Хүн маш олон хэрэггүй зүйл худалдаж авахаасаа илүүтэйгээр өөрийн энергийг цөөн хэдэн чанартай хувцсанд хадгалбал зохистой гэх санаа надад байдаг. Хүн яг чин сэтгэлээсээ дурласан, чанартай хувцсаа өмсөхөд тэрхүү загварт өөрийн энергийг шингээж, хадгалдаг. Энэ нь амьдрал дээр мэдрэгдэж, харагддаг л даа. Би өөрөө ч бас энэ үзэл бодлын дагуу байдаг. Тийм ч учраас өөрийнхөө цуглуулгад олон янзаар загварчлан өмсөж болох, өндөр чанартай хувцаснууд оруулдаг. 

-Хүн, хүнд л өөр байх. Миний хувьд cool гэдэг үгээр өөрт таалагдсан, гоё мэдрэмж өгсөн ямар ч зүйлийг тодорхойлж болно. Яг л өөрөөрөө байж, өөртөө итгэлтэй байх нь cool. Хүн бүр өөрийн гэсэн онцлогтой. Тэрхүү онцлог, зан чанараа илэрхийлж чадаж байвал тэр нь хамгийн шилдэг зүйл.

  

-Хүмүүсийн юмыг нээж илрүүлэх хугацаа нь өөр, урлагийг харах өнцөг нь өөр, юманд дурлах цаг нь өөр байдаг болохоор би аливаа юмыг тренд гэсэн бодлоор дүгнэдэггүй. Одоо энэ зүйл гоё моодонд орж байгаа юм чинь үүнийг бүгд өмсөх ёстой гэсэн юм байхгүй. Харин хүн бүр өөрийн гэсэн онцлогтой байвал тэр нь хавьгүй гоё гэж боддог.

  

-Гэхдээ хамгийн гол нь мэдрэмж. Өөрсдийнхөө мэдэрч байгаа тэр зүйлийг гаргаж чадвал тэрийг ямар нэгэн урсгал, жанраар тодорхойлох шаардлагагүй болчхож байгаа юм. 

Н.Одмөнх

Дэлхийн алдарт “Vogue” сэтгүүл шинэхэн дугаарынхаа “Runway” буланд Монголын дизайнер Н.Одмөнхийг онцлон танилцуулжээ. Тодруулбал, фэйшн эдитор Лайрд Боррелли-Персон “House of Od brend” гудамжны чөлөөт загвараа танилцууллаа” хэмээх нийтлэл бичжээ. Н.Одмөнхийн хувьд өнгөрсөн оны есдүгээр сард “Vogue” сэтгүүлийн зүгээс цахим шуудан хүлээн авч, ийнхүү өөрийнхөө ажлыг таниулах болсон байна.
Сонирхуулахад, энэ нь түүний  “Vogue” сэтгүүл дээр гарч буй анхны тохиолдол биш юм байна. Тэрбээр “Vogue” сэтгүүлийн 2016 оны хоёрдугаар сард гарсан нэгэн  нийтлэлд “Монголд төрөн, Шведэд үйл ажиллагаагаа явуулдаг хувцасны дизайнер ба “Sad Boys” хамтлагийн дотны найз Одмөнх” хэмээн танилцуулагдаж байжээ.
Дэлхийн хэмжээнд хэдийнэ нэрээ дуулгаад амжсан дизайнер Н.Одмөнх өдгөө 28 настай. 17 насандаа Швед Улсыг зорьсон тэрбээр коллежид загварын чиглэлээр суралцаж, дараа нь урлагийн сургуульд элсэн оржээ. Тэрбээр сургуульд байхдаа “Drain Gang” хамтлагийн реппер Ecco2K-тэй танилцаж, 2014 оноос эхэлж “Sad Boys” хамтлагийн гол төлөөлөгч Yung Lean, “Drain Gang”-тай хамтран ажиллаж эхэлсэн байна. Н.Одмөнх нь тэдэнд зориулан хувцас урлаж, бүтээлч захирлын үүргийг гүйцэтгэж иржээ. Шведийн эдгээр реппер залуус сүүлийн жилүүдэд хөгжмийн ертөнцөд шинэ урсгал, хөдөлгөөн үүсгээд байгаа бөгөөд үүгээрээ загварын салбарт ч бас багагүй нөлөө үзүүлсэн байна.
Н.Одмөнх хамгийн анхны загвараа бага ангидаа гаргасан бөгөөд багаасаа л хувцас урлан өмсөх дуртай нэгэн байснаас гадна маш их загвар гаргаж, янз бүрийн юм сэтгэдэг байсан аж. Тэрбээр мөн хувцаснаас гадна ээмэг, бөгж, шүдний тоноглол гэх зэрэг гоёл чимэглэл гаргаж байсан туршлагатай бөгөөд өнгөрсөн оны есдүгээр сард Нью-Йоркийн загварын долоо хоногийн үеэр “Sad Boys” хамтлагтай поп-ап дэлгүүр нээн, маш богино хугацаанд бүх бүтээгдэхүүнээ борлуулж дуусгасан байна. 
Одоогоор тэр “House of Od” нэрийн брэнд дээрээ төвлөрч ажиллаж байгаа бөгөөд энэ оноос албан ёсоор танилцуулж байгаа юм. Тэрбээр өөрийн  брэндийнхээ талаар “House of Od” нь гудамжны хувцас ангилал, эсвэл авангард загварт хамаарагдах тодорхой нэгэн жанрын брэнд биш. Харин эдгээр зүйлсийг өөртөө тэнцвэржүүлэн шингээсэн, өдөр тутамд өмсөж болох, өсвөр насныхны эрх чөлөөтэй, тэрсүүд амин сүнсийг агуулсан брэнд юм. Мөн дуучид, хөгжимчид ч бас тайзан дээр өмсөх боломжтой. Гэхдээ мэдээж хэрэг миний загваруудыг дуртай хүн болгон, насны ангилал үл хамааран өмсөж болно” хэмээн http://buro247.mn/ сайтад өгсөн ярилцлагадаа дурджээ. 


