Дулаан цахилгааны төвийн цахилгааны тарифаа боловсрууллаа
2018/01/11
Эрдэнэт үйлдвэрийн Дулаан цахилгааны төвийн өргөтгөлийн төслийн ажлын хүрээнд суурилуулсан дөрвөн ширхэг турбингенераторын 72 цагийн туршилтын ажил амжилттай хийгдэж, улсын комисс хүлээн авсан. Одоогоор тус хамт цахилгаан эрчим хүчний тарифаа боловсруулж батлуулахаар ажиллаж байна.
Эрчим хүчний салбарын шилдэг бүтээн байгуулалт болсон Эрдэнэт үйлдвэрийн дулаан цахилгааны төвийн өргөтгөлийн ажилд эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар томилогдсон 22 хүний бүрэлдэхүүнтэй Техникийн комисс оны төгсгөлд ажилласан. Тус комиссын зүгээс Дулаан цахилгааны төвийн өргөтгөлийн ажил дуусч, улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болсон тухай дүгнэлт гаргаснаар улсын комисс шалгаж, хүлээн авсан. Мөн турбингенераторууд болон бусад тоног төхөөрөмжийн угсралт, туршилтын ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэснийг үнэлсэн юм. Эрдэнэт үйлдвэрийн Дулаан цахилгааны төвд 48 Мегаваттын хүчин чадал бүхий 4 ширхэг турбингенераторыг суурилуулах өргөтгөлийн ажлын үр дүн буюу тарифийн үнэлгээний асуудлыг энэ 7 хоногт шийдвэрлэх юм. Эрдэнэт үйлдвэрийн Дулаан цахилгааны төвийн өргөтгөлийн төслийн багаас 1кв цаг эрчим хүчийг 170 төгрөгөөр борлуулах тооцоог эрчим хүчний зохицуулах хороонд хүргүүлээд байна. Үүнээс бага дүнгээр тарифийн үнэлгээг тооцвол өргөтгөлийн ажилд зарцуулсан төсвөө төлөвлөсөн хугацаанд бүрдүүлж чадахгүйд хүрэх юм.
Эрдэнэт үйлдвэр нь өөрийн эх үүсвэр болох Дулаан цахилгаан төвөөс цахилгаан эрчим хүчээр хангагдсанаар Эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс худалдаж авах цахилгаан эрчим хүчний хэмжээг бууруулж өртөг,зардлаа хэмнэх боломжтой болж байна. Тус төслийг хэрэгжүүлснээр эдийн засгийн үр ашгийг тооцож үзвэл цахилгаан эрчим хүчний зардлыг 18,1 тэрбум төгрөгөөр хэмнэж, цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлээс 18,361 тэрбум төгрөгийн орлогыг шинээр бий болгох буюу нийтдээ 36,5 тэрбум төгрөгийн ашгийг жилийн хугацаанд олох төлөвлөгөөг гаргажээ.