Баянзүрх дүүргийн XXI хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Очир төв”ийн зочид буудалд 13 настай охин харамсалтайгаар амиа алдсан хэрэг өнгөрсөн наймдугаар сард гарсан. Уг хэрэгтэй холбогдуулан Д.Жавхлан, М.Амарболд нарыг саатуулан шалгаж байгаа. Ингээд талийгаачийн аав Т.Лхагвасүрэнтэй хэрэг юу болж байгаа талаар ярилцлаа.


-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Д.Жавхлан, М.Амарболд нарт холбогдох эрүүгийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал энэ сарын 11-нд болсон. Хэргийг прокурорт буцаасан гэсэн. Энэ талаар та тодруулахгүй юу?

-Шүүх надад учирсан зовлонг зөв өнцгөөс харж, эхнээсээ шударга шийдвэр гаргаж байна. Хэрэг прокурорын шатанд буцлаа. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эсрэг талын өмгөөлөгч хүсэлт тавьсан. Ингэхэд уг хүсэлтийг шүүх хүлээж аваагүй. Нийт гурван төрлийн хүсэлт гаргасан. Хоёрыг нь шүүх хангасан. Нэг ёсондоо хохирогч бид бүхэнд учирсан сэтгэлийн гэмтэл, эмгэгийг тогтоолгохоор Шүүх сэтгэц эмгэг судлалын төвийг шинжээчээр томилсон. Энэ нь сэтгэл санааны хохирлыг бодитой дүгнэхэд чухал ач холбогдолтой юм.

-Таны охиныг хэрхэн яаж амиа алдсан гэдгийг тогтоосон уу?

-Шүүх эмнэлгийн дүгнэлтээр манай охин архинд хордож нас барсан. Ходоод болон уушгинаас нь нэлээн их хэмжээний архи гарсан гэж шүүх эмнэлгийн дүгнэлтэд бичигдсэн байсан. 5.7 хувийн промил спирт бүхий архийг миний охин өөрөө уух боломжгүй гэдгийг энэ дүгнэлт нотолж байгаа юм. Тиймээс манай охиныг өөрөө архи уусан уу, хамт байсан этгээдүүдийн дарамт шахалтад орж, хүчээр архи уусан уу, хичнээн хэмжээний архийг ууснаар уушгинд нь орох вэ гэх шалтгааныг Хор судлалын үндэсний төвөөр шинжлүүлж, тогтоолгохоор болсон. Иймээс хэргийг прокурорт буцаасан.

-Аливаа хэрэг сунжрахаараа худал шийдэгдэх магадлалтай болчихдог гэсэн яриа байдаг. Хэргийг шалгах явц үнэн бодитоор явж байна уу. Өөр ямар нэг шийдэгдээгүй асуудал бий юу?

-Мөрдөн шалгах ажиллагаа таван сарын нүүрийг үзэж байна. Энэ нь Шүүхийн шинжилгээний дүгнэлттэй шууд холбоотой. Тодруулбал, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эмч охиныг минь “үзэгдэх шүдгүй” гэсэн дүгнэлтийг өнгөрсөн есдүгээр сард гаргасан. Тухайн үед н.Долгормаа гэдэг эмчээр ахлуулсан баг байсан. Тус багийнхны гаргасан шинжээчийн дүгнэлтээр “үзэгдэх шүдгүй” гэсэн.

Бид дахин шинжилгээ хийлгэе гэсэн хүсэлт гаргасан. Ингээд шинэ баг томилж шинжилгээ хийлгэсэн. Хавтаст хэрэгт авагдсан материалын зурагнаас харахад үүдэн шүд нь бүгд байна гэсэн дүгнэлт гарсан. Өөрөөр хэлбэл, миний охины шүдийг эхлээд “байхгүй” гэсэн. Дараа нь “байгаа” гэсэн дүгнэлт гарч ирсэн. Харин бидэнд одоо араа буюу ар талынх нь шүднүүд байсан юм болов уу гэдэг эргэлзээг үүсгэж байгаа. Шүүх хурал дээр хяналтын прокурор “шүдгүй” гэсэн дүгнэлтийн тухайд шүүх эмнэлгийн эмч нар алдаа гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэж хэлсэн.

Бид нар энэ бүх эргэлзээтэй нөхцөл байдлуудыг нэг мөр шийднэ. Энэ ч үүднээс бид цоо шинэ өөр эмч нарын багаар шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан.

-Хэрэгт холбогдуулан Д.Жавхлан, М.Амарболд нарыг шалгаж байгаа. Уг этгээдүүдийн ар гэрийнхэн нь шүүх хурал дээр хашгирч, янз бүрийн авир гаргаж байх шиг харагдсан?

