П.Орхон “Алтан Гранпри”-д гурван жил дараалан түрүүллээ
2018/01/28
2017 оны дэлхийн аварга, цэргийн дэлхийн аварга, Азийн АШТ-ий мөнгөн медальт, үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон “Бага дэлхийн аварга” хэмээгддэг Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-д сүүлийн гурван жил дараалан түрүүллээ. Эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд 15 бөх зодоглосноос тэрээр 1/8 шигшээд нутаг нэгт спортын мастер Х.Болортуяаг оноогоор цэвэр, шөвгийн наймд БНХАУ-ын Кан Яныг цэвэр, хагас шигшээд өнгөрсөн жилийн финалд ялж байсан эзэн орны Инна Тражуковаг 10:8-аар, шигшээ барилдаанд Японы Кива Сакаег оноогоор цэвэр (10:0) ялснаар Монгол Улсын алтан соёмбот төрийн далбаагаа мандууллаа. П.Орхон Монголын бөхчүүдээс Красноярскын тэмцээнээс 12 дахь алтан медалийг эх орондоо авчирч байгаа бөгөөд гурван түрүү нь түүний нэр дээр бичигдэж байна.
мундаг · 2018/01/28
ёстой тэнгэрлэг бүсгүй шүү,улам их амжилт