Сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаанууд эхлэхэд хоёр долоо хоногийн л хугацаа үлджээ. Энэ жилийн сар шинийн барилдаанд ямар бөхчүүд өнгөлж барилдах магадлал өндөр байгаа талаар МҮБХ-ны менежер, үндэсний бөхийн улсын ахлах тайлбарлагч С.Гантөртэй ярилцлаа.


-Монголчуудын өргөн дэлгэр тэмдэглэдэг сар шинийн баяр эхлэхэд хоёр долоо хоногийн л хугацаа үлджээ. Монголын Үндэсний бөхийн холбооноос сар шинийн баярт зориулсан цуврал барилдаануудыг зохион байгуулдаг. Эдгээр барилдаанууд хэзээнээс эхлэх вэ?

-“Бөхийн баяр” нэртэй цуврал барилдааныг 2008 оноос хойш МҮБХ-оос жил бүрийн цагаан сараар зохион байгуулж байгаа. Монголчууд үндэсний баяр Цагаан сараа шашинтай холбож үздэг. Тиймээс цуврал барилдаануудаа бурхны шашны төвүүдтэй хамтарч зохион байгуулдаг. Хоёрдугаар сарын 11-нд аймаг цэргийн цолтнуудын барилдааныг “Зүүн хүрээ” хийдийн “Майдар бурхан”-ы авшиг түгээх баяр нэртэйгээр зохион байгуулна. Харин 12-нд нь сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдааныг “Таривлан” хийдийн “Ханд бурхны авшиг түгээх баяр” нэртэйгээр зохион байгуулахаар тогтсон. Дараа өдөр нь аймаг цэргийн начин цолтнуудын барилдааныг “Мамба дацан” хийдтэй хамтарч хийнэ. аймаг цэргийн начингууд барилдах бөхийн тооноос шалтгаалаад хасагдах тохиолдол олон гарсан.

Үүнийг харгалзаж үзээд зориулсан тусдаа барилдааныг зохион байгуулах шийдвэрийг МҮБХ-оос гаргасан. 14-нд нийтийн монгол болон өсвөр бөхийн барилдаан болно. Энэ барилдаанд ямар нэг бөхийн спортоор хичээллэдэггүй хэн ч ирээд хүч үзэх боломжтой. Харин 15-нд улс аймгийн алдар цолтнуудын уламжлалт барилдаан болно. Үүнд нэг зүйлийг тодотгоход улс аймгийн цолтнуудын барилдааныг 12:00 цагаас эхлүүлэхээр тогтсон байгаа. Өмнө нь 14:00 цагаас эхлүүлдэг байхад барилдаан дундуур шагнал урамшуулал гардуулах зэрэг олон үйл ажиллагаа явагддаг учраас оройны 22:00 цаг хүртэл үргэлжлэх тохиолдол гарч байсан. Одоо “Бөхийн өргөө”-нд ирсэн үзэгчид 20:00 цаг өнгөрөөд гэр гэртээ харьж битүүрнэ.

-Сумын цолтнуудын барилдаан их үр өгөөжтэй барилдаан шиг санагддаг. Улсын арслан Э.Оюунболд, улсын харцага Б.Бат-Өлзий, улсын начин Э.Даш гээд хүчтэнүүд энэ барилдаанаас л амжилтын гараагаа эхлүүлж байсан шүү дээ?

-Сумын цолтой бөхчүүдийн барилдааныг анх 2010 оноос “Спирт бал бурам” компанитай хамтарч зохион байгуулж эхэлсэн. Тэр үед сумын заануудын барилдаанд ид барилдаж байсан залуусаас төрийн наадмын түрүү бөх тодорсон байна.

Сургалтын чанартай энэ барилдаанд бөх болох сууриа зөв тавьсан улсын харцага Б.Бат-Өлзий, Б.Бат-Эрдэнэ, улсын начин Б.Чимэдвандан, Э.Даш гээд залуучууд баяр наадмын өндөр даваанд босох бөхийн тааварт л яригдаж байна даа.

Сумын цолтнуудын барилдааныг зохион байгуулж эхэлсэн цагаас хойш энэ залуус маань улсын цолтнуудыг нэг, хоёрын даваанд таарч өвдөг шороодуулж эхэлсэн нь энэ барилдааны үр дүн. Өөрөөр хэлбэл илүү өрсөлдөөнтэй болгож байгаа хэрэг. Дээр үед нэг хоёрын давааны учраагаа улсын цолтнууд дугтраад, дугтраад л туг тойрдог байсан.

-Бөх сонирхогчид сар шинийн барилдааны тааврыг дор бүрээ л дэвшүүлж суугаа болов уу. Бөхийн “гал тогоо”-нд байдаг хүний хувьд өнөө жилийн сар шинийн барилдааны өнгийг яаж харж байна вэ?

