"Пёнчан-2018" олимпийн наадамд оролцох баг тамирчдад төрийн далбааг албан ёсоор гардуулав
2018/02/02
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Пёнчан-2018” өвлийн XXIII олимпийн наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох гүйлтийн цанын тамирчин Б.Ачбадрах, Ч.Отгонцэцэг нарын баг тамирчдаа албан ёсоор үдэн гаргаж, Төрийн далбааг гардуулах ёслол өнөөдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамны Хүндэтгэлийн танхимд болов.
БНСУ-ын Пёнчан хотноо өвлийн XXIII олимпийн наадам энэ сарын 9-ний өдөр нээлтээ хийнэ. Энэ удаагийн “Пёнчан 2018” олимпийн наадамд 92 орны 3000 гаруй тамирчин долоон спортын 15 төрлөөр өрсөлдөнө.
“Пёнчан 2018” өвлийн олимпийн наадмын Монголын үндэсний шигшээ багийн ахлагчаар УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ томилогджээ. Тэрбээр1988, 1992, 2000 оны зуны олимпийн надаамд жүдо бөхийн тамирчнаар оролцохдоо бүгдэд нь тугч болж байсан бол анх удаа өвлийн олимпийн наадамд баг тамирчдаа ахлан оролцож байна.
Өвлийн олимпийн баг тамирчдыг танилцуулахад, ОУХМ Б.Ачбадрах, ОУХМ Ч.Отгонцэцэг нар хурдаа сорино. Дасгалжуулагчаар Х.Хаш-Эрдэнэ /Гүйлтийн цанын тамирчин, “Турин 2006”, “Ванкувер 2010” олимпод оролцсон, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч/ Төлөөлөгчөөр Э.Очирсүрэн /Монголын цанын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, “Турин 2006”, “Ванкувер 2010” олимпийн наадамд оролцсон тамирчин/. Пёнчаны олимпийн наадмын эмэгтэйчүүдийн 10 км-ын зайд Ч.Отгонцэцэг хоёрдугаар сарын 15-нд уралдах бол гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн 15 км-т Б.Ачбадрах хоёрдугаар сарын 16-нд хурдаа сорих юм.
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа энэхүү ёслолын үеэр баг тамирчдад хандаж үг хэлсэн юм. Тэрбээр: “Биеийн тамир, спортын тухай хуулийг 2017 онд шинэчлэн найруулж, баталсан. Энэ оноос эхлэн хууль хэрэгжиж эхэлж байгаа бөгөөд хуулийг сурталчилан таниулах, олны хүртээл болгоход салбарынхан ажиллаж байна. Өчигдөр /2018.02.01/ Төрийн ордонд спортын салбарынхан зөвлөлдөж, нээлттэй хэлэлцүүлгийг хийлээ. Олимпизмийн хүрээнд бид юу хийх ёстой юм. Мэргэжлийн спортын байгууллагуудыг яаж дэмжих, амжилт гаргаад байгаа тамирчдын нийгмийн асуудлыг яаж хамгаалах вэ зэрэг асуудлыг хөндөн нухацтай ярилцлаа. Бид 336 суманд хүрч ажиллах биеийн тамир, спортын арга зүйч, зааварлагчтай болохоор яамнаас анхаарч ажиллаж байна. Хэдхэн хоногийн өмнө ард түмнээ баярлуулж, “Пёнчан 2018” өвлийн олимпийн наадамд оролцох эрхээ баталгаалжуулсан тамирчин Б.Ачбадрах, Ч.Отгонцэцэг нартаа дахин баяр хүргэе. Олимпийн эрхийн буухиаг залгуулж, хүчин чармайлт гаргасан цанын холбоо болон тамирчдадаа талархал илэрхийлж байна. Та бүхэндээ спортын өндөр амжилт хүсье” гэв.
Улмаар сайд Ц.Цогзолмаа, Монгол Улсын Төрийн далбааг “Пёнчан 2018” олимпийн наадмын Монголын багийн ахлагчид гардуулсан юм.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: “Мэдээж, олимпийн наадамд оролцох баг тамирчид маш хариуцлагатай оролцох хэрэгтэй байдаг. Дэлхийн хүн төрөлхтөний энэ том наадмын үеэр багагүй асуудал гардаг. Гэхдээ манай тамирчдын хувьд асуудал гаргах нь ховор. Зуны олимпийн наадамд оролцож явсан миний хувьд гадны тамирчид асуудал гаргаж байсныг сайн мэднэ. Бид бол их зүйлийг даван туулсан. Одоо шигшээ багт багтсан тамирчдын хувьд ямар ч асуудалгүй байна. Бүх зүйлийг улсаас гаргаж байгаа. Дээр нь цалин өгдөг. Өндөр амжилт гаргасан тамирчид хичнээн хэмжээний шагнал урамшуулал авч байгааг та бүхэн мэднэ. Ингээд өвлийн олимпийн наадамд оролцох гэж байгаа баг тамирчдад спортын өндөр амжилт хүсье” гэлээ.
Д.Өлзий
Эх сурвалж: Монцамэ агентлаг