УИХ-ын дарга М.Энхболдын захирамжаар  байгуулагдсан “Улсын Их Хурал болон Байнгын хороо, Дэд хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх шаардлагатай тохиолдолд хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулж,  санал, дүгнэлт гарган Засгийн газарт чиглэл өгөх үүрэг бүхий” Ажлын хэсгээс өнөөдөр (2018.01.30) хэвлэлийн бага хурал хийлээ.

Хэвлэлийн бага хуралд Ажлын хэсгийн ахлагч, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны  байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нар оролцож, Ажлын хэсгээс өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын талаар мэдээлэл хийлээ.

Ажлын хэсгийн ахлагч Ё.Баатарбилэг хэвлэлийн бага хурлыг нээж хэлсэн үгэндээ, Улсын Их Хурлаас байгуулагдсан агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр байгуулагдсан ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд дөрвөн удаа хуралдаж, Агаарын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлуулсан. Түүнчлэн агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг хариуцах эзэнтэй болгохын төлөө ажилласан.

Мөн Ажлын хэсгээс гаргасан удирдамжийн дагуу Улсын Их Хурлын гишүүд хууль, тогтоомжийн хэрэгжилтийн биелэлттэй танилцах хүрээнд Улаанбаатар хотын дүүргүүдэд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж байгаа аж ахуйн нэгж, төр болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаа болон, гэр хорооллын иргэдийн нөхцөл байдалтай  биечлэн танилцаж, санал сонсч, шаргуу ажиллалаа. Одоо агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийсэн ажлын тайлангаа Засгийн газарт хүргүүлнэ. Түүнчлэн аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ирүүлсэн санал санаачилга, төсөл, хөтөлбөрүүдийг Засгийн газарт хүргүүлнэ. Бидний хүргүүлсэн тайлан, зөвлөмжийг үзээд Засгийн газар агаарын бохирдлыг бууруулах талаар арга хэмжээ авч, хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган ажиллах шаардлагатай гэдгийг онцоллоо.

Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ энэ үеэр, Утааныг асуудлыг улстөржүүлж, ашиг сонирхлын үүднээс хандаж болохгүйг анхааруулахын сацуу агаарын бохирдлыг бууруулахад төр засгаас эхлээд иргэн хүртэл бүх шатанд хамтарч ажиллаж байж үр дүнд хүрнэ гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Агаарын бохирдлыг бууруулахад УИХ-ын зүгээс эрх зүйн орчинг боловсронгуй болгоход анхаарч ажиллах болсныг онцолж байлаа. Хачирхалтай нь УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир энэ үеэр хувийн компаниа өмгөөлж : “Утаанд улс төр явж байна. Хоёрдугаарт, Монголын нэр хүндтэй компаниуд руу чиглэсэн хар пиарын шинжтэй гүтгэлэг маш их явж байна. 2009 онд Дэлхийн банк, “Мянганы сорилын сан”-тай сайжруулсан зуухны тендер зарлаж “Сэлэнгэ” констракшн зэрэг олон компани шалгарсан. Энэ компаниуд “MCS”-тэй хамтран ажиллах санал дэвшүүлж, зуухны сурилуулалт дээр “MCS” компани ажилласан. Энэ зуух маш сайн халдаг, шаталтыг бүрэн явуулдаг. Дутагдалтай тал нь хоол хийх боломжгүйд байгаа юм. Ийм асуудлыг нэг компанид холбоод байх шаардлагагүй”  хэмээв. Энэ байдлаараа бол УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир тун удахгүй өөрийн хувь эзэмшддэг "MCS" гэгч компани зуух тараах ажилд огт хамаагүй гэж ч зарлаж магадгүй нь бололтой. Л.Элдэв-Очир нь УИХ-д сонгогдохоосоо өмнө “MCS” компаний согтууруулах ундааны салбар бизнесийг хариуцдаг байсан нэгэн юм. Тэрээр мөн  УИХ-ын 2016 оны сонгуулийн сурталчилгааны үеэр Баянхонгор аймгийн сонгогчидтой уулзах үеэрээ одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг "Эрүүгийн гэмт хэрэгтэн, яллагдагчаар татагдсан, тун удахгүй хэрэг нь  шүүхээр эцэслэн шийдэгдэнэ" гэж ярьж явсан гэх бөгөөд үүнээсээ болж УИХ- ын 9 дүгээр тойргийн ард түмнээсээ ихэд ичдэг гэдгээ өмнө нь өгүүлж байсан билээ.

 

н.Батжаргал

sonin.mn