Ерөнхий сайдын  ээлжит бодлогогүй алхам...   Чингис бондоос орж ирсэн хөрөнгөө зарцуулж дуусаагүй байж “Самурай” бондыг  гаргачихлаа.  Эхнээсээ мөнгө нь ороод ирчихэж.  

Харамсалтай нь  энэ талаар Ерөнхий сайд огт ам нээхгүй байна. Хөгжлийн банк хүртэл  мөнгө орж ирсэн, ирээгүй хэмээн өөр зүйл ярьж байгаа. Ингэж зөрүүтэй мэдээлэлтэй байхаар нэг мөсөн нэгдмэл байр суурь бүхий  мэдээллийг Ерөнхий сайд маань өгчих хэрэгтэй юм.  

Өнгөрсөн оны 9-р сард  ерөнхий сайд  Н.Батбаяр, Ч.Улаан нартай  Япон улсад айлчилсан. Ингэхдээ Самурай бондыг гаргах болсноо албан ёсны тохиролцоогоо баталгаажуулсан. Улмаар 600 сая ам.долларын бонд босгохоор болсон. Бондыг  хоёр хувааж буюу 2014, 2015 онуудад гаргахаар болж  өнгөрсөн оны 9-р сараас эхлэн бэлтгэлээ хийж эхэлсэн. Аливаа бондыг гаргахад  бэлтгэл ажлыг 4-6 сард хийдэг бөгөөд манайхан  түргэн ажиллаж бондынхоо эхний санхүүжилтыг аваад эхэлчихэж.    Тодруулбал  Японы  олон улсын хамтын ажиллагааны банкнаас 285.8 сая ам.доллартай тэнцэх хөрөнгө манай улсын Хөгжлийн банкны дансанд орсон байна.  Энэ мөнгө нь   500 орчим тэрбум төгрөг болж байнаа юм.    Дараа жил мөн энэ хэмжээний иенийг  манай улсын дансанд шилжүүлэх юм билээ.  "Самурай" бондын  хугацаа нь 10 жил бөгөөд 1,52 хувийн хүүтэй юм билээ.  Азаар энэ удаад та бид  зээлийнхээ хүүнд  Чингис бондоос бага “шатах” юм.  Гэхдээ нэг далд зовнил байгаа юм. Өөрөөр хэлбэл  “Самурай” бондын санхүүжилт орж ирэхтэй зэрэгцэн дэлхийн хэмжээнд ам.доллартай  харьцах  иений  ханш  сүүлийн  14  хоногийн  дээд  түвшинд  хүрч  чангараад  байгаа явдал. Үүний давалгаа Монголд нөлөлөх нь тодорхой.  Үүнтэй зэрэгцээд ы бидний хүүндээ төлөх тоолдог хэд маань нэмэгдэж,  тэр хэмжээгээр ард түмний нуруунд ачаалал ирэх нь тодорхой болно.  Тэгтэл энэ талаар  Ерөнхий сайд амаа үдүүлсэн мэт чимээгүй суугаад л байна.  

Үүнээс гадна  манай улсын нийт гадаад өрийн хэмжээ 18.2 тэрбум ам.долларт хүрээд байгаа.  Үүн дээр “Самурай” бонд буюу  зүсээ хувиргасан өр нэмэгдэж байгаа юм.  Тэрхүү өрийг Монгол улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулахаар зүтгэж байгаа татвар төлөгч бид бүхнээс гарна.  Тиймээс  Ерөнхий сайд та  эх орондоо нуугаад,  олон улсад нэгэнт ил болоод байгаа энэ бондын  талаар, санхүүжилтыг хэрхэн зарцуулах тухай мэдээлэл хийх цаг ирээд байна.  

Эс бөгөөс  төсвөөс гадуур “ төсөв гаргасан” энэхүү үйлдэл  тань  олон харлдага төрж байгааг дуулгах байна.  

А.Баярмаа