Тайлбар
2018/02/03
Сүүлийн өдрүүдэд зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр “Эрдэнэт үйлдвэрийг битүүмжилсэн, гадаад дансыг нь хаасан, үйл ажиллагааг нь зогсоосон” зэрэг буруу ташаа ойлголт өгөхүйц худал мэдээлэл цацагдаж байна.
Улс орны ачааны хүндээс үүрэлцэж яваа Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид, бүтээлч хамт олны хичээл зүтгэлийн үр дүнд өнөөдөр үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Эрдэнэт үйлдвэрийг хааж, битүүмжилсэн зүйл огт гараагүй болно. Эрдэнэт үйлдвэр ХХК нь 2017 онд олборлосон хүдэр дэх зэсийн агуулга компанийн 40 жилийн түүхэн дэх хамгийн бага түвшинд буюу 0.495 хувь байхад, зэсийн металл авалтыг түүхийн хамгийн өндөр түвшинд буюу 89.28 хувьд хүргэж чадсан бөгөөд үйлдвэрлэлийн бүх үзүүлэлтийг 101.7-152.1 хувиар биелүүлэн, улс, орон нутгийн төсөвт 580 тэрбум төгрөг төвлөрүүлж, 318 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллав.
Компани 2018 оны 1 дүгээр сарын хөрс хуулалт, хүдэр олборлолт, хүдэр боловсруулалт, баяжмалын экспорт зэрэг үйлдвэрлэлийн төлөвлөгөөг 100,5-109,8 хувиар биелүүлж, баялаг бүтээх эрхэм үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгэн, улс, орон нутгийн төсөвт 62,6 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, шинэ оныхоо гарааг амжилттай эхлүүлэн ажиллаж байна.
Жаст групп ХХК нь 2009-2012 онд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийг барьцаалан АйСиБиСи Стандарт банк ПЛС-аас зээл авсан гэх асуудлаар үүссэн маргаан 2013 оноос Их британи, Умард ирландын нэгдсэн вант улсын Лондон хотын Олон улсын арбитрт хянагдаж байгаа. Өнөөдрийн байдлаар тус шүүхийн болон шүүхийн шийдвэрийг давж заалдах ажиллагаа бүрэн дуусаагүй, тодорхой үе шаттайгаар үргэлжилж байгаа болно.
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн зүгээс уг маргаантай холбоотой асуудлыг үйлдвэрт хохирол багатайгаар шийдвэрлүүлэхийн төлөө ажиллаж байна.
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ХХК-ИЙН
ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА