Нохой жилийн анхны барилдаан Бөхийн өргөөнд пүрэв гарагт болж Архангай аймгийн Чулуут сумын харъяат, Алдар спорт хороо, Бөхбилэгт дэвжээ, Бурхан буудай группын бөх, улсын начин Б.Амарзаяа 8 даван түрүүллээ.

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Хан-Хэнтий аварга дэвжээ, Алтай констракшны бөх, улсын арслан Э.Оюунболд үзүүрлэв. Их шөвөгт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат, Алдар спорт хороо, Бөхбилэгт дэвжээ, Алтан Дорнод компанийн бөх, улсын арслан Р.Пүрэвдагва, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Алдар спорт хороо, Таван-Хан дэвжээний бөх, улсын начин Ч.Баянмөнх нар тус тус шалгарлаа.

Эх орончдын өдөрт зориулсан нохой жилийн анхны барилдаанд 6 арслан , 1 гарьд, 5 харцага магнайлан 240 бөх барилдсан юм. Улсын аварга С.Мөнхбат, арслан Х.Мөнхбаатар, гарьд Б.Гончигдамба, заан Б.Амгаланбаатар, харцага Б.Одгэрэл, Н.Батзаяа, начин Б.Бадамсүрэн, Г.Ганжад, а.х.а Ш.Мөнгөнбаатар тэргүүтэй бөхчүүд журмын дагуу урьдчилан бүртгүүлээгүй тул өнөөдрийн барилдаанд барилдсангүй. Бөхчүүд цаашдаа урьдчилан бүртгүүлж хэвшихийг МҮБХ-ноос ийнхүү анхааруулсан байна.

Хоёрын даваанд зүүн, барууны магнай арслангууд өвдөг шороодов. Тухайлбал, улсын арслан Бүрэнтөгс Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харъяат, Таван-Хан дэвжээний бөх, сумын заан Б.Орхонбаярт, арслан Батсуурь Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харъяат, Хөвсгөлийн хүчтэн дэвжээний бөх, сумын заан Х.Бөхбаярт, арслан Ганхуяг Завхан аймгийн Шилүүстэй сумын харъяат, Даян дэвжээий бөх, сумын заан М.Батбаатарт, харцага Бадарч Булган аймгийн Гурванбулаг сумын харъяат, Булганхангай дэвжээний бөх, аймгийн начин Ц.Билэгжаргалд тус тус унажээ.

Мөн Баасанхүү харцага гурвын давааны эхэнд а.х Энхбилэгт мушгиулаад унасан нь үзэгч олныг шуугиулсан барилдааны нэг боллоо. Уран барилдаант бөхийн шагналыг Булган аймгийн Орхон сумын харъяат, аймгийн заан Т.Түмэндэмбэрэл хүртлээ.

Д.Өлзий

Эх сурвалж: Монцамэ агентлаг