Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав өнгөрсөн сарын дундуур гэнэтхэн л “Оюутолгой” компанийн талаар мэдэгдэл хийж, “Тэвчээрт хязгаар бий.

Энэ бол Монголын ард түмний санаа бодлын илэрхийлэл юм. Би тэдний өмнөөс, Монгол Улсын уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдын хувьд “Рио тинто” компанийг Монголын ард түмний нийгэм, эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулахыг шаардаж байна. “Оюу толгой" компани хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн хэд хэдэн үүргээ биелүүлэхгүй, манай орны эрх ашгийг хохироосоор өдийг хүрлээ. 

Тэд эхний ээлжинд зам тээврийн асуудлыг авто болон төмөр замын аль ч хэлбэрээр шийдэх ёстой байсан. Гэтэл өнөөдөр монголчуудын чадан ядан барьж байгуулсан авто замаар чихэлдэж, давуу эрх эдэлж тээвэрлэлт хийж, олон мянган жолооч зуу зуун км-ын дараалалд саатаж, түвэг бэрхшээл үүсэх нэг нөхцөл болж байна” гэж ирээд л мэдэгдэл хийсэн. Гэнэт шүү.

Үүнийгээ мань дэд сайдтан “Энэ мэдэгдэл бол Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдын албан ёсны мэдэгдэл. Ард түмнийхээ өмнөөс хийж байна. Миний ярьж байгаа зүйлүүд эх орны эрх ашгийн үүднээс юм. Оюутолгойн гэрээг үр ашгаа үзүүлэх гэрээ гэж харж байсан. Энэ байдлыг нэлээд хүлээсэн. Оюутолгой компани Монголын баялгийг олборлож ашиглахдаа хилийн чанадаас удирдаад, манайхыг түүхий эдийн бааз болгон ашиглаж байна. Эх орны үйлдвэр уурхай байх ёстой” гэж ирээд л тайлбарлаж гарсан.

Харамсалтай нь түүний энэ үг үнэхээр өөрийнх нь хэлсэн шиг эх орны эрх ашгийн үүднээс байсан болов уу гэдэг нь олны анхаарлыг татаж буй юм.

Учир нь тухайн үед сэтгүүлчид түүнээс “Танай дүүгийн компани "Оюу толгой"-н туслан гүйцэтгэгч компани байсан гэсэн. Энэ үнэн үү” хэмээн асуухад “Би гурван дүүтэй. Нэг нь төрийн өмчит компанид, хоёр нь хувийн салбарт бизнес эрхэлдэг. Би тэдний ажилд хөндлөнгөөс оролцдоггүй. Манай дүүгийн компани туслан гүйцэтгэгч байсан гэж сонсоогүй” хэмээн хариулж байв.

Гэвч аль хэдэн жилийн өмнө буюу 2011 онд УИХ-ын гишүүн байх үедээ Д.Загджав Дорноговь аймагт МАН-ын “Ард түмнээ сонсъё аян” болох үеэр очсон байдаг. Ингэхдээ хамт явсан багийн гишүүд нь ажлаа төлөвлөж байхад мань эрхэм төдийлөн оролцоогүйгээр, дуугүй л яваад байж. Хамтран зүтгэгчид нь учрыг тодруулахад “Би ч юу хийхэв дээ. Харин энд ирснийх дүүгийнхээ ажилтай нэг сайн танилцаад авъя” хэмээн ам алдаж байжээ.

Мэдээж тухайн үед хамт явагсад нь ‘Чи намын мөнгөөр хувийн компанийнхаа ажлыг шалгахгүй шүү" гэх мэтээр маазарсан байдлаар яриад л өнгөрсөн байдаг. Тэрхүү дүүгийн ажил гэдэг нь Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулдаг “Интер транс” компани бөгөөд Д.Загджавын дүү Д.Загд-Очир удирддаг гэх юм билээ. Харин дээрх “Интер транс” компани нь Дорноговь аймгийн төв Сайншандаас “Оюутолгой” компанид шатахуун түлш зөөвөрлөдөг аж.

Мэдээж шатахуун, түлшний маш их хэрэглээтэй уул уурхайн компаниудад, тэр дундаа "Оюутолгой”-д нийлүүлэлт хийнэ гэдэг том боломж, бөөн ашиг. Гэтэл ах нь дүүгийнхээ ашиг өндөртэй бизнест чөдөр болж буй мэт, дээрх мэдэгдлийг хийж, салбарын сайд байтугай бүр Засгийн газрын өмнүүр орж, зөвхөн өөрийн байр сууриа илэрхийлэхдээ монголчуудын эрх ашгийг ашиглаж буй нь цаанаа хардлага дагуулахгүй байхын аргагүй. Учир нь тээврийн маш олон компани “Оюутолгой”-н хэрэглээний шатахуун түлш тээвэрлэхийг хүсдэг. Харамсалтай нь хүссэн зоргоороо энэ ажлыг олж авч чаддаггүй.

Харин улс төрийн нөлөөллөөр бол амархан авч дөнгөдөг талаар салбарынхан нь ам дамжуулан ярих юм билээ. Тэгэхээр дэд сайд ах нь дүүгийнхээ компанийн өнгөрсөн хугацаанд олсон боломж, ашгийг нь нэмэгдүүлж өгөхийн төлөө барьцаа ахиулж атгахаар зүтгэж байгаа ч юм билүү хэн мэдлээ. Тэгээгүй сэн бол эрхэм дэд сайдтан хамгийн сайнаар мэдэх ёстой шатахууны үнэ ханш тогтворгүй болж, хомсдол үүссэн мэт ачаалал бий болчхоод байхад юу ч мэдээгүй хэмээн мэлзэж, тэс хөндлөн “Оюутолгой”-гоор гэнэт тэсрэх нь юу л бол.

Барьцаа ахиулахаар албан тушаалаа ашиглан мэдэгдэл зэргийг хийж “Оюутолгой”-той үзэлцэх заль түүнд бий гэхэд хилсдэхгүй. Учир нь мань хүнийг өдгөө салбарын сайд нь түншиж эхэлсэн хэмээн шуурч байгаа ч цаад утгаараа бол Д.Загджав гэх эрхэмд монголын төр яг л өртэй мэт албан тушаалд тохоон томилсоор ирсэн байдаг. Тэр ч утгаараа дэд сайд Д.Загджав энэ удаагийн суудлаа ихэд эрх мэдэлтэй мэт аяглаж буй. Саяхан мань хүн телевизийн ярилцлагад оролцох үедээ өөрийг нь танхимын зарчмаар ажилладагтай хэмээн асуухад “Ер нь дэд сайд чинь танхимын гишүүн биш шүү дээ" хэмээж байна лээ.

Арай л өөрийгөө танхимын гишүүн биш гээд ямар ч асуудалд өөрийн, хувь хүнийхээ байр сууринаас хандаад яваад байж болно гэж бодоогүй л байлтай. Эсвэл үнэхээр монголын төр энэ хүнд дааж, давшгүй их өртэй, түүнийгээ албан тушаалынхаа  бололцоог ашиглан төлбөрийг нь барагдуулж авдаг юм болов уу. Арай ч үгүй байгаа даа...

 

Б.Төгөлдөр

Эх сурвалж: "Өглөөний сонин"