Засгийн эрхийг авах эцсийн зорилготой боловч энэхүү улс төрийн байгууллага зах дээр зарагдах учиртай бараа. бүтээгдэхүүнтэй ердийн утгаараа яг адилхан юм. Нийгэм, нийт масст таалагдаж байж зарагдана. Тэдний халааснаас саналыг нь сугалахын тулд тэднии олонход ойлгогдохуйц баймааж нь амжилттай зарагдаж, засгийн эрх авах зорилгодоо хүрнэ гэсэн үг. Тэгвэл ямар бараа амжилттай зарагддаг вэ? Зах зээлдээ таарсан бараа л сайн худалдаалагддаг зарчим улс төрийн намд нэг ижил үйлчилнэ.
ХОЁР НАМЫН НЭР ХҮНД ХӨЛӨН ДОР УНАВ
Засгийн эрх авах зорилгодоо хүрээгүй, нэг үгээр бол зарагдаж чадаагүй л бол тухайн нам мянган сайхан бодлого, хөтөлбөртэй байгаад тэр нь хэнд ч хүртээлгүй. Тэгэхээр эхлээд зарагдах ёстой, зах зээлдээ яг таарсан байх ёстой, түүний дараа л мэргэн цэцэн бодлогоо ярья гэдэг харанхуй хар стратеги нь хорин хэдэн жилийн хугацаанд хоёр том намыг сульдааж дуусаж байгааг бид харж байна.
Дөрвөн жилд нэг удаа болдог “дуудлага худалдаа”-гаар улс төрийн намууд сонгогчдын халааснаас саналыг нь сугалахын тулд сэтгэл хөдлөлийг ашиглах нь хаана ч байдаг тактик. Яагаад гэвэл сонгогчдын олонх нь логикоор биш сэтгэл хөдлөлөөр шийдвэрээ гаргадгийг судалгаа болон практикаар нэгэнт тогтоожээ. Энэ дунд сэтгэл хөөрлөө дагаж биш логикийг хөөж шийдвэр гаргадаг нийгмийн цөөнх бий ч цөөнх дээр биш олонх дээр ажилласан “наймаачин" л ашиг хийнэ.
Яг энэ зарчим улс төрийн намуудын стратегийг хөтөлсөөр яваад өнөөх барууны, зүүний үзэл баримтлал бүхий хоёр том сэтгэгч хүчин маань ердийн народтайгаа яг адилхан болтлоо оюун санааны хувьд шалан дээр бууж ирлээ. Хариу шанд нь тэд санал сайн авч, амжилттай борлогдож байна. Харин үүнийх нь төлбөрт улс орон хөгжлийн бодлогыг хөтлөх оюун ухаан бүхий улс төрийн хүчингүй болов.
Юун түрүүнд хоёр нам эрүүл саруул логикоор шийдвэр гаргаж амьдардаг нийгмийн цөөнхийнхөө эсэргүүцэлтэй тулгарсныг өнгөрсөн удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын цагаан хуудасны тооноос харж болно. Гэвч тэд нийгмийн цөөнхийн захиалга дээр хэзээ ч ажиллахгүй, яагаад гэвэл эцсийн зорилгод нь ямар ч ашиггүй тусах учраас. Тэгээд “ооркжсон” олонхдоо тааруулж байж улс төрийн тавцан дээр оршин тогтнох амьдралын төлөөх зөн совиндоо хөтлөгдсөөр байх юм бол улс оронтойгоо хамт дампуурч таарах уу?!
Аль ч улс төрийн нам дотор үүнийг ойлгож мэдэрсэн цөөнх бас байдаг. Тэднийгээ сэхээлэг, дэвшилтэт гэж өргөмжлөх хэр нь цагаа тулахаар тэднийгээ нам доторх олонх нь яаж дэвжээнээс түрэн гаргадгийг сүүлийн хоёр жилийн хугацаанд явагдсан АН-ын даргын сунгаа, Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх сунгаа яруу тодоор харуулсан юм.
