Засгийн газрын гишүүд лхагва гариг бүр “11 11 төв”-ийн шугамаар иргэдийн асуултад шууд хариулна
2014/01/10
Алдарт эхийн одонгийн мөнгийг цагаан сараас өмнө олгох уу гэсэн асуултад“Олон хүүхэдтэй эхчүүдэд жилд нэг удаа олгодог тэтгэмжийг Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн өмнө олгодог журамтай. Энэ журмынхаа дагуу олгоно гэж Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас хариулжээ.
ТҮЦ машинаас авсан лавлагаагаар Хаан банк үйлчлэхгүй байгаа нь хүндрэлтэй байна гэж олон иргэн ханджээ. Тэдний асуултад Улсын бүртгэлийн ерөнхий газраас“Монголын банкны холбоо болон арилжааны банкуудад ТҮЦ машинаас гарч буй лавлагаагаар үйлчилгээ үзүүлэхийг хүссэн хүсэлтийг хүргүүлсэн бөгөөд банкууд ирэх сараас үйлчилгээ үзүүлэхээр болсон” гэж хариу өгсөн байна.
“Сар шинийн баяр дөхөж байна, нөөцийн мах худалдаалах уу” гэсэн асуултад “Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг энэ сарын 11-нээс нийслэлийн дүүрэг бүрт 2-3 цэгээр худалдаалж эхэлнэ” гэжээ.
Шинэчлэлийн Засгийн газрын “11 11” төвд ирэх долоо хоногийн лхагва гаригт 11 цагаас Засгийн газрын гишүүд оролцсон шууд ярилцлага эхэлнэ. Долоо хоног бүр тухайн өдөр, цагт явагдах нэг цагийн ярилцлагад иргэн та холбогдон санал хүсэлтээ хэлж, асуултаа асуугаарай гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.