2018 оны эхний 26 хоногт зэсийн үнэ дунджаар 7081 ам.доллар байна
2018/01/29
2018 оны эхний 26 хоногт зэсийн үнэ дунджаар 7081 ам.доллар/тонн байгаа нь өнгөрсөн сарын дундаж үнэтэй харьцуулахад 279 ам.доллараар өссөн үзүүлэлттэй байна. Зэсийн сарын дундаж үнэ 7000 ам.долларыг давж өссөн тохиолдол 2014 оны 6-р сараас хойш гараагүй юм. Хэрэглэгчдийн зэсийн худалдан авалт 1-р сард эрс нэмэгдсэн нь зэсийн үнэ өсөхөд нөлөөлсөн байна.
Өнгөрсөн 12-р сард зэсийн баяжмал болон цэвэр зэсийн худалдааны нөхцөл тохирох хэлэлцээрүүд болсонтой холбоотойгоор зэсийн худалдан авалт бага байсан. Тухайлбал 2017 оны 12-р сард зэсийн эрэлтээрээ дэлхийд тэргүүлэгч Хятад улсын цэвэр зэсийн импорт 0,25 %-иар, зэсийн баяжмалын импорт 6,99 %-иар, хаягдал зэсийн импорт 2,78 %-иар буурсан байна.
1-р сарын дунд үеэр зэсийн үнэ 7100 ам.долларыг давж өссөн бол сүүлийн өдрүүдэд металлын биржүүд дэх зэсийн нөөц өссөн, ам долларын ханш чангарсан шалтгаанаар зэсийн үнэ бага зэрэг сулрах хандлагатай байна. Гэвч зарим судлаачид зэсийн үнийн өсөлт 2-р сард үргэлжилнэ гэж мэдээлж байна.
2018 оны 1-р сард шинэчлэн гаргасан судлаачдын энэ улирлын прогноз 7077 - 6060 ам.долларын хооронд хэлбэлзэж дунджаар 6658 ам.доллар/тонн байна. IHS Markit-ийн судлаачид 2018 оны 1-р улиралд зэсийн үнэ дунджаар 7077 ам.доллар байна гэж үзэж байгаа бол Credit Suisse банкны судлаачид 6060 ам.доллар/тонн байна гэж судалгаандаа дурджээ.