"Саалийн үнээ" маань "Хэрүүлийн алим" болжээ
2018/02/02
Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын “Ростех” компаниас худалдан авсан “Монголын зэс" корпораци нь “Монголын Засгийн газар шүүхийн шийдвэрийг үл хэрэгссэн” гэх гомдлоор Арбитрын шүүхэд хандахаар бэлтгэж байх зуур тус үйлдвэр бүхэлдээ “Стандарт” банкны зээлийн 120 сая ам.долларын төлбөрт битүүмжлэгдэх нөхцөл байдал үүслээ.
“Эрдэнэт’’ үйлдвэрийн эцсийн бүтээгдэхүүн болох зэсийн баяжмалыг барьцаалан “Жаст” хэмээх группийн ерөнхийлөгч асан Ш.Батхүү 2009 онд "Стандарт” банкны Өмнөд Африк дахь салбараас их хэмжээний ам.долларын зээл авсан нь 2014 онд олон нийтэд ил болж байв. “Жаст”-ын гэх тодотголтой иргэн Ш.Батхүүгийн эзэмшилд байсан “Хадгаламж" банк цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болсон учраас 2014 оны долоодугаар сард Монголбанкнаас эрх хүлээн авагч томилон Төрийн банктай нэгтгэх шийдвэрийг гаргах үед дээрх “Стандарт'' банкны зээлийн асуудал сөхөгдсөн юм.
Тухайн үед Ш.Батхүү зээлийн бичиг баримтыг бүрдүүлэхдээ “Эрдэнэт" үйлдвэрийн болон Төрийн өмчийн хорооны удирдлагуудын гарын үсгийг хуурамчаар дуурайлгасан хэмээн мэдүүлж, улмаар шүүхээс гурван жилийн хорих ялаар шийтгүүлсэн ч “Стандарт” банкны зээлийг хэн хэрхэн барагдуулах, хэн хариуцлага хүлээх нь тодорхой үлдсэн. Түүний авсан зээлийн барьцааг батлан даасан “Эрдэнэт" үйлдвэр “Стандарт” банкны гомдлоор олон улсын Арбитрын шүүхэд дуудагдсанаас хойш маргаан ийнхүү дөрвөн жил үргэлжилж, дөрвөн удаагийн шүүх хурал болжээ.
Эцсийн шүүх хурал энэ оны өмнөхөн болж, Монголын тал “Стандарт” банкны зээлийн үндсэн төлбөр болон хүү, алдангид нийт 120 сая ам.долларыг төлөх ёстой гэх шийдвэр гарсан нь өчигдөр ил боллоо. Арбитрын шүүхийн маргааны явцад “Эрдэнэт” үйлдвэр зээлийг хариуцахгүй, өөрөө мөн хохирогч болсон гэж гомдол гаргасан ч энэ үндэслэл нь эцсийн шийдвэрт нөлөөлсөнгүй. “Эрдэнэт” үйлдвэр “Стандарт” банкийг хохиролгүй болгох тухай Арбитрын шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй бол хөрөнгийг битүүмжлэх, данс, гүйлгээг хаах арга хэмжээ авахыг сануулжээ.
Эл мэдээллийг дотоодын хэвлэлүүд өчигдрөөс цацаж эхэлсэн ба энэ талаар УИХ-ын чуулганы хуралдааны үеэр О.Баасанхүү гишүүн Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас асуухад "Засгийн газрын хувьд Эрдэнэттэй холбоотой асуудлаар арбитр дээр хэлцэлд ороогүй. Нарийн мэдээлэл алга” гэсэн хариулт өгсөн юм байна. Харин Хууль зүйн сайд Ц.Нямдоржоос сэтгүүлчид мөн тодруулахад “Маргаан бол “Стандарт” банк “Эрдэнэт” үйлдвэрийн хоорондын асуудал" гэжээ.
Нарийн мэдээлэлгүй, эсвэл тэдний хоорондын маргаан гэж Засгийн газрын гишүүд хэлээд өнгөрч байгаа ч энэ нь тийм ч хөнгөхөн тусах асуудал биш болов уу. Учир нь Засгийн газар “Эрдэнэт" үйлдвэрийн 100 хувийг эзэмшигч. Дэлхийн зах зээлд зэсийн үнэ өссөн цикл таарч байгаад найдаж, “Эрдэнэт” үйлдвэрийн борлуулалтын орлогоос төлбөрийг барагдуулах тооцоог ч давхар хийж байгаа болов уу.
“Жаст” групп банк болон бусад салбарт эрхэлж байсан үйл ажиллагаагаа зогсоож, дампуурсан ч гэлээ Арбитрын шүүхийн шийдвэрийн өмнө ямарваа хариуцлага хүлээх л ёстой байж таарна. Олон жил Монголын эдийн засаг, улсын төсөвт чухал эх үүсвэр болсоор ирсэн “Эрдэнэт” үйлдвэрийг энэ утгаар нь “саалийн үнээ” гэж нэрийдсээр ирсэн. “Саалийн үнээ” маань өнөөдөр хэдэн тийш булаалддаг, эсвэл хувийн хэрэгцээнд барьцаалагддаг хэцүүхэн хувь тавилантай “хэрүүлийн алим” болж хувирлаа.
Үйлдвэрийн хэвийн үйл ажиллагаа, ашиг орлого, өгөөжийнх талаар мэдээлэл хүлээж байгаа иргэдэд дараалсан муу мэдээ сонсогдох боллоо. Тус үйлдвэрийн хувь заяа бидэнд хамаатай бил үү, үгүй бил үү. Нөгөө иргэдэд өгөх 10 хувь маань яалаа?!
А.Алиман
Эх сурвалж: "Өглөөний сонин"
Бүгдийг АТГасан хэвээр · 2018/02/02
ЭСБАЯР БУЮУ ГУНИГЫН ХИЙСЭН АЙМШИГТ ҮЙЛДЛҮҮД ҮРГЭЛЖИЛСЭЭР Л БАЙНА, БИД ХЭДИЙ ХҮРТЭЛ ТЭВЧИХ ВЭ?