Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой нэгэн түүхийг эргэн нэг санах үүднээс үүнийг бичлээ. Оросын талын худалдсан 49 хувь өмнө нь бас худалдагдаж байсан байна. Гэхдээ Орос улсад...

ОХУ-ын Засгийн газар 1994 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 955 тоот захирамжаараа Оросын Металлургийн яамны харьяа, хилийн чанадад өнгөт металлургийн үйлдвэр барьж ашиглах бүх холбоотын нэгдэл “Зарубежцветмет” хэмээх  улсын үйлдвэрийн газрыг хувьцаат компани болгон өөрчлөн зохион байгуулж, улмаар хувьчлах шийдвэр гарган, уг хувьчлалыг дагаж мөрдөж буй хууль тогтоомжийн дагуу зохион явуулахыг ОХУ-ын Төрийн эд хөрөнгө эрхлэх улсын хороонд даалгажээ. Дээрх захирамжийн үндсэн дээр ОХУ-ын Төрийн эд хөрөнгө эрхлэх улсын хороо мөн оны 6 дугаар сарын 24-нд буюу Засгийн газрын захирамж гарснаас 3 хоногийн дараа “Зарубежцветмет” нэгдлийг хувьчлах төлөвлөгөөг баталжээ. Уг төлөвлөгөөний 2.10-ын 12 ба 13 дугаарт “Эрдэнэт", “Монросцветмет” гэсэн хамтарсан хоёр үйлдвэрийн дүрмийн сангийн Оросын талд ногдох хэсгийг “Зарубежцветмет” нэгдлийн хувьчлагдах хөрөнгийн бүрэлдэхүүнд оруулан, улмаар хаалттай, нээлттэй хувьцаагаар, өөрөөр хэлбэл ажиллагчид, хамт олонд болон бусад этгээдэд худалдахаар заасан байна. Өөрийнхөө хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах, өмчөө хувьчлах асуудлыг шийдвэрлэх, хамтарсан үйлдвэрийн дундын өмчлөлд ногдох хэсгийг хувьчлах эсэхийг дотооддоо урьдчилан товлох нь Орос Улсын бүрэн эрх мөн гэдгийг манай тал хүндэтгэн үзэж байгааг энд дахин дурдах нь зөв байх.

Гэвч, тус хамтарсан үйлдвэрүүдтэй холбоотой аливаа асуудлыг шийдвэрлэхдээ хоёр тал хоёр улсын засгийн газрууд хооронд байгуулсан Олон улсын гэрээ 1991 оны Хэлэлцээрийн заалт бүрийг чанд баримтлах ёстой гэсэн байр суурийг Монголын тал хатуу баримталж байсан учраас уг хувьчлалыг эс зөвшөөрөхөд хүрчээ. Учир нь Оросын тал өөрийн өмчлөлийн хэсгээ ийнхүү хувьчлахдаа уг Хэлэлцээрийн 21 дүгээр зүйлд “Хэлэлцэн тохирогч тал тус бүр хамтарсан үйлдвэрийн дүрмийн сан дахь хөрөнгийн өөрт ногдох хэсгийг хэлэлцэн тохирогч нөгөө талтай зөвшөөрөлцсөнөөр сонирхогч бусад талуудад бүрэн хэмжээгээр, эсвэл хэсэгчлэн худалдах эрхтэй. Тэгэхдээ энэхүү хөрөнгийг худалдан авах давуу эрхийг хэлэлцэн тохирогч нөгөө талд олгоно” гэж заасны дагуу Монголын талд урьдчилан мэдэгдэж, улмаар тэргүүн ээлжинд худалдан авах давуу эрхийг эдлүүлэх ёстой байлаа. Гэвч энэ үйлдэл хийгдсэнгүй, хувьцаа бусдад шилжсэн байна. Асуудал нэгэнт ингэж шийдвэрлэгдсэний дараа өөрчлөн байгуулагдсан “Зарубежцветмет” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий захирал А.Ф.Тюряковоос 1994 оны 7 дугаар сарын 20-ны өдөр тэр үеийн ЭХГУУЯ-ны ирүүлсэн 94- 4/557 тоот, мөн “Эрдэнэт” болон “Монголросцветмет” хамтарсан үйлдвэрүүдийн Зөвлөлийн Оросын хэсгийн даргын хувиар Монголын хэсгийн даргад 1994 оны 7 дугаар сарын 25-ны өдөр илгээсэн 44-6/567 тоот албан бичгүүдэд тус нэгдэл хувьцаат компани болон өөрчлөн байгуулагдаж, хилийн чанадад байгаа хамтарсан үйлдвэрийн газруудын талаарх Засгийн газархоорондын гэрээ хэлэлцээр, үүсгэн байгуулах баримт бичгээр олгосон эрхийг бүрэн хэмжээгээр залгамжилсан гэхчлэн дурдсан байжээ. Гэхдээ эдгээр мэдээлэлд өмчийн асуудлаар, тэр дундаа хамтарсан үйлдвэрийн статусын тухай юу ч дурдсангүй. Иймээс тэр үеийн Монголын хэсгийнхэн уг мэдээллийг хүлээн авснаа хариу мэдэгдэхийн ялдамд хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх төдийгөөр асуудлыг хязгаарлан, ердийн яриа хэлэлцээний замаар учир явдлыг ойлголцохыг зорьсон байна. Тухайлбал, ЭХГУУЯ- ны дэд сайд Д.Амгалан 1994 оны 9 дүгээр сарын 30-нд ноён А. Ф. Тюряковт явуулсан 1/1335 тоот албан захидалдаа дээрх мэдээллийг тус яам анхааралдаа авч, Монголын эрх бүхий байгууллагуудад мэдээлснээ нотлоод, хамтарсан үйлдвэрүүдийн үйл ажиллагаа цаашид ч амжилттай хөгжинө гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ. Ноён А.Ф.Тюряковын захидлаас хойш уг асуудал ихээхэн ээдрээтэж, ялангуяа хамтарсан үйлдвэрийн Оросын талын оролцогчийн хувьцаа нь хувийнх болсон,“Эрдэнэт” болон “Монголросцветмет”-ийн Оросын талд оногдох хэсгийг хувьчилсан гэсэн мэдээлэл төрөл бүрийн сувгаар сонстох болжээ. Гэвч энэ талаарх мэдээллийг Монголын тал албан ёсоор хүлээж аваагүй байлаа. Ингээд Монгол Улсын Засгийн газар энэхүү асуудлаар Оросын талд удаа дараа хандан лавлаж, Оросын талын оролцогчийн статусын эргэлзээтэй байдлыг тодруулж өгөхийг хүсэх болсон байна. Тухайлбал, Төрийн өмчийн хорооны дарга З.Энхболд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга, Төрийн эд хөрөнгө эрхлэх хорооны дарга А.Р. Коход 1997 оны 3 дугаар сарын 20-ны өдөр явуулсан 1 /422 тоот албан бичгээрээ, тус хамтарсан үйлдвэрүүдийн Зөвлөлд ОХУ-ын Засгийн газрын ашиг сонирхлыг хувьчлагдсан “Зарубежцветмет” нэгдэл төлөөлөх эрхтэй эсэхийг нотолж өгөхийг ноён А.Р.