Монголын рок поп урлагийн хөгжлийн төлөө хэдийнээ 15-н жилийнхээ амьдралыг зориулж, олон гайхалтай хит дуунуудаараа олноо алдаршиж, дуунд дуртай дуучин монгол түмний хайр хүндлэлийн хүлээсэн "Номин талст" хамтлагийн дуучин, Ах дүү гурвын нэг МУСТА Т.Дэлгэрмөрөн, элэг нэгт ахан дүүсийнхээ босоо цагаан “Хиймор”-ийг магтан дуулах гэж буйг сонсоод түүнтэй цөөн хором ярилцсанаа эрхэм уншигчиддаа хүргэе.

  • Сэтгүүлч:  Танд монгол түмний үндэсний соёл, ёс заншлаа дээдлэн хүндэтгэх, уламжлалт их баяр цэнгэл болсон сар шинийн баярын салхи сэвэлзсэн  энэ сайхан өдрийн мэндийг хүргэе.
     
  • Т.Дэлгэрмөрөн: Баярлалаа, юуны түрүүнд амь нэгтэй, алдар нэгтэй, ахан дүүсийнхээ амар амгаланг эрэн мэндчилье ээ. Та бүхний хайрлаж хүндэлдэг дуучин Т.Дэлгэрмөрөн миний бие, өөрийн ээлжит уран бүтээл болох “Хийморь” хэмээх цомгийг та бүхний гар дээр хүргэж өгөхөд бэлэн боллоо. Энэхүү ээлжит уран бүтээлээ би яагаад хүн болгонд байдаг энэ энерги, сэтгэлийн их хүчээр нэрлэсэн бэ гэхээр, Монгол хүмүүн бүр надаар хэлүүлэлтгүй хиймор гэдгийг мэднэ. Гэхдээ миний цомгийг сонсоод таны шар үс өндөлзөн босож байвал, энэ чинь хийморь юмаа. Бид хийморио нэг л мэдрэхгүй л яваад байна уу даа гэж, Бид хиймороо сэтгэл дотроо тээгээд, гаднаа ил гаргахгүй л яваад байна уу даа гэж, Хийморь гэдэг бол хүний их хүч бөгөөд аз, эз юмаа. Тиймээс хийморио дотроо биш гаднаа ил гаргаж омогшиж явах нь бидний Монгол байхын, оршин тогтнохын үндэс бусуу гэж бодохдоо л энэ цомгоо би “Хийморь” гэж нэрлэсэн юм.
     
  • Сэтгүүлч:  Гайхалтай, цомгийн уран бүтээлүүд дандаа шинэ уран бүтээлүүд байгаа юу, ер нь хэдэн дуунаас бүрдэж байна даа.
     
  • Т.Дэлгэрмөрөн:  “Хийморь” хэмээх цомог маань 5 дуутай, энэ дуунуудыг монголын рок поп урлагийн амьд домог болсон “Хурд” хамтлагийн гоцлол гитарчин Д.Отгонбаяр ах маань бүгдийг нь зохиосон байгаа. Яагаад би нэг хүнээс буюу Д.Отгонбаяр ахаасаа энэ 5 дуугаа сонгож аваад дуулах болов гэхээр, энэ зохиогдсон дуу болгон өөрийн түүхтэй, жишээлбэл, “Ясан хяртай эмээл” гэж дуу бий, энэ дууг “Хурд” хамтлагийн нэрийн хуудас болж, дуунд дуртай ард түмний сүлд дуу болсон “Цэргийн бодол” дууг зохиосон Ишхүү ах маань  надад зориулж зохиогоод үлдээсэн байдаг ийм түүхтэй.  Та бүхэн эргээд бодоход “Цэргийн бодол” дуу бол энгийн аялгуутай мөртлөө, эх орны хэмжээнд дуулагдсан дуу, тэгвэл энэ “Ясан хяртай эмээл” гэдэг дуу бол тэр дуу лугаа адил дуулагдах дуу юм. Түүнчлэн манай монголчууд эрийн гурван наадмаа, эрт үеэс эдүгээ хүртэл уламжлан аваад ирсэн гайхалтай ард түмэн, гэхдээ сүүлийн үед морь маландаа хэт их мөнгө төгрөг зарцуулж, эцэг эхээсээ илүү түүндээ анхаарал хандуулж байгаа нь ажиглагдаад байна. Гэтэл тэр морь маландаа зарцуулсан бүхэн нь эргээд өөрт нь наалдахгүй, уралдаад л дуусна. Ер нь сайн бодоход уралддаг л юм байгаа биз, улсын төлөө юу хийвээ гэж, Аан тэгвэл миний аав тэр морь малыг чинь нүдээрээ тамгалж, хайраа шаглаж эмээл урладаг юм. Хурдан морины зоон дээр эмээл тохоод, хүүхэд унаад уралдаж байгаа биздээ. Тэгэхээр хүн мал хоёрын нандин холбоос болсон эмээл чинь бидний үндсэн язгуур юмаа, би энэний л тухай дуулна. Иймийн учир энэ  нандин омогшил бүхнийг дуулсан “Хийморь” хэмээх цомог маань та бүхэнд таалагдан гэдэгт би итгэл төгс байгаа.
     
