Өнгөрөгч долоо хоногийн Их хурлын чуулганаар Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталсан. Уг хуулийг одоогоос таван жилийн өмнө буюу 2013 онд “Банкны мөнгөн хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах зорилго бүхий банкин дахь мөнгөн хадгаламжийн албан журмын даатгалын эрх зүйн үндсийг тогтоож, хадгаламжийн даатгалын үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” хэмээн зорилго, нийтлэг үндэслэлийг нь тодорхойлон УИХаар шинэчлэн баталж байсан юм.

Хадгаламжийн даатгалын хуультай холбогдуулж зарим нэг мэдээллийг хүргэхэд Монгол Улсын арилжааны 14 банкинд байгаа нийт харилцах хадгаламж 17.5 их наяд төгрөг бөгөөд үүний 4.3 их наяд төгрөгийн хадгаламж даатгуулсан байдаг аж.

Банкин дахь мөнгөн хадгаламжийн албан журмын даатгалын үйл ажиллагааг эрхлэн явуулах тусгайлсан чиг үүрэг бүхий хуулийн этгээд болох Хадгаламжийн даатгалын корпораци нь сандаа 337 тэрбумын хөрөнгөтэй гэж албан ёсоор мэдэгдсэн.

Энэ нь даатгагдсан хадгаламжийн 7.8 хувийг хангах хэмжээний хөрөнгө. Хэрвээ даатгагдсан хадгаламжийг хангах хэмжээний сан бүрдүүлэх шаардлагатай гэж үзвэл 3.2 их наяд төгрөг хэрэгтэй болно гэдгийг ажлын хэсгийнхэн хэлж байв. Мөн хууль санаачлагч төрийн түшээд болон мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар ямар нэгэн эрсдэл үүслээ гэхэд Хадгаламжийн даатгалын корпораци нь хадгаламж эзэмшигчдийн тухайн банкин дахь төгрөг ба валютын нийт 20 сая хүртэлх төгрөгийн хадгаламжийг нөхөж төлнө. Үндсэндээ 20 саяас дээш төгрөгийн хадгаламжтай иргэдийн эрсдлийг төр хариуцахгүй гэсэн үг.

Энэ талаар ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтаж байгаа, УИХын гишүүн Б.Баттөмөрөөс тодруулахад “20 сая төгрөг хүртэлх хадгаламжийг төр хариуцаж байгаа. Түүнээс илүүг хариуцах эдийн засгийн боломж алга. Манай иргэд гадны сайн банкинд мөнгөө хадгалуулбал дампуурах магадлал бага байж болно. Гэхдээ хадгаламжийн хүү маш бага. Дундаж нь 2-3 хувийн хүүтэй. Манайд бол хадгаламжийн хүү 15 хувь орчим байна. Саяхан ОУВС-гийн шаардлагаар арилжааны банкуудад хийсэн активын үнэлгээгээр хангалттай дүн авсан. Сүүлийн үед банкны эрх зүйн шинэчлэл маш сайн хийгдэж байгаа. Монголд банк дампуурах магадлал бага болсон. Тиймээс иргэдэд эрсдэл учрахгүй” гэх хариултыг өгч байна.

Сонирхолтой нь нийт хадгаламж эзэмшигчдийн 10 хувь нь хадгаламжид байгаа мөнгөний 90 хувийг эзэмшдэг байна. Эдгээр мэдээлэл, хуультай холбоотой асуудлуудыг чуулганаар хэлэлцэх үед эрхэм төрийн түшээд маань хадгаламж эзэмшигчдийг Монголын дайсан мэтээр үзэж, улс орноо мөлжин сорж байгаа муу муухайгийн жишээ болгон ярьсан нь хачирхалтай. “Анод”, “Зоос”, “Хадгаламж” зэрэг банкууд дампуурснаар Монголын төрийг 630 гаруй тэрбум төгрөгийг алдагдалд оруулсан, арилжааны банкууд дампуурсны гол шалтгаан нь удирдлага, хувь эзэмшигч нөхдийн хариуцлагагүйн алдаатай холбоотой. Шунал нь дэндсэн эдгээр хүмүүст үүрүүлэх хариуцлага, хяналтыг чангатгах хэрэгтэй гээд л бүгд ээлж дараалан элдвээр зүхэж, уул уурхайн болон үндэсний сүлжээ компанийн эзэд, хадгаламж эзэмшигчид рүү дайрцгаасан. Эдгээр гишүүдийн дунд Их хуралд хэд хэдэн удаа сонгогдсон тулхтай, нуруутай гэгддэг бөх тэх, дарга сайд гишүүд ч байлаа.