Түүний анхны цуглуулгад долоон төрлийн загвар багтсан бөгөөд загвар бүр өөрийн гэсэн нэртэй байна. Тухайлбал “Luminous Traveler” буюу “Гэрэлтдэг аялагч” нэртэй юүдэнтэй цамц дөрвөн төрлийн өнгөний сонголттой, шигтгээгээр чимэглэгдсэн цахилгаантай гэдгээрээ онцлог байна. Мөн “AeroDenim” нэртэй хоёр төрлийн жинсэн өмдний нэг нь карго маягийн илүү сул загвартай, бэхэлгээ, тоноглолтой бөгөөд өөрийн дуртайгаар загварчлан өмсөх боломжтой бол, нөгөө нь илүү сонгодог дизайнтай байна. Түүний бүх загварууд Турк Улсад үйлдвэрлэгдэж буй бөгөөд http://www.houseofod.com/ сайтаар дамжуулан худалдаалагдаж, Турк Улсаас олон улс руу хүргэгддэг байна. 
Юүдэнтэй цамц, жинсэн өмднүүдээс гадна түүний анхны цуглуулгын гол загвар нь хээтэй футболка ба цамц юм. “House of Od” брэндийн гол таних тэмдэг болсон уг загварынхаа талаар тэрбээр “Энэ хээг камуфляж төрөлд хамруулж болно. Гэхдээ камуфляж нь цэрэг, байлдааны утга агуулгатай бол, миний хээ илүү урлаг тал руугаа чиглэсэн. Дэлхий ба энх тайвныг илэрхийлсэн гэж хэлж болно. Би энэ хээг өөрөө гараараа зурсан. Мөн сайтар ажиглавал хээнүүд дунд OD гэх үг нууцхан байршсан байгаа. Зууван хэлбэрээс бүрдэх лого ч мөн “OD гэсэн утгатай” гэсэн юм. 
Түүнийг нэрийн брэндээ үүсгэн байгуулахаас өмнө Yung Lean болон “Sad Boys” хамтлагтай хамтран ажиллаж байсан тухай дурдсан. Тэгвэл одоо тэр өөрийн бие даасан ажил дээрээ түлхүү анхаарлаа хандуулж, шаардлагатай үед Yung Lean болон “Sad Boys”-т зориулж загвар гаргаж байгаа юм байна. 

Үндэсний шуудан сонин