Лидергүй нам зүтгүүргүй галт тэрэг хоёр яг адилхан юм
2018/01/25
Монгол Улс хаашаа явж байна вэ. Урагшлаад байна уу, ухраад байна уу гэдэг асуулт байна. Хариулт нэхээд удлаа. Эрх баригчид болохоор урагшиллаа гэдэг. Харин ухраад байгааг “удирдагчид”-ын алдааны ачааг үүрч байгаа ард түмэн мэдрээд байдаг юм.
Сүүлийн ганц хоёрхон сар, тэрийг байг гэхэд долоохон хоногийн байдлыг харъя. Хөдөөд цас, харын зудтай. Хотод шатахууны зудтай өдөр хоногийг өнгөрөөж байна.
Монгол Улс маань олон улсад хаа сайгүй, элдвийн хар жагсаалтад багтчихсан. Заримаас нь чөлөөлөгдөхөөрөө найр хийх нь холгүй хөөрцөглөж сууна. Энэ бүхэн улс орон маань хаашаа явж байгааг л хэлж байгаа хэрэг.
Ер нь бол энэ бүхний эх үндэс нь ердөө л улс төрийн намуудын байж байгаа царайтай холбоотой. Монголын улс төрийн намууд лидергүй болчихсон. Товчхондоо, намууд нь лидергүй болохоор улс маань аавгүй айл шиг болчихож байгаа юм.
МАН-ыг хар, АН-ыг хар. 2012 оны УИХ-ын сонгуулиар АН арай олон суудал авч засгийн эрхийг дөрвөн жил барьсан. Энэ хооронд засгаа хоёр ч удаа сольсон. Мөн засаг барих хугацаандаа бонд босгож, зам харгуй тавих зэргээр зарим бүтээн байгуулалт хийснийг эс тооцвол улсыг бодлогын хувьд урагшлуулаагүй. АН дөрвөн жилийн турш өмнөх дөрвөн жилд төрийн эрхийг атгаж байсан МАН-ыг муулсаар өнгөрөөсөн.
Одоо МАН бас ялгаа алга. Засгийн газраа, намын даргатайгаа сольчихлоо. Мөн л “…Өмнөх дөрвөн жилд улсыг алаад хаячихжээ” гээд АН-ыг зүхэж суудаг болсон. Бодлого, төлөвлөгөөний талаар ярихын ч хэрэг алга.
Ухаад үзвэл, энэ бүхний эх нь одоогоос арваад жилийн өмнөөс бүрдэж байсан байдаг юм. М.Энхболдын, С.Баярын, Сү.Батболдын үе гээд МАН, Н.Алтанхуяг, З.Энхболдынх гэж АН засаг барьсан. Энэ дарга нар дандаа жам бусаар засгийн болоод намын эрх мэдлээсээ бууж байв.
Ингэж ярихын учир нь Монголын улс төрийн гол тоглогчид болох дээрх хоёр нам лидерийн хомсдолд орчихсоныг түүх нь харуулаад байна гэж байгаа юм.
Хэрэв М.Энхболд, С.Баяр, Сү.Батболд, тэгээд Н.Алтанхуяг, З.Энхболд нар намынхаа лидер байж чадсан бол ядаж хугацаат Их хурлаараа “хуулийн дагуу” албанаасаа буух байв. Гэтэл тэгээгүй. Товчхондоо, тэд намынхаа лидер биш байсан учраас л “…Гарлаа, давлаа” гэдэг шиг томилогдоод, огцроод байсан хэрэг юм.
Одоо энэ бүхэн үргэлжилж л байна. Эрх баригч МАН яаж байгааг ард түмэн хангалттай харж байгаа. У.Хүрэлсүх Ерөнхий сайд, МАН-ын дарга болсон ч энэ намынхан хэд гурваараа хуваагдчихсан хэвээр яваад л байна. МАН-ынхан “…Шинэ дарга болохгүй байна, унагана” гэж яриад эхэлсэн тухай мэдээлэл хэвлэлүүдээр гарч байна.
АН бас л адил. С.Эрдэнийгээ хүлээн зөвшөөрөхгүй, фракцууд нь босоход бэлэн болж байгаа тухай намынхан нь яриад эхэлсэн.
Тэгэхээр У.Хүрэлсүх ч, С.Эрдэнэ ч өмнөх хэдийнхээ адил “…Намын лидер биш юм байна” аль аль намынхан нь үзэж байна гэсэн үг.
Ингэхээр цаашид МАН-д ч, АН-д ч намын удирдлагын төлөөх тэмцэл үргэлжлэх нь тодорхой харагдаж байгаа юм.
Энэ нь нэг намын асуудал мэт харагдаж байж болно. Гэхдээ МАН эрх баригч, АН сөрөг хүчин. Тийм болохоор тэдний дотоод “зодоон” хүссэн хүсээгүй намын бус улсын асуудал болж хувираад байгаа юм. Учир нь тэдний зодооны хэрэгсэл нь хууль, хяналтын байгууллага, төрийн институци болчихно. Ингээд ирэхээр төр хямарч, түүний горыг ард түмэн амсдаг болсон.
