МАН-ын 70-аад оныхон намаа “доргиох” уу?
2018/01/26
Эрх баригч МАН-ын эв нэгдлийн асуудал зөвхөн энэ намын бус улс орны хэмжээнийх юм. Учир нь МАН бужигнавал улс бужигнана.
Тэд өнгөрсөн зунаас хойш дотооддоо бужигнаж, энэ хэрүүлийнх нь дүнд ард түмэн багагүй юм үзсэн. Тэгж тэгж У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд, МАН-ын дарга болгосон. Гэтэл одоо дахиад л Засгийн газрыг “онхолдуулах” тухай ярьцгаах болсон байна.
Хэдийгээр АН-ынхан болоод Ерөнхийлөгчийн зүгээс Засгийн газрыг огцруулах талаар мэр сэр ярьж байгаа ч тэд унагаж чадахгүй. Харин засгаараа наадаж мэдэх хүмүүс МАН-д л байгаа юм.
Дараагийн Ерөнхий сайд хэн болох вэ гэх яриа хэлцэл гудамжнаас Ордон руу шилжиж буй бололтой. Гэхдээ хүмүүсийн таамаглаад, бас барим тавим яриад байгаагаас байдал огт өөрөөр эргэж магадгүй байна.
Тодруулбал, МАН-ын 70-аад оныхон ойрноос бүлэг хүрээ үүсгэн сүрхий сүжирцгээх болжээ. 1970-аад онд төрсөн улстөрчид гэсэн үг л дээ.
Тэд “…2020 оны сонгуульд МАН энэ чигээрээ орвол ялагдана. Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхээс шинэ цочир санаа оноо, ажил төрөл гарахгүй юм байна. Бас УИХ-ын дарга М.Энхболдыг ч МАН-ын удирдагч гэж харах хэрэггүй” гэцгээжээ. Өөрөөр хэлбэл, МАН-ын удирдагч нь У.Хүрэлсүх ч, М.Энхболд ч биш гэсэн байна.
Тиймээс МАН-ын дараагийн удирдагч 70-аад оныхноос төрөх ёстой гэж байгаа аж. Одоогоор тэд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, С.Бямбацогт нарыг “тойрон хүрээлсэн” байдалтай байна.
Эх сурвалжийн мэдээллээр МАН-ын 70-аад оныхон тун удахгүй намаа доргиосон томоохон акц хийх юм байна. Товчхондоо 70-аад онынхон хэн нэгнийгээ МАН-ын даргаар өргөмжлөхөөр тэмцлийг эхлүүлэх бололтой. Ирэх хаврын улс төрийн гол үйл явдал нь энэ болно гэсэн үг.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Хуцав аа · 2018/01/27
АН мөрөөдөж байна
Togoo · 2018/01/26
Мөрөөдлөө биелүүлэх гэж улс орноо доргиож, ард түмнээ бүү зовооцгоо, ЗМ-үүдээ. Сайхан ирээдүй дөхөж буй. Нефт-н үйлдвэр, Хотын цэвэр орчиндоо хүчээ төвлөрүүлцгээе. Хорсогч нар цухалзаж эхэлсэн нь нэг талаар сайн хэрэг!!
Зочин · 2018/01/26
Мөрөөдөх юм даа Эрдэнэ Зи 2 мөрөөдөж байгаа байх