Үндсэн хуулийн өөрчлөлтийг 2021 оноос мөрдөнө
2018/02/21
Сар шинийн баярын өмнө намрын чуулганы төгсгөлд хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын хуваарийг батласан. Ингэхдээ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэхээр товлоод байгаа. Шинэ Үндсэн хуулийг 1990-ээд оны Монгол Улсад улс төр, нийгмийн өөрчлөлтүүд гарч байсан 1992 оны 1 сарын 13-нд тухайн үеийн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлаар батлагдаж, тухайн оныхоо 2 сарын 12-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсөн.
Монгол Улсын Үндсэн хууль 6 бүлэг, 70 зүйлтэй. Монгол улсад зах зээлийн эдийн засаг бүхий ардчилсан нийгмийг бүтээн байгуулах тогтолцооны үндсийг энэ хууль тавьж өгчээ. Шинэ Үндсэн хууль нь парламентын засаглалтай бүгд найрамдах улсыг бий болгож, шашин шүтэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, хүний эрх зэргийг хуульчлан хамгаалжээ. Мөн Засгийн газрын бүтэц зохион байгуулалт, сонгуулийн талаар товч зохицуулсан байдаг.
Гэсэн ч улс орны хөгжлийн явц, нийгэм эдийн засгийн өөрчлөлтөөс шалтгаалж Үндсэн хуулийг боловсронгуй болгох шаардлага бий болж байгааг хуульчид дуулгах болсон.
Үндсэн хуулиа монголчууд "Эцэг хууль" гэж нэрлэдэг. Тэгвэл эцэг хуульд энэ парламент өөрчлөлт оруулахаар эргэлт буцалтгүй шийдэв. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг үе үеийн парламент хөндөж ажлын хэсэг байгуулж ажилласан байдаг. Өмнөх парламентын үед УИХ-ын дэд дарга Л.Цогоор ахлуулсан ажлын хэсэг ажиллаж Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргаж байв. Тэгвэл энэ удаагийн парламентад Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийн Д.Лүндээжанцан ахалж байна. Тэрбээр “Үндсэн хуульд нийт зургаан асуудлын хүрээнд 30-аад нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа. Энэ нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэмжээ хязгаарт багтаж байгаа юм. Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд өөрчлөлт орохгүй. Ард түмнээс олгосон зөвшөөрлийн хүрээнд Улсын Их Хурал-Ерөнхийлөгч-Засгийн газар хоорондын харилцаа, эрх мэдлийн тэнцвэр, хяналтыг тодорхой болгох, шүүх эрх мэдлийн зарим асуудлыг тодотгох, нутгийн захиргааны асуудал, төрийн хяналт шалгалтын тогтолоо, төрийн албаны тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр зургаан багц сэдвийн хүрээнд төслийг боловсруулсан” гэдгийг онцлоод байгаа билээ. Хэрэв Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 2021 оны долдугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөнө гэж төлөвлөж буй юм.