-М.Амарболд нь манай хашааны дээд талд амьдардаг. Д.Жавхлан нь манай хашааны доод талд байдаг. Шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийн байдлаас уг хоёр этгээдийг ажиглахад ямар ч гэмшсэн шинжгүй байна лээ. Огт хэрэг хийгээгүй мэт царай гаргаж байсан. Уг хоёр этгээд яг ямар мэдүүлэг өгсөн гэдэг нь хавтаст хэргийн нууц юм. Д.Жавхлангийн өвөөг Нямдорж гэдэг. Энэ хүн урьдчилсан хэлэлцүүлэг явагдах үеэр гадаа ёс бус зан ааш гаргасан. Тухайлбал, “би 16 сая төгрөгөөр өмгөөлөгч хөлсөлж авсан. Тэглээ гээд яах юм бэ, та нар юу олж авах юм бэ, юу олж авахыг чинь харъя” гэсэн. Үр хүүхдээ алдчихсан эхнэр минь сэтгэл санааны хүнд байдалд байгаа. Маш их шаналал зовлонтой байхад эхнэрийг гутаан доромжилж, салаавч гаргасан. Элдэв бусын үгээр доромжилсон. Үүнээс харахад Жавхлангийн ар гэр нь ёс бус зан ааштай хүмүүс юм билээ. Зүгээр байсан үр хүүхдийг минь хуурч мэхлээд зочид буудалд дагуулж очиж, амь насыг нь хөнөөчихөөд ямар ч гэмшсэн шинжгүй. Бүр илт янз бүрийн авир гаргаж буй нь ямархуу хүмүүжилтэй, зан ааштай вэ гэдэг нь харагдсан л даа. М.Амарболдын гэр бүл, өмгөөлөгчид нь ч гэсэн ёс бус үйлдэл, авир гаргасан. Бидэнд байнгын сэтгэл зүйн дарамт үзүүлдэг. Хүний урманд уучлаарай гэдэг үгийг ч хэлээгүй. Охины маань оршуулгын зардалд огт нэмэр тус болоогүй. Ийм л хүн чанаргүй юм билээ.

-“Очир төв”-ийн зочид буудалд хэрэг гарах үед олон залуучууд байсан биз дээ...

-Би гуравдагч этгээд байсан гэж үздэг. Хэрэг гарсны дараахан Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс “гурван этгээд байсан” гэж мэддэллэсэн байдаг. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч Пүрэвдоржтой энэ талаар ярьсан. Тухайн үеийн нөхцөл байдлыг бичлэгээс үзэхэд гуравдагч этгээд өрөөнд орж, гарсан байна лээ. Ийм хүнийг баривчлах хэрэгтэй гэсэн. Мөрдөн байцаалт явуулаач гэж хэлсэн. Гуравдагч этгээдийн зураг хөргийг нь хүртэл авч өгсөн. Тэр үед нь хурдан очиж, алхам хийгээгүй. Иймээс гуравдагч этгээд замхраад алга болчихож байгаа юм.

-Анх хэрэг гарахад ташаа мэдээлэл их гарах шиг болсон. Мэдээллийг хэн гаргасан юм бол?

-Сошиалаар хэргийн материалд маш нууцын зэрэгтэй мэдээ мэдээллийг мөрдөгч Пүрэвдорж анх өгсөн байдаг. Би худал мэдээлэл гаргасан сайт руу ярьсан. Тэгсэн хариуд “анхны мөрдөн байцаагчаас нь авсан ш дээ” гэсэн. Үүнийг шалгуулахаар холбогдох газарт өргөдөл гаргачихсан байгаа. Би янз бүрийн мэдээлэл гарч байгаад харамссан. Зүв зүгээр эцэг эхтэйгээ тоглоод л аав ээжийнхээ хайранд өсч байсан хүүхдийг тэдгээр залуучууд зочид буудал руу дагуулж орж, ам руу нь архи цутгаж, хүчирхийлж, амь насыг нь хөнөөсөн шүү дээ. Тэгэхэд өөрөө архи ууж байгаад хордоод үхчихсэн мэтээр ярьсныг хүлээн зөвшөөрөхгүй. Миний охин төлөв төвшин, даруухан, нийтэч, олон талын авьяастай байсан. Аав ээжийнхээ нялх хүүхэд байсан юм шүү.

-Цаашид хэргийг хэрхэн шийдэгдээсэй гэж бодож байна?

-Би үр хүүхдээрээ хохирчихлоо. Хэрэг хийсэн хүмүүс амьд байна. Хэргийг үйлдсэн хүмүүс шоронд хоригдоод л хэдэн жилийн дараа гараад ирнэ. Миний бодол Монголын шүүх үнэн зөвөөр тохирсон ялыг нь оноож өгөөсэй. Ийм л хүсэлтэй байна. Хамгийн дээд хэмжээний ял өгөх байх гэсэн бодолтой байгаа. Манай гэр бүлд маш их гарз хохирол учирсан. Бидний сэтгэл санаа маш хүнд байгаа. Охиноо нутаглуулах үед хамаг байдгаа л гаргаж, зориулсан, Монголын ард түмэнд гар бие оролцсон олон хүмүүс бий. Эдгээр хүмүүст маш их баярлалаа гэж хэлье. “Алтан гэрэгэ” өмгөөллийн байгууллагын хамт олон болон Р.Булгамаа, О.Чулуунчимэг өмгөөлөгчтөө маш их баярлаж байгаа шүү. “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас, тэвдэж явахад тэвнээр тусал” гэдэг үг байдаг. Хүнд хэцүү үед дөрөв таван сарын турш орхилгүй сэтгэлийн дэм өгсөн өмгөөлөгч нартаа маш их баярлаж байна. Хүний эрхийг хангагч шүүх эрх мэдлийн байгууллага, үнэн бодитой шийдвэр гаргаж, олон хүний хуулийн байгууллагад итгэх итгэлийг бэхжүүлж өгнө гэдэгт найдаж байна. Амьдын там болсон ийм зүйл өөр гэр бүлд бүү тохиолдоосой билээ.