Үр дагаварт нь гэвэл, тэнд Р.Амаржаргал гуай хэн ч уншихгүй хэдэн өгүүлэл нийтэлдэг эрдэм шинжилгээний сэтгүүл гаргаж, энд Л.Болд гишүүн чуулганы танхимд популизм хийдэг ажилтай болов. Цөөнхийн захиалга ийм л байдаг. ТҮЦ-нд Zeg-naгийн хослол зарагдахгүйтэй яг адилхан.
ГУРАВДАГЧ ХҮЧИН ИЛҮҮ ДЭЭР БАЙЖ ЧАДАХ УУ?
Нийгмийн шинжээчдийн дүн шинжилгээнд үндэслэсэн таамаглалаар бол хоёр нам цаашаа явах хөгжлийн чиг бүрхэг харагдаж байгаа ч шинэ гуравдагч хүчин тэдгээрээс илүү дээр байх найдвар бас бага. Яагаад гэвэл тэрхүү гуравдагчийг худалдан авах зах зээл өнөөдрийнхөөс өөрчлөгдөхгүй учраас тэр юм. Тиймд тэрхүү массын захиалгад нийцэж байж шинэ хүчин “эдийн засгийн эргэлт’’-д орох боломжтой.
Популизм хийнэ, сэтгэл хөөрөл үүсгэнэ. Түүний дараа зүсээ хувилгаад бодлого ярина гэвэл үлгэр, яагаад гэвэл тэр хүртлээ өнөөх дүрдээ өөрсдөө ч итгэсэн байх болно. Улс төрийн манантсан хоёр намын дундуур орж сонгогчдын саналыг авч гарч ирсэн сүүлийн үеийн амжилттай жишээ болох С.Ганбаатар, С.Жавхлан нар шинэ гуравдагч хүчний ирээдүйг харуулж байгаа толь юм.
Нийгмийн сүлжээнд оорк хэмээгдэх олонхын үл бүтэх үзэл санааг учирлан ойлгуулах гэж оролддог харьцангуй сэхээлэг хэсэг бий. Тэдний логик гаргалгаа, оношилгоог дэмждэг дундаж давхарга тийм ч нимгэн биш. Улс төрийн намуудын дампуурал, засаглалыг шүүмжлэгчид өнөөдрийн нөхцөл байдлыг өөрчлөхүйц уураг тархи бүхий улс төрийн шинэ хүчин захиалж байна.
Тэдэнд таалагдахуйц үзэл санаа бүхий залуус нийлээд шинэ нам байгуулж болно, энэ тийм ч хэцүү биш. Тэгээд Улсын Дээд шүүхийн бүртгэлд бүртгэгдэнэ. Хэзээ ч эргэлтэд ордоггүй хорь гаруй намын хувь заяа дахиад давтагдана. Хэдэн сайн хүн нийлэх амархан. Харин дараа нь массын санал дээр ажиллах, зах дээр зарагдах нь хамаг сайхан мөрөөдлийг үгүй хийнэ гэдгийг ХҮН намын оролдлого харуулсныг санаарай.
Шилжилтийн нийгмийн хар бараан үед өсөж, 10 дугаар ангиа төгсөөд зах руу, дөрөвдүгээр ангийг дөнгөж дүүргээд мал руу гарсан, хотод орж ирээд хоёроос хорин жил болж байгаа нөхдүүд /хүн амын 70 гаруй хувь нь хот сууринд амьдарч байгаагийн дийлэнх нь шилжин ирэгсэд/ өнөөдөр ямар ч салбарт хамгийн “потенциальны” худалдан авагчид! Тэдэнтэй эхлээд нэг хэл дээр ярьж байж намаа зарна, зарж чадвал дараа нь бодлого ярина!
Лидер нь мөн адил тэдний нэг айх ёстой ч байж магадгүй. Ийм л босго шинэ гуравдагч хүчнийг хүлээж байгаа. Засгийн эрх авах эцсийн зорилгод хүрэх үйл явц зах дээр бараа зарахтай л адилхан. Худалдан авалт хаана өндөр байна тэнд таарсан бүтээгдэхүүн л санал болгоно. Зарчим ийм.
