Шинэ долоо хоногийн эхний өдөр буюу даваа гаригт 09:00 цагаас орон даяар элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)-ын бүртгэл эхэлнэ. 2017 оноос эхлэн бүртгүүлэгчид өөрсдөө цахимаар шалгалт өгөх хичээлээ сонгон бүртгүүлдэг болсон журам энэ жил ч мөрдөгдөх бөгөөд бүртгэл, шалгалттай холбоотойгоор журамд бага зэрэг өөрчлөлт оржээ. Энэ талаар Боловсролын үнэлгээний төвөөс бүртгэл эхлэх өдөр хэвлэлийн хурал хийн мэдээлэл өгөх юм байна. Мөн өнгөрсөн жилийн төгсөгчид дахин ЭЕШ өгөх бол энэ бүртгэл хамааралтай аж.

САНАМЖ:

Энэхүү шалгалтад 2017 онд ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс гадна Монгол Улсын их, дээд сургуулиудад элсэхийг хүссэн хүн бүхэн оролцох боломжтой. Та өөрийн бүх мэдээллийг үнэн зөвөөр бөглөх шаардлагатай бөгөөд энэхүү мэдээллүүдэд тулгуурлан таны дүнг эргэж мэдээлэх, ерөнхий шалгалтын батламжийг хэвлэх юм.

Онлайн бүртгэлийн төлбөр тооцоог интернэт эрхтэй VISA, эсвэл MASTERCARD төлбөрийн картаар хийнэ. Шалгалтын бүртгэл 2018 оны дөрөвдүгээр сарын 16-ны 18:00-00:00 цаг хүртэл онлайнаар хийгдэх бөгөөд шалгалт эхэлтэл дахин нэмэлт бүртгэл хийх боломжгүйг анхааруулж байна.