Кохоос хүсэхэд, тэрээр хариуд нь “Орос улс өөрт оногдох хэсгээ хувьчилсан асуудал дотооддоо маргаантай байгааг мэдэгдэж, хэлэлцээрийн 21 дүгээр зүйлийг цохон тэмдэглээд, “Зарубежцветмет”-ийн бүрэн эрхийг нотлох боломжгүй” хэмээн бичсэн байна. Нэгэнт ОХУ-ын Засгийн газар өөрийн талын оролцогчийн бүрэн эрхийг баталгаажуулж чадахгүй байсан учраас ч 1996 оны 12 дугаар сард хамтарсан үйлдвэрийн зөвлөлийн хуралд оролцохоор ирсэн Оросын хэсгийн төлөөлөгчдийг тухайн үеийн Төрийн өмчийн хорооны дарга 3. Энхболд хүлээж авахгүй буцаасан байна. Энэ үеэс эхлэн “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди болон түүний Тамгын газрын дарга С.Баяр нар өөрсдийн байр сууриа илэрхийлэх болсон бөгөөд тэд Оросын хэсгийн оролцогчдыг ийнхүү буцаасныг буруутган, хоёр орны харилцаанд сэв суулгах алхам боллоо хэмээн шүүмжлэх болсон билээ. Ноён А. Р. Кохын дээрх захидал нь “Эрдэнэт" болон “Монголросцветмет” зэрэг хамтарсан үйлдвэрүүдийн Оросын талд оногдох хэсэг хувьчлагдаж, тэр нь дотроо маргаантай байгаа юм байна гэдгийг албан ёсоор мэдэгдсэн хэрэг байсан тул Монгол Улсын засгийн газарэнэхүүхувьчлалыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мөн албан ёсоор илэрхийлэх болсон байна. Тухайлбал, ТӨХ-ны дарга З.Энхболдоос ОХУ-ын Засгийн газрын Ерөнхий сайдын орлогч А-Р.Коход 1997 оны 3 дугаар сарын 26-нд явуулсан 451 тоот албан бичигт, хэрэв Орос улсын засгийн газар “Эрдэнэт” үйлдвэрийн хөрөнгийн өөрт оногдох хувиа худалдах ахул Хэлэлцээрийн 21 дүгээр зүйлд заасны дагуу Монгол Улс уг хөрөнгийг худапдан авах давуу эрхээ эдлэхэд бэлэн байна гэдгээ нотолжээ. Гэхдээ ийм асуудал үүссэн нь Орос улс өөрт оногдох хэсгээ хувьчилсантай холбоотой бус, харин хувьчлахдаа дээрх Хэлэлцээрийн заалт, Монгол Улсын болон Орос улсын иргэний хууль тогтоомж, олон улсын Иргэний эрх зүйн практикт нийтлэг байдаг хамтран өмчлөгчийн давуу эрхийг зөрчсөнтэй холбоотой байв. Анхнаасаа 1991 оны Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулахад олон улсын хуулийн этгээд болох хоёр улсын засгийн газар өөр хоорондоо харилцан хариуцлага хүлээснээс биш Монгол Улсын засгийн газар аль нэгэн хувийн компанитай гэрээ байгуулаагүй. Өөрөөр хэлбэл, Хэлэлцээрээр хүлээсэн Оросын Засгийн газрын эрх, үүргийг одоогийн “Зарубежцветмет” нэгдэл хэрэгжүүлэх эрх, хэмжээ байхгүй гэж Монголын тал үзсээр иржээ. Иймд хоёр тал засгийн газрууд хоорондын Хэлэлцээрээ үндэслэн эрх тэгш, ул суурьтай хэлэлцэн тохирох нь зүйтэй гэсэн байр суурийг Монголын тал баримталсаар байв. Яг үнэндээ Төрийн өмчийн хорооны дарга 3. Энхболд энэ байр суурийг хатуу баримталж байлаа. Түүнийг энэ байр сууриа өөрчлөхийг нэр хүнд бүхий олон улс төрч ятгаж үзээд дийлээгүй байдаг.