-Өмнө нь бид таавар хэлбэрээр л “тэр сайн барилдах болов уу” гээд хардаг байлаа шүү дээ. Өнгөрсөн намраас хойш Монгол бөхийн өргөөнд зохиогдсон барилдаануудад тогтмол сайн барилдаж чансааг тэргүүлж байгаа бөхчүүд л сар шинийн барилдаанд дээгүүр барилдах магадлал өндөр гэж харж байна даа. Чансаа гэдэг маань барилдаж байгаа бөхчүүдийн амжилтыг л оноогоор дүгнэсэн зүйл. Монголын үндэсний бөхийн холбооноос гаргасан чансааг өнөөдрийн байдлаар Ховдын улсын харцага Б.Бат-Өлзийтэргүүлж. О.Хангай харцага хоёрдугаарт, улсын гарьд Ө.Бат-Орших гуравдугаарт, улсын заан Н.Жаргалбаяр дөрөвдүгээрт, улсын арслан Н.Батсуурь тавдугаарт, улсын заан Б.Пүрэвсайхан зургаадугаарт, улсын харцага Т.Баасанхүү долоодугаарт тус бүр тэргүүлж байна. Магадгүй эдгээр бөхчүүд дунд сар шинийн барилдааны түрүү, үзүүрийн бөхчүүдийн нэрс байгаа байх. Дээр нь П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва гээд арслангууд өнгөнд барилдах болов уу.

-Өнгөрсөн жил улсын аварга Ч.Санжаадамба сар шинийн барилдаанд гурав дахь удаагаа түрүүлсэн. Энэ жилийн тухайд аварга яаж барилдах бол таны бодлоор?

-Цөөхөн барилдсан барилдаануудыг нь ажиглахад их сайн бэлтгэлтэй байгаа нь харагдаж байсан. Магадгүйдөрөв дэх удаагаа түрүүлээд зогсож байхыг үгүйсгэхгүй. Би өнгөрсөн жил сар шинээр аваргыг барилдахад нь бэлтгэл нь тийм сайнгүй байна уу даа гэж харж байсан. Улсын аварга цол хүртээд найр наадам ч их л байсан байлгүй. Энэ жилийн тухайд өнгөрсөн жилийнхээс ч илүү бэлтгэлтэй байгаа.

-Бөх сонирхогчдын анхаарлын төвд байгаа хүчтэн бол Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын харцага О.Хангай. Харцага нэг барилдаанд түрүүлчихээд дараагийн барилдаанд нь доогуур даваанд өвдөг шороодож байгаа харагдах юм. Энэ юутай холбоотой вэ?

-Олон шалтгаан байдаг болов уу. Нэг барилдаанд түрүүлчихээд нөгөөхөд нь доогуур уначихъя гэдэггүй нь ойлгомжтой байх. Ид сайн барилдаж байгаа залуу бөхчүүд доод цолтнуудынхаа барилдааныг үзэж судлах шаардлагатай юм шиг санагддаг. О.Хангай л гэхэд санаанд оромгүй мэхнүүдэд орж унаж байгаа болохоос биш бярдуулж унаагүй шүү дээ. Энэ залуу ямар мэх хийдэг билээ, аль талтай билээ гэдгийг мэдэхгүйгээс л гэнэдэж өвдөг шороодож байгаа нь харагддаг. Магадгүй амны залуу бөхчүүдийнхээ барилдааныг үзэж судлахгүй байж болох юм. Б.Бат-Өлзий харцага заалны барилдаануудыг алгасалгүй ирээд үзээд сууж байгаа харагддаг. Тийм ч учаас амны залуу бөхчүүдэд нэг ч унаагүй байгаа. Нөгөө талаар бөхийн өргөөний барилдаанд сул бөх барилдахаа больж ээ. Бүгд л ханасан бэлтгэлтэй залуучууд ирж хүч үзэж байна.

-Бөх шимтэн үзэгчид баяр наадам болон, сар шинийн барилдааны тавын даваанд ямар бөхчүүд хоорондоо тунах бол гэж хүлээж таавар дэвшүүлдэг. Өнөө жил сар шинийн барилдааны тавын даваанд ямар бөхчүүд тунаж хүчүзэх бол?

-Тунаж барилдана гэдэг бэлтгэл сайн байгаагийн нотолгоо. Цагаан сарын барилдаанд улсын том цолтнууд сайхан барилдаж шөвгөрье, түрүүлчихье гэсэн зорилго тавиад л барилддаг. Тиймээс аварга арслангууд улсын их баяр наадам болон сар шинийн барилдаанаар аз туршсан ам авдаггүй байхгүй юу. За би энэ бөхийг амархан хаяна гэж үзсэн ээ л амлана. Тэгэхлээр том цолтнуудад халгаатай сайн бөхчүүд л тунаад үлддэг. Энгийн заалны барилдаанд бол аварга, арслангууд “энэ залуу сайн байгаа гэсэн нэг амлаад барилдаад үзье” гээд амлах нь ажиглагддаг. Өнөө жилийн тухайд чансааг тэргүүлэгч Ховдын Б.Бат-Өлзий, О.Хангай гээд харцагууд тавын даваанд хоорондоо тунаад барилдахыг үгүйсгэхгүй.