1992 оны сонгуульд МАХН ялалт байгуулж, УИХ-д 70 суудлыг авчээ. 1996 онд Монголын Ардчилсан Холбоо, ардчилсан намуудын эвсэл тус улсын эдийн засаг ба улс төрд шинэчлэлт, өөрчлөлтийг гүйцэтгэх шинэ хөтөлбөр боловсруулж оролцсоны дүнд сонгуульд онцгой ялалт байгуулсан. Энэ санал хураалтаар Улсын Их Хурлын 76 суудлын 50-ийг нь Ардчилсан Холбоо эвсэл, 25 суудлыг МАХН авсан байна. 2000 оны сонгуулиар МАХН 72, бусад нам эвсэл (АН, МАШСН, МИЗН) 4 суудал авсан юм. Харин 2004 оны сонгуулиар МАХН 38, Эх Орон-Ардчилал эвсэл 34, МБНН 1, бие даагчид 3 суудал авсан байна.
2008 оны парламентын сонгуульд МАХН ялалт байгуулсан ч ард түмэн сонгуулийг шударга бус явагдсан хэмээн үзэж, эсэргүүцлийн жагсаал хийсэн нь сүүлдээ үймээн самуун болж хувирсан. Улс оронд үүссэн нөхцөл байдлын улмаас МАХН ба АН эвсэхээр шийдвэрлэж хамтарсан Засгийн газар байгуулжээ. 2010 оны 10 сард МАХН нь нэрээ сольж МАН /Монгол Ардын Нам/ болсон бөгөөд Монгол Улсын 3 дахь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр шинээр нам байгуулж түүнийгээ МАХН хэмээн нэрлэжээ.
2012 оны Улсын Их Хурлын сонгууль анх удаа холимог тогтолцоогоор явагдаж, аль ч нам олонх болж чадаагүй бөгөөд хамгийн олон суудал авсан Ардчилсан Нам Шударга ёс эвсэл, ИЗНН-тай хамтран эвслийн Засгийн газар байгуулан ажиллаж байв. 2016 оны Улсын Их Хурлын сонгууль дахин мажоритар системээр явагдахад Монгол Ардын Нам 65 суудал авч, үнэмлэхүй олонх болсноор өөрийн засгийн газраа байгуулан ажиллаж байна.
1.Монгол Ардын нам /МАН/
2.Ардчилсан нам /АН/
3.Монголын Ногоон нам /МНН/
4.Иргэний зориг ногоон нам /ИЗНН/
5.Монголын Уламжлалын Нэгдсэн нам /МУНН/
6.Монгол Либерал Ардчилсан нам /МЛАН/
7.Эх Орон нам
8.Монголын Либерал нам /МЛН/
9.Бүгд найрамдах нам /БНН/
10.Монголын Эмэгтэйчүудийн Үндэсний Нам/МЭҮН/
11.Монголын Социал Демократ Нам
12.Ард Түмний Нам /АТН/
13.Монгол Үндэсний Ардчилсан Нам / МҮАН/
14.Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам
15.Иргэний Хөдөлгөөний Нам /ИХН/
16.Хөгжлийн Хөтөлбөрийн Нам
17.Монголын Ардчилсан Хөдөлгөөний Нам
18.Монгол Ардын Хувьсгалт нам /МАХН/
19.Хамуг Монголын Хөдөлмөрийн нам / ХМХН/
20.Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/
21.Эх орончдын нэгдсэн нам /ЭОНН/
22.Монгол Консерватив нам
23.Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам /ТТЭНН/
24.Ард түмнээ хайрлая нам /АТХН/
25.Монголын Хүний төлөө нам
26.Үнэн ба Зөв нам
27.Зон олны нам /ЗОН/
З.Боргилмаа
Эх сурвалж: "Өглөөний сонин"
хөөэ · 2018/01/10
лизингээр авя.