УИХ-ын гишүүн Б.Наранхүүг УИХ-ын чуулганы хуралдаан, байнгын хорооны хуралд суудаггүй, ажлаа хийдэггүй хэмээн үзэж нэр бүхий гишүүд  эгүүлэн татах асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандсан. Гэвч Цэц энэ асуудлаар маргаан үүсгэх боломжгүй хэмээн үзсэн билээ.

Хэдийгээр Цэцийн шийдвэр ийн гарсан ч хуульчид бууж өгөхгүй гэнэ. Тэд УИХ-ын гишүүн Б.Наранхүүг эгүүлэн татлаа тэмцэхээ өнөөдөр мэдэгдсэн.

Энэ талаар хуульч Д.Миеэгомбо “Үндсэн хуулийн 25-р зүйлд УИХ-ын гишүүн нийт ард түмний элч бөгөөд нийт иргэн, улсын эрх ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална гэж заасан байдаг. Мөн УИХ-ын нэгдсэн болон байнгын хорооны хуралдаан нь УИХ-ын үйл ажиллагааны үндсэн хэлбэр гэсэн заалт бий. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн нь чуулганы болон байнгын хорооны хуралд сууж байж бүрэн эрхээ хэрэгжүүлдэг гэж ойлгогдоно. Чуулганы хуралдаанд суухгүй байгаа нь ард түмний төр барих эрхийг зөрчөөд зогсохгүй. Өргөсөн тангарагаа зөрчиж байна гэсэн үндэслэл юм. Эдгээр үндэслэлээр УИХ-ын гишүүн Б.Наранхүүг эгүүлэн татах асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандсан. Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Жанцан энэ асуудлаар маргаан үүсгэх эсэхийг шалгасан. Өнгөрсөн баасан гарагт маргаан үүсгэхээс татгалзлаа гэсэн тогтоол гарсан. Одоо энэ асуудлаар Үндсэн хуулийн Цэцийн бага суудалд гомдол гаргах хууль зүйн боломж бий. Энэ боломжоо ашиглана. Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Жанцан, УИХ-ын гишүүн Б.Наранхүүтэй хувийн харилцаатай байж болзошгүй учир шалгаж буй цэцийн гишүүнийг сольж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан. Харамсалтай нь хүсэлтийг хүлээж аваагүй. Мөн Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Жанцан утсаар залгаж дарамталсан зүйл бий” гэсэн юм.

Мөн тэд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг ч мөн бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх асуудлаар Цэцэд хандахаар болжээ. Энэ талаар хуульч О.Алтангэрэл “Үндсэн хуулийн Цэцэд чамгүй олон асуудлаар иргэд хандлаа. Миний бие Засгийн газар Үндсэн хууль зөрчиж байгуулагдлаа, хуульч Б.Жавхлант ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж Үндсэн хууль зөрчсөн тухай мэдээллийг магадлуулах, Д.Миеэгомбо УИХ-ын гишүүн Б.Наранхүүг эгүүлэн татах асуудлаар, хуульч Мөнхзул Үндсэн хуулийн зарим гишүүд бүрэн эрхийн хугацаа нь дуусчихаад байхад ажиллаж байгаа асуудлаар тус тус хандсан.  Энд нэг нийтлэг зүйл байгаа. Тэр нь, Үндсэн хуулийн цэцэд хандсан явдал. Бид Монгол Улсад хууль тогтоомж гэж байгаа бол хуулийн дагуу асуудлаа шийдээд яв гэсэн итгэлээр хүсэлтүүдээ гаргасан. Харамсалтай нь бидний хүсэлтүүдийг төдийлөн авч хэлэлцэхгүй байгаад гомдолтой байна. Бидний хүсэлт ямар хүн дээр хуваарлигдсан нь хүртэл тодорхойгүй байна. Тиймээс бид энэ асуудлыг илүү тодорхой болгох үүднээс хэвлэл мэдээллийн байгууллагыг бидэнтэй хамтран ажиллаач ээ гэж мэдээлэл хийж байна” гэж хэллээ.

niigmiintoli.mn