“Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарын долоон хүнд холбогдох хэргийг өнөөдөр ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид хэлэлцэх юм байна. Уг шүүх хурлыг Баянзүрх дүүргийн шүүхэд 1-р сарын 8-ны Лхагва гаригт 10 цагт нээлттэй хийхээр төлөвлөөд байсан ч ийнхүү хаалттайгаар хийхээр боллоо.  

Ц.Мөнхбаяр нар нь өнгөрсөн оны есдүгээр сарын 16-ныд өглөө 10.30 цагийн үед Төрийн ордны хамгаалалтын бүсэд Урт нэртэй хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэн, жагсаал зохион байгуулсан "Гал үндэстэн" холбооны Ц.Мөнхбаяр нарын хүмүүс тэсрэх бөмбөг, галт зэвсэгтэй нэвтэрсэн, тэсрэх бөмбөг олон нийтийн газарт байрлуулсан  бөгөөд тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэн  саатуулаад байсан юм.

Ц.Мөнхбаяр нарт Эрүүгийн хуулийн 177.2 буюу зандалчлах, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тодорхой шийдвэр гаргуулах буюу гаргахаас татгалзуулахад шууд буюу шууд бус нөлөөлөх зорилгоор олон нийтэд айдас төрүүлэхэд чиглэсэн нийтэд аюултай хүч хэрэглэсэн буюу хэрэглэхээр заналхийлсэн, 149.3 буюу бусдын эд хөрөнгийг бүлэглэн авахаар далайлган сүрдүүлсэн, 185.2 буюу галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар хийж бэлтгэсэн, хадгалсан гэх үндэслэлээр Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдээд байгаа юм.

А.Баярмаа