Эрдэнэт үйлдвэр гал тахиа жилийн Хөдөлмөрийн аваргуудаа тодрууллаа
2018/02/12
Монгол улсын эдийн засагт том үүрэгтэй Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн бүтээлч хамт олон жил бүрийн сар шинийн баярын босгон дээр улирч буй жилийнхээ хөдөлмөрийн шилдгүүдийг тодруулан, хүндэтгэл үзүүлдэг сайхан уламжлалтай. Энэхүү уламжлал ёсоор өнгөрөн одож буй гал тахиа жилдээ ажил хөдөлмөр, амжилт бүтээлээр манлайлагчдад шагнал гардуулах ёслолын ажиллагааг энэ сарын 12-ны өдөр зохион байгуулав. Ёслолын ажиллагааны эхэнд Ерөнхий захирал Х.Бадамсүрэн тус үйлдвэрийн уурхайчин хамт олон гал тахиа жилд үйлдвэрлэлийн болон эдийн засгийн төлөвлөгөөт зорилтуудаа бүхий л үзүүлэлтээр биелүүлэн, тэрхүү амжилтыг түүчээлсэн хөдөлмөрийн аварга, алдартнуудаа төрүүлэн өлгийдэж байгааг тэмдэглэн, халуун баяр хүргэлээ.
Үйлдвэрлэлийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэх, үйлдвэрлэлийн хэмжээ, борлуулалтын орлогыг нэмэгдүүлж, бүтээгдэхүүний өртөг зардлыг бууруулахад идэвх санаачилгатай ажиллаж, хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан нэр бүхий 34 ажилтныг Эрдэнэт үйлдвэрийн 2017 оны “Хөдөлмөрийн аварга”-аар шалгаруулсныг ёслолын ажиллагаан дээр зарлан, шагналыг нь гардуулав. “Хөдөлмөрийн аварга”-аар тодорсон ажилтан бүрт Хөдөлмөрийн аварга тэмдэг, тус бүр гурван сая төгрөгөөр урамшуулж, Хүндэт самбарт зургийг нь байршуулан алдаршууллаа. Мөн тус үйлдвэрт олон жил үр бүтээлтэй ажиллаж, шинэ техник технологи нэвтрүүлэн эзэмших, үндэсний мэргэжилтэй боловсон хүчин сургаж бэлтгэх, хөдөлмөрийн хамт олныг удирдан зохион байгуулах, үйлдвэрлэлийн менежментийг зах зээлийн нөхцөлд нийцүүлэн боловсронгуй болгоход бүтээлч хөдөлмөрөө зориулсан гурван ажилтны нэрийг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хүндэт дэвтэрт бичин алдаршуулж, тус бүр таван сая төгрөгөөр шагналаа. Хүндэт дэвтэрт нэр нь бичигдсэн энэ удаагийн тэргүүний ажилтнуудаар Баяжуулах үйлдвэрийн Засварын хэсгийн тоног төхөөрөмжийн засварчин Эрдэнэ-Очирын Доржболд, Автотээврийн байгууллагын Тусгай зориулалтын машин механизмын засварын хэсгийн мастер Рэнцэнгийн Энхтайван, Уурхайчин соёлын ордны эрчим зүйч Лувсанчүлтэмийн Оюунбилэг нар тодров.
Ийнхүү Эрдэнэт үйлдвэрийн хамт олон улирч буй гал тахиа жилээ ажил бүтээлийн арвин амжилтаар үдэхийн зэрэгцээ хөдөлмөрийн сайчуудаа дуу хуур, баяр хөөр бялхсан гүн хүндэтгэл дор алдаршуулан, урамшууллаа.