Шороон нохой жилийн сар шинийн Төрийн золголт боллоо
2018/02/16
Билгийн тооллын XYII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө /2018.02.16/ Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх нар Есөн хөлт цагаан тугандаа хүндэтгэл үзүүлж, Төрийн золголт хийлээ.
Ерөнхийлөгчийг Төрийн ёслол хүндэтгэлийн гэр өргөөнд морилон ирэхэд УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар алд цэнхэр хадаг дэлгэн амар мэндийг нь эрэн золгож, хөөрөг зөрүүлэн мэнд мэдэлцэв.
Төрийн ёслол хүндэтгэлийн гэр өргөөнд болсон уг золголтын эхэнд төрийн хан хуурч, Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэнЦ.Цэрэндорж төрийн хан хуурыг цэнгүүлэн гэрийн жавар үргээж, төр түвшин, түмэн олон амгалан байхыг бэлгэдэн ерөөл айлдлаа. Үүний дараа Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба, гавж Д.Чойжамц, Зүүн хүрээ Дашчойлон хийдийн тэргүүн хамба Ч.Дамбажав нар Төрийн хүндэтгэлийн гэр өргөөнд морилон ирж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд нарт бараалхан золгож, хотол олныхоо сайн сайхны төлөө ном хурж байгаа тухай айлтгасан юм.
Ардын жүжигчин, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн ерөөлч, магтаалч Ц.Цэрэндорж Хан хуурын эгшиг дор аялгуулан хэлсэн магтаалдаа:
“Хан хуураа цэнгүүлэн баясуулъя.
Хайрт эх орон, эрхт түмэндээ дуурсгая.
Зэ хө, төгөлдөр Монгол орныхоо
Төрийн магтаалыг аялгуулан айлтгая.
Эх орон тусгаар тогтнолоо
Эрхэм төрөө, тамга, сүлдээ
Алтан соёмбот далбаагаа
Агуу жавхлант төрийн сүлдээ
Эцэг тэнгэр, эх газартаа
Эзэн их Чингис хаандаа
Есөн цагаан тугандаа
Сүслэн дээдэлж даатгая.
Ашид мөнхийн Нууц товчоогоо
Аялгуу эгшиглэнт хан хуураа
Хайрлан сахидаг Үндсэн хуулиа
Хар сүлд, Төрийн ордноо
Эцэг тэнгэр, эх газартаа
Эзэн их Чингис хаандаа
Есөн цагаан тугандаа
Сүслэн дээдэлж даатгая.
Ханат Монгол, хагаан Чингисээ биширтүгэй.
Өрхт Монгол өрнөн дэвжсээр хөгжтүгэй.
Эзэн түмэн эв эетэй амгалан байтугай.
Эрэлхэг Монгол мөнх тэнгэрийн хүчин дор мандан бадартугай” хэмээн ерөөж гурвантаа уухайлав. Төрийн өндөрлөгүүд хан хуурын хөг эгшиг сайхан зохирч, цээл сайхан дуугарч байгаад бэлгэшээж байна гэлээ.
Үүний дараа Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам, гавж Д.Чойжамц, Дашчойлин хийдийн тэргүүн хамба Ч.Дамбажав нар Төрийн хүндэтгэлийн өргөө гэрт морилон ирж Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд нарт бараалхан золгож, ирж буй шороон нохой жилийн өнгийг хэлэлцэв.