Гэхдээ Төрийн өмчийн хорооны тухай үеийн дарга З.Энхболдын энэ байр суурийг Засгийн газар дэмжиж байв. “Эрдэнэт“ болон “Монголросцветмет” зэрэг үйлдвэрийн газрууд нь Хэлэлцээрийн 3 дугаар зүйлд зааснаар Монгол улсын  хуулийн этгээд мөн тул Монгол Улсын хууль тоггоомж, Монгол Улсын олон улсын гэрээний дагуу ажиллах ёстой хэмээн Монгол улсын Засгийн газар  үзсээр иржээ. Харин Ерөнхий сайд Ж.Наранцацралтын “Эрдэнэт” үйлдвэрийн талаар баримталж байсан байр суурийг илэрхийлэх баримт бичиг нь нь 1999 оны 1 сарын 19-ний өдөр Ерөнхий сайд Ж. Наранцацралтын. ОХУ-ын Засгийн газрын тэргүүний нэгдүгээр орлогч Ю.Д.Маслюковт явуулсан захидал юм. Гэвч энэхүү захидалд  дурдагдсан мэдээлэл нь зөвхөн Ерөнхий сайд Ж.Наранцацралтын алдаа байснаас биш Монгол Улсын Засгийн газар тус үйлдвэрийн талаар баримталж байсан үндсэн байр биш байсан юм. Учир нь Ерөнхий сайд асан Ж.Наранцацралт эхлээд УИХ-ын чуулганы 1998 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн нэгдсэн хуралдаан дээр “энэхүү захидлыг танхимаараа хэлэлцүүлэх шаардлагагүй хэмээн бодоод ганцаараа бичсэн гэж мэдэгдэж байсан боловч, төдөлгүй хэн, хэдийд, ямар аргаар тэрхүү захидалд гарын үсгийг нь зуруулчихсаныг санахгүй байна” гэж ярих болсон билээ. Ж.Наранцацралт энэхүү захидлаа Ю.Д.Маслюковоос Монгол Улсын Засгийн газарт 1998 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ирүүлсэн албан захидлын хариу болгон бичсэн гэж тайлбарлаж байв. Гэтэл Ю.Д. Маслюковын уг захидлын албан ёсны хариуг Ц.Элбэгдоржийн тэргүүлсэн үүрэг гүйцэтгэгч Засгийн газар хэдийнэ явуулсан байсан юм.

Гэтэл Ж.Наранцацралт 1999 оны 12 дугаар сарын 24-нд "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагадаа "Ер нь энэ бичигт байгаа гарын үсэг бол минийх мөн. Гэхдээ гарын үсгийг яаж ч хувилж болно"хэмээн мэдэгдэж, түүний гарын үсгийг хэн нэгэн этгээд хуурамчаар хуулбарлан үйлдсэн байж магадгүй гэсэн санаа хэлсэн байдаг. Тэрээр энэ ярилцлагадаа “Ерөнхий сайд өөрөө бичиг боловсруулж гарын үсэг зурахгүй нь мэдээж. Энэ бичиг миний зөвлөх Одын компьютерт байгаа юм. Харин Одын туслах нь хэн бичүүлснийг санадаггүй юм билээ. Гэтэл Одын компьютерт байгаа, ОХУ-руу явсан, ОХУ-ын элчин сайд дээр байгаа бичиг гурвуулаа өөр өөр байдаг" гэсэн байна. Харин энэ Од гэдэг хүн хэн байсан бэ... одоо хайвал олдох л байх... Ж.Наранцацралтын явуулсан энэ захидалтай холбогдуулан УИХ-аас 1999 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 51 дүгээр тогтоол гаргаж "Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Наранцацралтаас Монгол Улсын хууль, төрийн албан хэргийн хөтлөлтийн журам зөрчиж 1999 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр ОХУ-ын Засгийн газрын Ерөнхий сайдын нэгдүгээр орлогчид илгээсэн захидал нь Монгол Улсын олон улсын гэрээ, холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн, үндэсний эрх ашигт ноцтой хохирол учруулахуйц үйл ажиллагаа болсон байна” гэж дүгнэж, Ерөнхий сайд Ж.Наранцацралт огцорсон байна. Харин Ерөнхий сайд Ж.Наранцацралтын захидалд тус үйлдвэрийн Зөвлөлд “Зарубежцветмет"-ийн төлөөлөх эрхийг манай тал бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрлөө, харин манайх иймэрхүү хувьчлал явуулбал та бүхэн мөн адил над шиг хандаарай гэсэн тохироо маягийн үгс бичигдсэн байгааг үргэлжлүүлэн шалгаагүй үлдээсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд асан Ж. Наранцацралтаас ОХУ-ын Засгийн газрын нэгдүгээр орлогч Ю.Д.Маслюковт явуулсан захидлыг чухам хэдийд, хэн үйлдэж, ямар арга замаар Оросын хуулийн байгууллагад хүрсэн, хууль бус хувьчлалыг яагаад хүлээн зөвшөөрсөн болохыг хууль хяналтын байгууллага шалгаагүй юм.

