АН-ынхан УИХ-ыг тараах хэмжээний сөрөг хүчин мөн үү?!
2018/02/08
Бүрэн эрхээ хэрэгжүүлээд бүтэн хоёр жил ч болоогүй эрх баригч намын засгийг унагах, цаашлаад УИХ-ыг тараах яриа сөрөг хүчний зүгээс гараад удаж байна.
Тэгвэл шат, шатны сонгуульд ялагдал хүлээж парламентад есхөн суудал авсан АН-ынхан УИХ-ыг тараах хэмжээний хүчтэй сөрөг хүчин байж чадсан эсэх нь эргэлзээтэй. Өөрөөр хэлбэл, тэд өнгөрсөн хугацаанд сөрөг хүчнийхээ ажлыг хангалттай сайн хийсэн үү гэвэл түүн шиг эргэлзээтэй зүйл байхгүй.
Тэгсэн атлаа ард түмнээсээ сонгогдсон ардчилсан Ерөнхийлөгчийн амнаас ч, АН-ын төлөөлж парламентад суугаа есөн гишүүнээс ч тэр “УИХ-ыг тараана" гэх үг байсхийгээд л гарах боллоо.
Хэрэв уншигчид санаж байгаа бол Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн сарын эхээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож үг хэлсэн. Тэрбээр “Ажилгүйдэл, ядуурлыг шийдвэрлэсэн цагт утааг бүрэн шийднэ. Дагуул хотыг хөгжүүлж байж утаа арилна. Дагуул хот руу их дээд сургууль, зарим засаг захиргааны нэгж, урлаг соёлын ч байгууллагуудыг нүүлгэе. Хөдөөг орлогожуулж, сумдаа шинэчилье. Эдгээр шийдлийг баталж хавраас ажил хэрэг болгоё.
Өнөөдөр дулаалгаар айл өрхийг хангаснаар утаанаас сална гэж ярьж байна. Иргэн ажилтай орлоготой болоогүй цагт Улаанбаатар утаанаас салахгүй. Сөрөг асуудлууд бий, тэдгээрийг давж гарах хэрэгтэй. Эдгээр асуудлыг шийдэхгүй юм бол Засгийн газраа огцруулж сайд нарыг шинээр томилсны хэрэг гарахгүй. Энэ тал дээр УИХ санаачилгатай ажиллах хэрэгтэй. Ийм байдалтай байвал УИХ-ыг тараах асуудлыг хөндөх болно" хэмээн онцолсон байдаг.
Харин дараахан нь УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мөн л чуулганы нэгдсэн хуралдааны танхимд "Энэ УИХ намрын чуулган эхэлснээс хойш ганц ч хуулийн төсөл хэлэлцсэнгүй, бүтэн хуралдсангүй. Төрийн ажил завхарч байна. 65-ын бүлгийн үл ойлголцлоос болоод сүүлийн бүтэн cap төр ажлаа хийсэнгүй. Хоорондоо хэрэлдсэн, талцсан хүмүүс л байдаг боллоо Тиймээс ард түмэн энэ УИХ-ыг ойшоохоо больсон. Би бодож байна.
Дахиад ингээд асуудлаа шийдэж чадахгүй бол би өөрийн бланк дээр шударга улстөрчид гээд байгаа хүмүүстэй нийлээд, энэ УИХ-ыг тараахаар гарын үсэг цуглуулна" гэдгээ дуулгаж байв. Түүний үгийг АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ хүртэл дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Тэрбээр "Эрх баригч намын гишүүд хоорондоо талцаж 32,33-аараа хуваагдаж хэрэлдлээ. Энэ байдлыг нийтээрээ харж байна. УИХ-ыг тараах бичигт гарын үсэг цуглуулбал би гарын үсэг зурна” гэсэн билээ.
Хамгийн сүүлд УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Төрийн хямрал гудамжны хямрал болж үргэлжлэх нь. Бүх зүйл тодорхойгүй байна. Бусдын кноп дардаг, хуралдаа суудаггүй гишүүддээ хариуцлага тооцохгүй юм уу. Энэ бүхнийг ярьж хэлэлцэхгүй бол УИХ-ыг тараах тэмцэл хавар үргэлжилнэ. Засгийн газар эдийн засгаа дэмжиж, бизнес эрхлэгчдээ дэмжихгүй юм уу. Хэрвээ хэлэлцэх асуудлаа дуусгасан бол энэ их хурал тарах хэрэгтэй" хэмээн өчигдөр байнгын хорооны хуралдаан дээр хэлсэн юм.
Уг нь, сөрөг хүчин гэдэг эрх баригч намынхаа үг, үйлдэл бүрийг сөрж зогсохыг хэлэхгүй, Эсрэгээрээ эрх баригчдын буруу бодлого, шийдвэрт ташуур өгч, зөвийг нь дэмжихийг хэлнэ. Гэвч АН-ынхан өнгөрсөн хугацаанд иргэд, сонгогчдынхоо эрх ашгийг хамгаалахаас илүүтэй эрх баригч намын бодлогыг шүүмжилж, их бага хэмжээгээр төрийн ажилд “тушаа"- болсоор ирсэн байдаг. Тухайлбал, АН-аас сонгогдсон Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хүрээнд гурван удаа хориг тавьсан.
Харин АН-ынхан эрх баригчдад шаардлага хүргүүлж, завсарлага авч, жагсаал хийхээс хэтэрсэнгүй. Тэгсэн атлаа сав л хийвэл “УИХ-ыг тараана” гэж байдаг болжээ. Тэгвэл шат, шатны сонгуульд санаанд оромгүй ялагдал хүлээж парламентад есхөн суудал авсан АН-ынхан УИХ-ыг тараах хэмжээний хүчтэй сөрөг хүчин байж чадсан уу. Хариултыг нь өөрсдөд нь үлдээе.
Б.Төгөлдөр
Эх сурвалж: "Өглөөний сонин"
зочин · 2018/02/08
УИХ Тарах хэд хэдэн том Шалтгаан бий шүү дээ , Наад зах нь Цагтаа Хурлаа эхэлдэггүй, Гишүүд нь Хуралдаа суудаггүй, суусан нэг нь Хоцорч ирдэг, Авилга, Хүчингийн хэрэгт сэжиглэгдсэн, Тэднийгээ хаацайлж хамгаалдаг Санаачилж Баталсан Хууль нь Ард иргэдийн Эрх ашгийг хөндсөн , ямарч Судалгаагүй Хууль Санаажилч батлуулаад тэр нь эргээд Хүчингүй болох жишээний, гээд тоочоод байвал энэ УИХ , Гишүүд нь Ард иргэдийн Төлөөлөл болж чадахгүй байгаа учраас Тарах хэрэгтэй