Хэрэв энэ намууд лидертэй бол яах вэ. Ер нь лидер гэж хэн бэ гэдгийг бид бодох учиртай. Намын лидер гэхээр шуудхан дарангуйлагч гэдэг ойлголтыг манай нийгэмд түгээчихсэн юм. Лидерээс айдаг хүмүүсийн тараасан цуу л даа.
Гэтэл лидер бол удирдагч, манлайлагч. Харин дарангуйлагч гэдэг бол шал өөр ойлголт. Оросын Путин, Японы Шинзо Абэ-г дарангуйлагч гэх үү. Тэгээд ч ийм Үндсэн хуультай манайд бол дарангуйлагч гэдэг хамаарал багатай асуудал байгаа юм.
Ер нь бол улс төрийн онолоороо намд лидер байх учиртайг номлодог. Тэгж байж нам гэдэг байгууллага төрийн эрхийг барих үндсэн зорилгоо улс орны эрх ашигт нийцүүлэн гүйцэлдүүлж чаддаг байгаа юм.
Харин Монголын том намууд лидергүй учраас улс төрд явсан цаг хугацаа, цаашлаад ураг удам, танил тал, нутаг ус, хөрөнгө бэлийнхээ хэмжээгээр лидерийн “албан тушаал”-д зүтгэх сонирхол бий болчихсон. Бараг бүгдэд нь энэ “давуу тал”-ууд байдаг. Аюул нь тэр. Тэгээд тэмцэлдэнэ. “…Чамайг нусаа гоожуулаад нам ч гэж мэдэхгүй юм явж байхад би тэр даргын цүнхийг бриад Төрийн ордонд гүйж явсан юм” гэж ирээд л бие биедээ томордог. Ингэж л үзэлцэнэ.
Өөдтэйхэн удирдаад явчих лидергүй энэ хоёр нам улс төрийн гуравдагч хүчнээс үхтлээ айна. Айхдаа бусад намыг “ална” л гэж үзнэ. Гуравдагч хүчнийг нам дарахад харин гайхалтай нэгдэж чадна. Зөвхөн Монголын улстөрчид л ингэж хүртээмжтэй улс төр хийж чаддаг гэж нэгэн судлаачийн хошигнож хэлснийг санаж байна. Гэхдээ энэ хошигнол биш эмгэнэл л дээ.
Монголд улс төрийн гуравдагч хүчин болохуйц хүчтэй гарч ирсэн намууд бий. Тэр намууд өөрсдийн лидертэй. Дөнгүүр нь болох Эх орон нам Б.Эрдэнэбат дээр, Бүгд найрамдах нам Б.Жаргалсайхан дээр, Иргэний зориг нам С.Оюун дээр л тогтдог. Гэхдээ МАН, АН нийлж гөвсөөр энэ намуудын хүчийг сааруулж, улс төрийн хатавч хавьд байдаг нэр төдий байгууллага болгож хувиргасан.
Сүүлд ХҮН гэж аятайхан залуусын нэгдэл гарч ирэв. Бас л хавсайдаж нүдсээр 2016 оны сонгуулийн өмнө “нүд аниулж” билээ.
Одоо МАХН байна. МАХН-ын лидер нь Н.Энхбаяр. Тэрээр 1990-ээд оны ардчилсан хувьсгалын дараа “нүүх үү, үлдэх үү” гээд буланд шахуулчихсан байсан одоогийн МАН-ыг босгосон хүн л дээ. Тэр намын лидер нь байсан юм.
Шуудхан хэлэхэд, Н.Энхбаяр 2005 онд Монгол Улсын Ерөнхийлөгч болсноос хойш л МАН-д лидерийн хомсдол, хямрал хоёр зэрэг нүүрлэсэн байдаг. Юм үнэнээрээ сайхан.
Харин одоо 2020 оны сонгуулийн прогнозыг гадарласан МАН, АН-ынхан МАХН-ыг Н.Энхбаяраас салгах оролдлогыг хийж эхлээд байна. О.Баасанхүүг эсрэг тавьж үзсэн ч, шүүх баримт нотолгоо, бодит байдлыг түшиж шийдсэн учир бүтэлгүйтэв. Цаашид яах гэж байгааг бүү мэд. Юутай ч тэд Н.Энхбаяргүй МАХН-ыг “эвдэхэд” амархан гэж нэвт шувт ойлгочихоод байгаа юм.
Энэ бүхнээс бид нэг л зүйлийг ойлгох хэрэгтэй юм. Эрх баригч, сөрөг хүчин, гуравдагч хүчин аль ч байг, улс төрийн нам л бол лидертэй л байх хэрэгтэй. Лидергүй учраас “лойдор”-ууд нь төрийг самарч, улсыг устгах аюулыг тарьж байгаа юм.
Яг үнэндээ, лидергүй нам зүтгүүргүй галт тэрэг хоёр яг адилхан. Үүнийг сүүлийн хэдэн жилд Монгол төрийн эрхийг барьж буй МАН, АН нотолж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин