Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс мэдээлэл хийлээ. Хурлын эхэнд УИХ-ын дарга М.Энхболдын Хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгаж өгөх хүсэлт иргэнээс ирсэн тухай танилцуулсан.

Тухайн иргэн гомдолдоо М.Энхболд дарга “EAGLE” телевизийн бүрэн зураглал нэвтрүүлэг орохдоо нэг ч удаа бизнес эрхэлж байгаагүй гэж хэлсэн бичлэгийг хамт явуулсан аж. Гэтэл ХОМ-тээ 3 тэрбумын хөрөнгөтэй гэж мэдүүлсэнийг шалгуулах хүсэлт тавьжээ. Үүнийг АТГ шалгах ёстой. Мөн экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын ярьсан яриаг ч мөн хавсаргасан гэнэ. Тэрхүү ярианд “Централ товер”-ын газрыг 200 саяар өгөөд намынхаа орон нутгийн сонгуулийн зардлыг гаргасан хэмээн ярьсныг нотлох баримт болгосон байна. Гэвч АТГ өнөөг хүртэл энэ талаар шалгасан зүйл байхгүй гэнэ.

Энэ нь тус газрын дарга Х.Энхжаргал УИХ-ын дарга М.Энхболдтой найз нөхдийн холбоотой цаашдаа ч шалгахгүй байх магадлалтай хэмээн тодотгосон.

АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан “2007 онд байгуулагдсан АТГ бол авлигачдаас ангид байх төрийн тусгай байгууллага. Гэтэл 10 жилийн хугацаанд авлига өндөрөө авсан. Өнгөрсөн тавдугаар сард АТГ-ын дарга Х.Энхжаргал төрсөн эгчийнхээ хүүхдийг Зүүнхараагийн Төмөр замын засварын газрын даргаар томилсон байна.  

Энэ бол ашиг сонирхлын зөрчил. АТГ-ыг удирдаж байгаа хүн өөрөө авлигачидтай хуйвалдаж, хадгалж, бөөцийлдөг хүн болсон байна. “Эрдэнэт” үйлдвэрийг Стандарт банкинд барьцаанд тавихыг зөвшөөрч, 2009 онд гарын үсэг зурсан хүмүүс нь хуурамч гарын үсэг гэж, өршөөгдсөн. Гэтэл барьцаанд тавихыг зөвшөөрсөн гарын үсэг зурсан хүмүүс өнөөдөр төрд ажиллаад, Гадаадад Элчин сайдаар ажиллаж байгаа нь шударга бус зүйл юм. Гэмт хэрэгтнүүдийг АТГ шалгахгүй, гэмт хэрэгтнүүдийг хаацайлж байгаа учраас АТГ-ын удирдлагуудыг ажлаасаа чөлөөлөгдөх ёстой” гэлээ.

niigmiintoli.mn