“ Э р д э н э т ”, “Монголросцветмет”, “Шижир алт” зэрэг үйлдвэрүүдийн ОХУ-ын өмчлөлд ногдох хэсгийг хувьчилсан арга явцыг Монгол Улсын Засгийн газраас гадна Орос улсын дотоодод ч гэсэн буруушааж буй байгууллага, албан тушаалтнууд олон байжээ. ОХУ-ын Ерөнхий прокурорын нь орлогч В.И.Давыдов төрийн нэрийн өмнөөс төрийн өмчийн ашиглалт, зарцуулалтанд хяналт тавих чиг үүргийнхээ дагуу 1997 оны 5 дугаар сарын 6-нд Москва хотын Арбитрын шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Зарубежцветмет нэгдлийг нээлттэй хувьцаат нийгэмлэг болгон хувьчлахдаа дүрмийн санд нь “Эрдэнэт” зэрэг объектуудын ОХУ-д ногдох хувь хөрөнгийг оруулж өгсөн нь “Эрдэнэт” үйлдвэрийн талаарх хоёр улсын Засгийн газар хоорондын 1991 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн шинэчлэгдсэн Хэлэлцээрийн 21 дүгээр зүйлийг зөрчсөн байна. Хэргийг хариуцагч болох ОХУ-ын Эд хөрөнгө эрхлэх улсын хороо энэ тухай Монголын талд мэдэгдэж, саналыг нь авалгүй хувьчлал явуулснаар олон улсын тавцан дээр ОХУ-ын нэр хүндийг угнагахад хүргэж, аливаа хуулийн заалт нь олон улсын гэрээ хэлэлцээрээс гажиж байвал олон улсын гэрээний заалтыг мөрдөнө гэсэн ОХУ-ын Иргэний хуулийн долдугаар зүйлийг ноцтой зөрчжээ... Хамтарсан үйлдвэрийн дүрмийн сангийн Оросын өмчлөлд ногдох хэсгийг хувьчлахыг Монгол Улсын Засгийн газар зөвшөөрснийг гэрчлэх ямарваа баримт олдохгүй байна. Харин ч “Эрдэнэт” хамтарсан үйлдвэрийн тухай хэлэлцээрийн 21 дүгээр зүйлийг Оросын тал биелүүлэхгүй байгааг Монгол улсын ТӨХ-ны дарга З.Энхболд 1997 оны 3 дугаар сарын 26-ны албан захидлаараа анхааруулсан байна” гэжээ. Энэхүү нэхэмжлэлийг Москва хотын Арбитрын шүүх авч хэлэлцээд “Зарубежцветмет” нэгдлийн талд шийдсэнийг ОХУ-ын Ерөнхий прокурорын газар үл зөвшөөрөн, Арбитрын дээд шүүхэд давж заалдсан бөгөөд тэр нь хэзээ мөдгүй хуралдах гэж байсан эгзэгтэй мөчид Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Наранцацралтын захидал бичигдсэн байдаг.

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлалыг зөвхөн Прокурор ч буруутгаад зогссонгүй, ОХУ-ын төрийн Думын Геополитикийн асуудлын хорооны 1998 оны 2 дугаар сарын 10-ны өргөтгөсөн хуралдаан дээр ОХУ-ын Сангийн яамны хэлтсийн дарга А.В.Смирнов уг  хувьчлалыг “Зүй бус алхам. Төрийн мэдэлд эргүүлж авах нь зүйтэй” хэмээн танилцуулж байжээ. Эцэст нь ОХУ-ын Арбитрын дээд шүүх хууль бус хувьчлалыг хүчингүй болгож, ОХУ-ын Засгийн газар хамтарсан “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувиа төрдөө буцаан авч чадсан. Харин одоо хамтарсан “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн түүх Монгол Улсад үргэлжилж байна... Оросын төр, шүүх нь төрийн өмчөө хууль бус хувьчлалаас хамгаалж чадсан байна. Харин Монголын төр, шүүх чадах уу?

 

Улс төр судлаач Б.ЭНХ-ХҮСЛЭН