Эх орны улаан шугам, дархан хилийн зүг хараа бэлчээн “Чин үнэнч амрагтаа хэлж үзээгүй мөртлөө Чиний төлөө үхье” гэсээр тангараг өргөсөн эр цэргийн баяр өчигдөр боллоо.

Цэргийн баярын нэр дор эр хүйстэй бүхэн баярлаж, Эрэгтэйчүүдийн холбооноос эхлээд эмнэлгийнхэн хаалгаа цэлийтэл нээлээ. Хэдийгээр янз бүрийн төрийн болон ТББ-уудын үйл ажиллагаа идэвхжсэн сайн талтай ч эрчүүдийг өмгөөлж хамгаалж буй асуудал нь хэтэрхий шог санагдав. Яагаад гээч, эрчүүд эмэгтэйчүүдээс эрт нас барж, гэмтэж бэртэж, өвчин эмгэгт өртөх нь ихсэж, бие биенээ хүчиндэж, хүсэл бодлоо биелүүлэх нөхцөлгүй амьдарч байна гэнэ.

Бас ч болоогүй эрчүүдийн боловсрол эмэгтэйчүүдийн хаана нь ч хүрэхээ больсон гэнэ. Сонин юм шүү. Эх орон, эхнэр хүүхэд, орон гэрээ төвхнүүлэх үйлсэд бие сэтгэлээ зольж дэлхийн талыг орондоо орох завгүй олзолдон булааж явсан өнөөх Чингисийн үеийн баатар зоригт эрс өнөө цагт хаачив аа. Тэд өвчин ярьж, боловсролгүй тэнэгээ гайхуулж, архин далайд живж суух зуурт эх орон, эмс охидыг нь харийнхан өвөртөлж өрхөө татуулсаар эрэмдэг газар, эрлийз хурлийз үрсээр цус сэлбэж дуусах нь ээ.

Эрчүүдийг тулга тойрсон асуудал ярьж турьгүй мал шиг хөлөө олох гэж дэнжигнэж байх зуур эх орон, өрх гэр эзгүйрч үр хүүхэд чинь өнчирч, бүсгүйчүүд өрх толгойлж, төрд гарах гэж 10-аадхан суудал горьдож байна. Нам ярьж талцсаар улаан мөнгөний араас урван шарваж төр, түмэн олноо худалдаж байх зуурт чинь газрын хэвлий дэх баялаг монгол хүний өмч байхаа больж, ухсан нүх, улаан шороо, уух усгүй нүцгэн тал хойч үед чинь үлдэх нөхцөл бүрдчихлээ. Хаана байна. Дэлхийн зүрхэнд Монгол гэж сийлсэн эзэн Чингисийн удам залгасан үр садууд хаачив. Монгол эрчүүд өнөөдөр хаана байна вэ.

Улаанбаатар бүү хэл аймаг орон нутагт багтахаа байсан шоронд нар үзэхгүй хүмүүжиж, архи ууж, эхнэрээ хардаж, үрээ зодож эрүүлжүүлэх байруудад хоног төөрүүлж, авлига авч, ард түмнээ хууран мэхэлж, хайр сэтгэлээ бузарлаж, охид, хүүхнүүдээ хүчиндэж, эхнэрээ хуурч, нууц амраглалын санал таалагдсан бүхэндээ илгээж, ядам хуруун дахь бөгжөө нууж, ямар ч эхнэр хүүхэдгүй ганц бие гэлцэн уушийн газарт зугаацаж байгаа өнөөгийн эрчүүдэд ямар асуудал байдаг юм бэ.

Гуравдугаар сарын 18-ны эр цэргийн баярыг угтаад хэдэн өдөр дамнуулан “Эрэгтэйчүүдийн өнөөгийн асуудал” гэх ичиж үхмээр нэр, хаягтай хурал цуглааныг хэдэн өдөр дамнуулан зохион байгуулав аа. Эрчүүдээ та бүхний асуудал гэж юу байна вэ. Өнөөгийн эрчүүдэд хүүхдийн эрхээс ч илүү асаргаа хэрэгтэй байгаа бол, боловсорч бүсгүйчүүдээ гүйцэж түрүүлж чадахгүй байгаа бол төрийн суудал, гэрийн хоймроо чөлөөлөөд өг л дөө. Бүсгүйчүүд чинь улсаа төвхнүүлж, үр хүүхдээ хамгаалж, орон гэрээ засаг. Монголчууд түүхэндээ хоёрхон удаа нэгдэж зангидсан гар мэт хүчтэй байсан цаг үеийн нэг нь Мандухай гэх бүсгүйн тохинуулсан төрт улсын үед тохиосон байдаг. Тэгвэл өдгөө оймсоо хүртэл эхнэрээрээ угаалгаж, оройн хоолоо орондоо зөөлгөдөг эрчүүдэд төрийн болоод өрхийн тэргүүн байх чадал, ухаан бүрэлдэх үү.

Монголын хамгийн уужуу ухаан, уран нарийн мэхтэй, мөнгөтэй, бэлтэй, чадалтай, ухаантай, боловсролтой, шилдэг сайн эрсийн нэгдэл байх ёстой төрийн сэнтийд суугаа 76-г орой бүр телевизийн суваг бүхнээр хэрэлдэж, араатнаас ч дор авирлахыг харах гунигтай байна. Хийх ажилгүй хэрүүлч авгай нар шиг орчин цагийн эрчүүдийн элийрэл дунд аравхан эмэгтэй цөөхөн байна. Өвдөж хавддаггүй, өрөвдүүлж хайрлуулахаа байсан, муухан эрээс дээр сэтгэлийн хаттай бүсгүйчүүдийг тэгвэл төрд олноор нь гаргая. Элийрч балайрсан ичиж үхмээр асуудалтай өнөөгийн эрчүүдийг эхнэрээр нь овоглоод тогоо шанагыг нь бариулъя. Тоо толгой нь багасаад, чадал тэнхээ нь буураад, мэдлэг боловсролоороо хоцорч нийгэмшиж чадахгүй байгаа бол гэртээ суугаад хүүхдээ асар. Хүүхнүүд чинь бүхнийг чадна.

М.Мөнхтунгалаг