-Жил бүрийн л сар шинийн барилдаанд аймгийн цолтой залуу бөх дээшээ барилдаад байгаа нь ажиглагддаг. Өнгөрсөн жил Завханы Ш.Пүрэвгарьд арслан таавар эвдэж улсын арслан П.Бүрэнтөгсөөр тав давж шөвгөрсөн. Өнөө жил ямар залуу бөх шуугиан тарих бол?

-Дээшээ барилдах магадлал өндөр, өсөх ирээдүйтэй залуу аймгийн цолтнууд олон байна аа. Тэр дундаа барилдаан бүрт жигдхэн сайн барилдаад байгаа хэд хэдэн арслангууд байгаа. Энэ жил Говьсүмбэрийн Т.Пүрэвсүрэн арсланг дээгүүр үзэх болов уу гэж харж байна даа. Пүрэвсүрэнгийн хувьд эрсдэлтэй мэх хийхгүй, хийгүй нягт барилдах юм. Мөн Төв аймгийн Б.Ууганбаяр гэж онцгой бяртай залуу дээгүүр үзэх байх. Бага зэрэг барилдааны эвсэл суувал хүнд амар унахааргүй бөх. Хөвсгөлийн Б.Даваа-Очир арслан дээшээ гараад ирэхийг ч үгүйсгэхгүй. Сүүлийн хэдэн барилдаанд Увсын Ж.Ням-Эрдэнэ гэж залуу онцгой сайн барилдаж байна лээ. Яг л Т.Баасанхүү харцагын иртэй догшин барилдаан Ж.Ням-Эрдэнээс харагдаж байсан. Мөн Булганы Э.Энх-Амгалан гэж аймгийн заан их нягт, том цолтнуудад их халгаатай барилдах юм. За тэгээд Булганы Э.Сумьяабат, Увсын

Л.Энхсаруул нар ч нэг хоёрын даваанд том цолтнуудыг өвдөг шороодуулж таавар эвдэх байх даа. Ялангуяа Э.Сумьяабат сүүлийн барилдаануудад улсын арслан П.Бүрэнтөгс, О.Хангай нарыг өвдөг шороодуулсан.

-Сар шинээр амжилттай барилдсан бөхчүүд улсын их баяр наадмаар цолоо ахиулаад байдаг талтай?

-Нэгдүгээрт бэлгэ дэмбэрлээ боддог байх. Хоёрдугаарт цагаан сараар сайн барилдсан юм чинь улсын наадмаар сайн барилдана гэсэн сэтгэл зүй тухайн бөхөд суучихдаг.

-МҮБХ-оос улсын цолтнуудад нийт барилдааны 70 хувьд оролцоогүй тохиолдолд сар шинийн барилдаанд зодоглуулахгүй гэсэн шаардлага хүргүүлсэн. Энэ шаардлагыг биелүүлээгүйн улмаас өнжих том цолтой бөх байгаа юу?

-Барилдаагүй бөхчүүд эмнэлгийн магадлагаа МҮБХ-ны удирдлагуудад ирүүлсэн байгаа. Үүний МҮБХ-ны удирдлагууд нягталж шалгана. Хэрэв шаардлага хангахгүй гэж үзвэл тухайн бөхийг сар шинийн барилдаанд зодоглуулахгүй.

-Та олон сар шинийн барилдаан үзсэн байх. Сэтгэлд хамгийн тод үлдсэн нь хэдэн оны ямар барилдаан байх юм. Сар шинийн барилдааны сайхан дурсамжаасаа манай уншигчидтай хуваалцахгүй юу?

-Ганц цагаан сарын барилдаанд ч биш, наамдын барилдаанд ч тэр аймгийн цолтой залуу бөх улсын аварга ч юм уу том цолтой бөхийг өвөдг шороодуулахад шуугилдаад л явчихдаг. Том барилдааны уур амьсгал тийм л байдаг. Би бусадтай л адил бөх сонирхогч учраас залуу бөх сайн барилдахыг хараад омогшиж баярладаг. Тэр барилдаанууд дундаас улсын аварга Ч.Санжаадамба 2010 онд цэргийн арслан цолтойдоо сар шинийн барилдаанд түрүүлсэн нь сэтгэлд тод үлдсэн байна. Ч.Санжаадамба гурвын даваанд л гэхэд улсын арслан П.Бүрэнтөгсийг аймгийн начин цолтой байхад нь тунаж барилдаад давж байлаа. Ид гарч байсан хоёр залуугийн барилдаан мөн ч үзүүштэй болж байсан даа. Гурвын даваанд үеийнхээ залуу хүчтэнг орхисон Ч.Санжаадамба улсын гарьд Ө.Бат-Орших, Г.Элбэг, улсын арслан Б.Ганбат, До.Ганхуяг, дархан аварга Г.Өсөхбаяр гээд тухайн үеийн монгол бөхийн өнгийг тодорхойлж байсан бөхчүүдийг бүгдийг нь давж түрүүлсэн дээ. Мөн дараа жилийн сар шинийн барилдаанд Сүхбаатар аймгийн харьяат аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар түрүүлэхэд нь баярлаж байсан шүү.

О.ДАШНЯМ

Эх сурвалж: Өдрийн сонин