Ш.Отгонбилэг агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв
2018/02/01
Жил бүрийн 2-р сарын 1-ний өдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн анхны монгол ерөнхий захирал асан Шагдарын Отгонбилэг агсны төрсөн өдөр тохиодог билээ. Энэ өдөр Эрдэнэт үйлдвэр болон Эрдэнэт хотын удирдлагууд болон оюутан залуус Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн дэргэдэх ШУТИС-ийн харьяа Технологийн сургуулийн өмнө талбай дахь Ш.Отгонбилэг агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг юм. Тэрээр Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байхдаа уул уурхайн салбарын чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор одоогийн Технологийн сургуулийг Эрдэнэт үйлдвэрийн дэргэд байгуулах шийдвэрийг санаачлан хэрэгжүүлсэн тул тус сургуулийг түүний нэрэмжит болгон, нэрийг нь мөнхжүүлсэн түүхтэй. Тиймээс хүндэтгэл үзүүлэх энэхүү арга хэмжээг Технологийн сургууль жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.
Ш.Отгонбилэг агсны хөшөөнд цэцэг өргөх ёслолд Хөгжлийн бодлогын газрын дарга Д.Нэмэхбаяр, Технологийн сургуулийн ЭШ, ДБСХ орлогч Л.Наранцэцэг, Аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал бөгөөд Еранхий инженер Д.Эрдэнэцогт нарын удирдлагууд,тус сургуулийн Удирдах зөвлөл болон Эрдмийн зөвлөлийн гишүүд, боловсролын байгууллагын төлөөлөгчид, багш оюутны төлөөлөл оролцов.
Түүнчлэн энэхүү түүхэн өдрийг тохиолдуулан Ш.Отгонбилэгийн нэрэмжит хичээлийн хөтөлбөрийг боловсруулж Технологийн сургуулийн нийт багш ажилтнууд болон 1,2 дугаар курсийн оюутнуудад Техникийн ухааны магистр Д.Тогооч “Ш.Отгонбилэгийн Эрдэнэт үйлдвэрийн хөгжилд оруулсан хувь нэмэр, түүний намтар, ажил үйлс” сэдвийн дор илтгэл уншлаа.