Мөнгө нь бурзайчихсан нэг гишүүн авгай хүртэл “Хадгаламжийн хүү өндөр байгаатай холбоотойгоор мөнгө угаах гэмт хэрэг гарч болзошгүй. Хадгаламжиндаа төдөөс дээш төгрөг хадгалуулбал төр хариуцахгүй гэдгийг хуулиндаа сайтар тусгаж өг” гээд л байдгаараа орилж байна. Хадгаламж эзэмшигчид рүүгээ ингэж увайгүй дайрч байгаа гишүүдийг хараад өрөвдөж байна. Хадгаламжинд байгаа нийт мөнгөний 90 хувийг эзэмшдэг, ад шоо үзээд байгаа арван хувийнхны эзэмшлийн мөнгөөр л Монголын банк санхүү цус сэлбэж амьдарч байна. Хэрвээ шулаач, луйварчнаараа дуудуулж байгаа тэр арван хувь арилжааны банкинд хадгалуулсан мөнгөө татах юм бол эдийн засгийн эргэлт зогсож, банк санхүүгийн системд шууд доголдол үүснэ. Мэдэхгүй зүйлдээ хүн дуугүй байдаг. Аливаа асуудалд мэдэмхийрээд, хийрхээд, хий хоосон ярьж болно. Харин банк санхүүгийн асуудлыг мэдэхгүйгээр ярьж болохгүй. Ялангуяа эрх баригч, хууль шийдвэр гаргагч төрийн түшээд хаа хамаагүй зүйл ярина гэдэг хамгийн аюултай. Санхүүгийн асуудал гэдэг амьдралын бодит үнэнд тулгуурладаг. Алаг үзэж, хавчиж гадуурхагдсан тэд мөнгөө татбал их хурлын индэр дээрээс эрээ цээргүй орилж байгаа нөхөд Монголын эдийн засгийг сэргээх үү.

Санхүүгийн системийн доголдлыг арилгахын тулд банкны хүүг багасгаж таарна. Иргэд өөр зүйлд хөрөнгө оруулалт хийнэ гэж үзэх байх. Хувьцаа худалдаж авна гэж эрх баригчид хэлж байгаа. Тэгвэл Монголд хувьцааны ногдол ашиг гэж жилдээ хэдэн төгрөг байдаг билээ. Тухайн компани нэг сая төгрөгийн ногдол ашиг тараах боллоо гэж үзье л дээ. Нийт гаргасан хувьцааны тоо 100 мянган ширхэг бол нэгж хувьцаанд 10 төгрөг ногдоно. Ямар ч ашиг байхгүй. Хэн үүнийг авах юм. Тэгээд ч наад компаниуд чинь Монголын бирж дээр хувьцаагаа арилжиж байгаа нь гээд улаан луйвар болдог биз дээ. Наад захын жишээ гэхэд Хөдөө аж ахуйн бирж дээр юу болдог гэж санана. Нэг килограмм нь 90 мянга байсан ноолуурын үнэ ХААн биржийн оролцоотойгоор 40 мянга болж тавин хувь буурсныг бид өнгөрсөн жил харсан. Зуун мянган төгрөгөөр зүв зүгээр арилжаалагдаж байсан ноолуурын асуудалд төр засаг хар савраа шургуулан, хил гаалиар гарахад заавал ч үгүй биржийн бичигтэй байна гэсэн тээг тавиад ард түмнийхээ хоолыг ичгэвэртэйгээр булаасан.

Ингээд бодохоор хадгаламж эзэмшигчдийг хараан зүхэж, элдэв дээдээр хэлэхийн хэрэг байна уу. Төрийн түшээд тэднийг луйварчнаар нь цоллож ад үзэх биш харин ч дэмжих хэрэгтэй байна. Тэд мөнгөө эрхтэн дархтнууд шиг оффшор бүсэд байрлуулсангүй. Эх орныхоо банк санхүүд хадгалуулж, монголчууддаа хэрэглүүлж байна. Хадгаламж эзэмшигчдийн нийт мөнгөний 90 хувийг арван хувь эзэмшиж байна л гээд байх юм. Бусад нь яагаад хуримтлал үүсгэж, хадгаламж бий болгодоггүй юм бэ. Хоёр жилийн өмнөх судалгаагаар Монгол Улс 820 мянгаад айл өрхтэй, бараг хүн бүр банкинд данстай боловч 90 хувь нь хадгаламжгүй гэж гарсан. Муу хэлэгдээд байгаа энэ арван хувийн нөхөд идэж уух, өмсөж хэрэглэхээ танаж байж хуримтлал үүсгэсэн байж таарна. Эх орноо, ард түмнээ гэх сэтгэлтэй байгаагийнх нь төлөө эрхэм түшээд баалж болохгүй. Тиймийн учир Улсын их хурал Хадгаламжийн даатгалын тухай хуулиа өөрчлөх хэрэгтэй байна.

Хамгийн ноцтой нь 20 саяас дээш төгрөгийн хадгаламж эзэмшигчдийн эрсдлийг төр хариуцахгүй гэдэг чинь Монгол Улсын хуулийг зөрчиж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд заасан “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэсэн заалтыг зөрчиж байна. Хөрөнгө чинээ гэдэг бол хадгаламж эзэмшигчдэд холбоотой заалт мөн биз дээ. Тэгэхээр хуулиа дээдэлдэг ард түмэн хууль зөрчсөн Хадгаламжийн даатгалын хуультай холбоотой асуудлыг Үндсэн хуулийн Цэцэд өгч үнэн мөнийг нь шалгуулмаар байна.

Д.БАТБОЛД

Эх сурвалж: Өдрийн сонин