Төслийг “алах” яагаад хэцүү вэ?

 

Олон оронд улс орны эдийн засгийн хөгжил нь улам бүр томоохон хэмжээний мегатөсөл хэрэгжүүлж чадах эсэхээс хамаарах болжээ.

Олон улсын практикаар  нэг тэрбум ам. доллараас илүү үнийн дүнтэй төслүүдийг Мегатөсөл хэмээн нэрийдэж байгаа боловч  Мегатөслүүдийн гуравны хоёр нь дампуурч байгаа. Тиймээс Мегатөсөл нь санхүүгийн баялгийг үржүүлэгч биш, харин түүнийг устгагч болчихоод байгааг анхаарах шаардлагатай байна.

 

 

 

 

 

Нэгэнт Мегатөсөл асар том эрсдэлтэй тул судалгааны явцад анхнаас нь бүтэхгүй төслийг цаг тухайд нь “алах” явдал чухал гэж үздэг.

Хэрвээ ингэж чадахгүй бол хий хоосон хөрөнгө мөнгө үрэх, цаг хугацааг олон жилээр алдах аюултай.

Дээр нь ардчилсан оронд хүн амын дунд хоосон хүлээлт үүсгэх мегатөсөл дампуурах нөхцөлд шийдвэр гаргагчдийн болон аливаа төр, засгийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж улс төрийн тогтворгүй байдал бий болгодог.

Олон оронд мегатөслийн уралдаан болж байна. Дийлэнх нь хэрэгжихгүй гэдэг нь анхнаасаа ойлгомжтой.

Бүтэхгүй мегатөслөө зогсоож чаддаггүй хэд хэдэн шалтгаан байдаг гэж судлаачид үздэг.

Монголд дээрх асуудал ихэд хамаатай санагдах юм. Олон жил олон ч төсөл ярьж ирсэн. Зогсоосон, мухарласан, “алсан төсөл”  нэг ч байхгүй. Тэр хэмжээгээрээ хөрөнгө мөнгө үрэн таран хийж олон арван жил алдсан, цаашид алдахаар байна.

Яагаад, юу бэрхшээл болдог вэ? гэдгээр санаа авхуулах үүднээс дорхи зүйлийг анхаармаар санагдана.

 

Эго

 

Бүтэхгүй нь ойлгомжтой болсон мегатөслийг зогсоож чаддаггүй том хүчин зүйлд  хүний эго ордог бөгөөд хэрэв тухайн төслийг Та санаачилсан бол  “Би алдаа хийжээ” гэж хэлэх нь үнэхээр хэцүү байдаг.

Үнэн хэрэгтээ дэмий цаг, хөрөнгө зарж буй Мегатөслөөс татгалзах нь жинхэнэ бизнес хүний мөн чанар байдаг гэнэ.

 

Менежмент

 

Зарим компани төсөл хариуцсан “төслийн менежер” хэмээх мэргэжилтэнтэй байх бөгөөд зарим нь бүхэл бүтэн “төслийн баг” гарган ажиллах явдал бий.

Хэрэв 20 хүнтэй баг бүтэн жил ажиллуулчихаад Та нар одоо ажилгүй боллоо гэж хэлэх хэцүү. Тиймээс шинэ төсөл санаачилж ажиллах явдал гардаг гэнэ.

Төслийн судалгаа нь нэлээд хол явчихсан төслийг “алах” хэцүү. Хүний сэтгэн бодох арга нь эерэг хандлагатай байдаг тул  шийдвэр гаргагчид Төслийг “алах” хэрэгтэй юу гэж бодохоосоо илүүтэй Юуг засчихвал төсөл амьд үлдэхүү гэж боддог гэнэ.

 

Нөхөх аргагүй өртөг (Sunk cost)

 

Төсөлд хэтэрхий их хөрөнгө мөнгийг нэгэнт зарцуулсан бол тэр мөнгийг эргэж олж чадахгүй байдал нь төсөл хариуцсан шийдвэр гаргачдын  Төслөө “алах” эр зоригийг нь мохоодог.

 

Мэдлэг хуримтлуулах Соёл

 

Мегатөсөл унаж болно. Харин түүнээс юу алдав, цаашдаа юу хийх ёстой вэ гэдгийг ойлгож авч чадвал тэгээд дараа дараачийн төслийг амжилтанд хүргэх соёл бий болгож чадвал мегатөслийн уналтыг  үнэтэй ч гэлээ “том сургалт” болгож болно.

Ингэж чадвал хөгжлийн зам хүн бүрт зурайх бизээ.

 

М.Энхсайхан