Өмнөх оны сүүлийн улирлын “Аюулгүй ажиллагчид” тодорлоо
2018/01/31
Эрдэнэт үйлдвэрийн ХАБЭАБОХХ-ээс улирал тутам хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм журмыг чандлан сахиж, санаачилгатай ажиллаж буй ажилтнуудыг тодруулж, “Аюулгүй ажиллагч”-ийн шагналаар урамшуулдаг уламжлалтай. Энэ дагуу өнгөрсөн оны сүүлийн улирлын “Аюулгүй ажиллагчид”-ыг шалгаруулж, өнөөдөр шагналыг нь гардууллаа.
ХАБЭА-н урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцож, аюул эрсдлийг илрүүлэн мэдээлсэн, үр ашигтай санал санаачилга дэвшүүлсэн зэрэг үзүүлэлтээр шалгаруулдаг Аюулгүй ажиллагчийн урамшуулал дөрвөн ангилалтай. Дээрх болзолыг хангасан ажилтныг анх удаа “Аюулгүй ажиллагч”-аар бүртгэж, дурсгалын зүйлээр шагнадаг. Тэгвэл өмнөх оны сүүлийн улирлын ажлын үр дүнгээр 27 ажилтан уг шагналын эзэн болов. “Аюулгүй ажиллагч”-ийн дараагийн шатлал буюу хоёр дахь удаа шалгарч буй 14 ажилтныг Эрдэнэт үйлдвэрийн удирдлагын бүрэлдэхүүнтэй үдийн зоог, ярилцлаганд уригдах эрхээр урамшууллаа. Харин “Аюулгүй ажиллагч”-ийн болзлыг гуравдах удаагаа хангаж ажиллаж буй 14 ажилтныг үйлдвэрийн Ерөнхий захирлын тушаалын дагуу тус бүр 100 мянган төгрөгөөр урамшуулсан бол “Аюулгүй ажиллагч”-ийн жагсаалтад дөрөв дэх удаагаа бүртгэгдсэн 6 ажилтанд гадаад улсад аялах эрхийн бичиг гардууллаа.
Гадаад улсад аялах эрхээр шагнагдсан ажилтнуудаас Ил уурхайн цахилгаан хийн гагнуурчин Б.Ганболд, Баяжуулах үйлдвэрийн хөвүүлэн баяжуулагч Б.Цацрал, Авто тээврийн байгууллагын тоног төхөөрөмжийн засварчин Д.Баянмөнх, Чанар хяналтын хэлтсийн лаборант Н.Гэрэлтуяа, Лаборатори судалгааны төвийн тээрмийн машинч С.Хуягбаатар нар “Асуудлыг шийдвэрлэхэд идэвхтэй оролцогч” болсон бол Цахилгаан цехийн цахилгааны монтёр Б.Цогт-Очир “Хамгийн олон асуудал илрүүлэгч”-ээр шалгарчээ. Мөн хэсэг тус бүртээ нэгдүгээр байр эзэлсэн Баяжуулах үйлдвэр, Засвар монтажийн цех, Үйлчилгээ, аж ахуйн алба, Уурхайчин соёлын ордны тэргүүний ажилтнуудыг мөнгөн шагналаар урамшуулав. Энэ үеэр Үйлдвэр, техникийн газрын дарга П.Батболор “Аюулгүй ажиллагч”-аар тодорсон ажилтнуудад баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүслээ.