Чөлөөт бөхийн УАШТ-ий аваргууд тодорлоо
2018/01/15
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Эрдэнэт хотноо амжилттайзохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэ удаагийн УАШТ Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн ойн нэрэмжит болж буйгаараа онцлогболлоо.Энэ удаагийн УАШТ-д 25 байгууллагын 300 гаруй тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр 10 жинд өрсөлдлөө.
Чөлөөт бөхийн 2018 оны насанд хүрэгчдийн УАШТ-ий эхний өдөр эрэгтэйчүүдийн 61, 70, 79, 92кг, эмэгтэйчүүдийн 55, 59, 65 кг-ын жингийн барилдаан боллоо. ОУХМ Д.Гомбодорж долоо, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг зургаа, гавьяат тамирчин Э.Бэхбаяр тав, ОУХМ Б.Шоовдор, Э.Даваачимэг дөрөв, ОУХМ Л.Төртогтох, спортын мастер Б.Бямбадорж нар анх удаа улсын аварга болцгоов. Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг (59, 63, 65 кг), ОУХМ Д.Гомбодорж (66, 74, 79 кг) нар гурван өөр жинд улсын аваргын алдрыг хүртсэн юм. Түүнчлэн УАШТ-ий 2 дахь өдөр эрэгтэйчүүдийн 57, 74, 97, эмэгтэйчүүдийн 50, 57, 68, 72 кг-ын жингийн барилдаан боллоо. ДАШТ-ий хошой хүрэл медальт, “Гуанжоу-2010” Азийн наадмын аварга, гавьяат тамирчин Г.Мандахнаран 74 кг-ын жинд УАШТ-д долоо дахь түрүүгээ хүртэж, дэлхийн энтэй хүчтэн ямар байдгыг харууллаа. Мандахаа гавьяат дөрвөн өөр (60, 66, 70, 74 кг) жинд аваргалж, ховорхон амжилтыг үзүүллээ. Мөн гавьяат тамирчин О.Насанбурмаа долоо, ОУХМ Э.Нарангэрэл, Ш.Түмэнцэцэг дөрөв, ОУХМ А.Батцэцэг хоёр, спортын мастер Ц.Цогбадрах, Б.Зоригтбаатар анх удаа түрүүлэв.Тус тэмцээнд “Алдар” спорт хорооны баг тамирчид багийн дүнгээр тэргүүлсэн байна.