  • Сэтгүүлч:  Та энэ цомогтоо үнэхээр өндөр ач холбогдол өгч ажиллаж байгаа нь таны ярилцлагаас мэдрэгдэж байна 
     
  • Т.Дэлгэрмөрөн:  Би үнэхээр онцгой ач холбогдол өгч байгаа. Миний хувьд олон сайхан дуунуудыг амилуулж, дуунд дуртай дуучин ард түмэндээ хүргэсэн байдаг. Гэхдээ нас маань, зүс маань, жин мину ондоо цаг оршихуйд ирсэн байна. Тэгэхээр би нэг дуу дуулахдаа онцгой ач холбогдол өгнө, нэг цомог гаргаж хүн бүрийн гар дээр тавихдаа, бүр онцгой ач холбогдол өгч ажиллана. Тийм ч учраас энэ “Хийморь” хэмээх цомгийн ард дандаа сор болсон хүмүүс ажиллаж байгаа. Ганцхан жишээ хэлэхэд энэ цомгийн дуу бүрийг дуулахад найруулагч ажиллаж байна. Нэг үгээр бол дууг хэрхэн дуулах вэ гэдэг дээр анх удаагаа найруулагч ажиллаж байгаа юм. Мөн дууны ар талд эгшиглэх вокаль тавих дээр хүртэл ажиллаж байгаа, энэ хүн бол “Титэм” хамтлагийн гоцлол дуучин Л.Тайванбат юм. Энэ эрхэм хүнийг яагаад сонгосон гэхээр, та бүхэн эргээд бодоорой , энэ хүний зохиосон олон арван дуунууд хит болсон байдаг тэр дундаа “Цэнхэр сарны туяа”, “Үзэсгэлэнт од” гэх мэтчилэнгээр тэр аль  хэдийнээ тэнгэрийн тухай дуулсан байгаа биз, тиймээс би хийморийн тухай дуулах гэж байгаа учраас л сонгосон юм. Бас нэгэн гайхалтай нь “Хийморь” хэмээх цомгийн 5 дууг сонсоод эхнийхэн ч юмуу, сүүлийнх нь гоё юм байна лээ гэх аргагүй, учир нь энэ 5 их эзэн Чингис хааны үеэс найрын эхэнд явж ирсэн “Эртний сайхан” гэдэг энэ гайхалтай язгуур дуу, морин хуурын эгшигээр уянгалж эхлээд 5 хэсэг задарч таны чихнээ сонсогдоно. Ийнхүү энэ цомгийн дуунуудыг эхлүүлж байгаа энэ морин хуурын аялгууг МУАЖ, Морин хуурч Батсайхан ах маань тоглосон байгаа юм. Дуунаас дууны хооронд домог мэт түүх өгүүлэгдэнэ, энэхүү домгуудыг МУСГЗ Чулуунбат ах маань умдадана. Ингэж л энэ цомогт олон гайхалтай уран бүтээлчид өндөр ач холбогдол өгч ажиллаж байгаа учраас үнэхээр хийморьлог цомог болно.
     
  • Сэтгүүлч:  Дууны шүлэг бүр нь домог өгүүлсэн, аялгуу бүр нь түүх өгүүлсэн үнэхээр гайхалтай цомог болох нээ. Цөөхөн хирнээ гайхалтай дуунуудтай байх нь дээ. 
     
  • Т.Дэлгэрмөрөн:  Дуунуудын хувьд гайхалтай бүтээлүүд байгаа. “Эр хүн” гэж дуу бий, үнэхээр эр хүний нуруун дээр олон хүний хувь заяа явж байдаг. Ижий минь амьдрал холбоотой, аавын минь оршихуй холбоотой, эхнэр хүүхэд, элгэн садны минь аз жаргал бүхэн холбоотой байдаг. Ижий аав, эхнэр хүүхдийг дугаарлаж болох ч эх орныг дугаарлаж боломгүй юм даа гэж би боддог, энэ ч бас эр хүнтэй холбоотой. Тиймээс “Эр хүн” хэмээх дуу эгшиглэж байхад сонсогч бүхэн сэтгэл дотроо эр хүн гэж хэлж, дуулж байхыг би мэдэрч байна. Ийм л гайхалтай мэдрэмжүүдийг та бүхэндээ өгч, та бүхнийхээ хийморийг сэргээж буйгаа мэдрэхээр би яарч байна. Тун удахгүй та бүхэнтэйгээ учран золгох болноо, сайн сайхныг хүсэе.
     
  • Сэтгүүлч:  Баярлалаа танд. Монгол түмний хийморь бахадлыг магтан дуулах ариун үйлсэд нь аугаа их амжилтыг ерөөе.

Ярилцсан: Э.Цэнд-Аюуш