Дорноговь аймгийн Сайншанд хотын Зүүнбаян багт 19 тугал хорогдсоны шалтгаан нь Францын “Арева” компанийн охин компани “Кожеговь” компанийн үйл ажиллагаатай холбоотой гэдэг нь тодорхой болчихоод байхад манай нөхдүүд мэдээллийг тас дараад байж байгаа.

Үнэн зөв мэдээллийг өгөх учиртай Цөмийн Энергийн Газраас  “Кожеговь” ХХК-д буруу байхгүй гэсэн агуулгатай мэдээллийг өгөөд байхаар ер нь яалтай ч билээ. Хачирхалтай нь “худалч” газруудын нэг болох Цөмийн Энергийн Газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр сууж асан Н.Тэгшбаярыг албан ёсоор суулгах шийдвэрийг Засгийн газраас гаргаад байна. Түүнийг тус газрыг удирдах ёстой хүн гэж үзэж байгаа бололтой.

Тэгвэл  Ерөнхий сайд Н.Алтанхуягийн нутгийн дүү, Д.Дорлигжавын сонгуулийн штабт хоёр сонгуулиар хүчин зүтгэсэн, гарынх нь хүн гэхчлэн улстөрийн нөмөр нөөлөг ихтэй тэрээр томилогдсон салбарынхаа талаар юу ч мэдэхгүй гэдгээ өөрөө албан ёсоор дэлгэчихсэн билээ. Ер нь түүнд энэ салбарын талаарх тодорхой мэдээлэл үгүй гэдгийг илчилсэн хариултууд бүхий ярилцлагыг тэрээр телевизэд өгсөн байдаг.

Түүний учир битүүлэг, үл ойлгогдом хариултууд хэвлэлийнхний анхаарлын гадуур өнгөрсөнгүй. Тэрээр:

-Дан ганц нүүрсээрээ цахилгаан гаргадаг хэвээр байвал буурай хөгжилтэй хэвээр үлдэнэ. АЦС бол хөгжлийн тулгуур. Зэс алт дэлхийд хаа сайгүй байна. Уран зөвхөн Монголд л их байгаа… ”

-Шар нунтаг, Эм хоёр адилхан аюулгүй…

-Цацраг идэвхт бодисыг хил гаалийн хяналтанд хэрэглэж байгаа учраас Ураныг олборлох шаардлагатай.

“Цөмийн зэвсэггүй бүс” болсон тул Гадны цөмийн хаягдлыг Цөмийн бөмбөг болгохгүйгээр найдвартай хадгалж чадна. Гэхдээ гаднаас хаягдал авахыг хориглосон…

Би АЦС-ыг мэдэж байхад Ард түмэн эсэргүүцээд хэрэггүй… 8-10 баллаас дээш газар хөдлөлтөнд АЦС дэлбэрээгүй юм шүү дээ. Японд АЦС-аа засч дуусч байгаа.

АЦС-ыг Монголд хэрэглэх нөхцөл нь бүрдээгүй юм уу даа гэхэд Өндөр хөгжилтэй улсаас зөвлөмж аваад хэрэглэж болно. Бусад олон оронд барьж ашиглаж байхад манайд ч болно. Стандарт л мөрдөхөд болчихно.

Солонгосын АЦС-ын дэргэд загас тэжээгээд амьд л байж байдаг. Ийм л аюулгүй, цэвэрхэн юм.

Японд АЦС хэрэглэхгүй гэснээ эргэж харахаа мэдэгдсэн. Олон орон АЦС барихаар төлөвлөж байгаа.

Өнгөрсөн хугацаанд маш их хөрөнгө оруулсан байна. Цөөхөн компани бий. Нөөцөө тогтоосон 5 орд байна.

Манай орон бусад орныг бодвол мэргэжлийн боловсон хүчин сайн байгаа.

Цөмийн технологийг ашиглахын тулд Ураныг заавал олборлох шаардлагатай. Буурай орон хэвээр байя гэвэл нүүрсээр цахилгаан гаргадаг хэвээр байж болно…. гэхчлэн үнэхээр анзаарахгүй өнгөрөхийн аргагүй хариултуудыг хээв нэг өгчээ.

Түүний хэлж буйгаар бол манай улс гадны цөмийн хаягдлыг Цөмийн бөмбөг болгохгүйгээр найдвартай хадгалж чадах гэнэ. Тэгэхээр иргэд цөмийн хаягдлыг Монголд булшилахын эсрэг үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж ирсэнтэй зэрэгцэн бүдгэрсэн асуудлыг шинэ дарга өмгөөлөн үгээ хэлж байх аж. Ер нь түүний хувьд шинэчлэлийн тодотголт Засгийн газрын бүрэн эрхийн үед суудлаасаа ганхаад байхааргүй аж.  “Босоо Загал” компанийн захирал, “Зөв сонголт-Зөв нийгэм” ТББ-ийн тэргүүн, Ардчилсан Залуучуудын холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн, Намир, Орлого голыг хамгаалах хөдөлгөөний зохицуулагч,  “МонАтом” төрийн өмчит компанийн дэд захирлын албыг хашиж ирсэн тэрээр нэрээ хугалахаас эмээдэггүй нэгэн бололтой. Ямартаа л, түүнийг Солонгосын виз гаргана, Ирландын сургуулийн урилга авч өгнө гэх мэт аргаар иргэдийн мөнгийг удаа дараа луйвардаж  байсан гэх мэдээлэл хэвлэлийн хуудсуудаар гарч байсан. Тэгэхээр иймэрхүү нөхөр л Цөмийн Энергийн Газрын даргаар албан ёсоор суучихаад, амныхаа зоргоор чалчиж суудаг болж. Ах нар нь эрх мэдэлтэй байгаа цагт албан тушаал дээрээ наалдан пад маягтай байгаад байж чадах түүнээс хариуцлагатай байхыг шаардах нь зөв болов уу..

Б.Булган