“Маш нууц 2” нээлтээ хийж Байтаг богдын нууц задарлаа
2018/03/02
Өнөөдөр бидний амьдарч байгаа эх орон, газар нутгийг маань бүрэн бүтэн үлдээхийн тулд өвөг дээдэс минь юуг даван туулсаныг энэ цагийн залуус заавал мэдэх учиртай билээ. Тиймээс тусгаар тогтнол, эх орон, газар шороо гэж ямар их үнэ цэнэтэй вэ гэдгийг марталгүй, үргэлж санаж явах ёстой хэмээн “Жийж” продакшн болон "Фантастик" продакшны уран бүтээлчдийн санаачлан хэрэгжүүлж буй төслийн дараагийн уран бүтээл болох “Маш нууц-2” буюу “Байтаг богд” уран сайхны кино өчигдөр үзэгчдийн хүртээл боллоо.
1948 оны 7 сарын 8-нд Гоминданы дээрэмчидийн эсрэг Байтаг Богдын тулгаралтад Б.Гиваан Б.Тэгшээ, Л.Даваадорж, Н.Дандархайдав, Т.Баян, З.Архад, Г.Хаянхярваа, Д.Чойжин, Х.Гончигзэгвээ, Ч.Пэлжээ нар амь биеэ үл хайрлан баатарлагаар тулалдан мөнхийн гавъяа байгуулсан билээ. Эх орны эрэлхэг хилчдийн гэгээн дурсгалд зориулсан уг киноны 10 баатарын дүрийг жүжигчин Э.Одбаяр, Ж.Алтаншагай, Б.Барслхагва, Г.Эрхэмбаяр, Э.Мөнхбат, Б.Батсайхан, Т.Төгөлдөр, Э.Алдар, Э.Баярмагнай, Э.Содбаяр нар бүтээжээ. Мөн жүжигчин МУСТА Ц.Цэрэнболд, МУГЖ Г.Золбоот, Б.Тамир, Ц.Алдармаа, Ц.Цэлмүүн, М.Баярбат нарын уран бүтээлчид тоглосон байна. Тус киноны ерөнхий найруулагч, зохиолчоор МУГЖ О.Бат-Өлзий, нэгдүгээр найруулагчаар хүү Б.Тамир, продюсероор түүний гэргий МУАЖ С.Сарантуяа ажилласан бөгөөд нээлтийн ажиллагаагаа Корпорайт зочид буудалд зохион байгууллаа.
О.Бат-Өлзий: Бид түүхэн цаг хугацааг эргэн санууллаа
/“Байтаг богд” уран сайхны киноны ерөнхий найруулагч, зохиолч, МУГЖ/
Энэ бол нүсэр кино байсан тайзан дээр зогсож байгаа залуус бол энэ киноны багийн дөнгөж 60 хувь нь. Ийм том бүрэлдэхүүн оролцсон гэдгийг бахархалтайгаар хэлж, бүгдэд нь чин сэтгэлийн баяр хүргэе. Энэ киног хийхээр Хил хамгаалахын ерөнхий газарт очиход маш сайхан дэмжсэн. Учир нь 2018 онд Баруун хилийн тулгаралтын 70 жилийн ой тохиож байсан. Бид түүхэн цаг хугацааг эргэн санууллаа. Бид 3 сарын 1 нд киногоо нээнэ гэж төлөвлөсөн маань Эх орончдын өдөр болж таарсан. Сэтгэл догдолж байна. Маш нууц 1 кинон дээр хүүгээ хажуудаа авч, нэгдүгээр найруулагчаар ажлуулж байсан. Маш нууц төсөл цааш үргэлжилж, Байтаг богд кино хийх гэж яригдаж байхад Фантастикийн залуус маань “Зүрхний хилэн” киногоо дөнгөж дуусаад байсан юм. “Байтаг богд” кинонд хүүгээ ерөнхий найруулагчаар авч ажилласан. “Маш нууц 3” чухам ямар кино байх нь нууцаар үлдэнэ. Энэ киног харин хүүдээ ерөнхий найруулагчаар дангаараа ажиллахыг урьж байна.
Ж.Бямбасүрэн: Монголын баатарлаг эрсийн түүхийг хойч үедээ ойлгуулахын төлөө үнэтэй хувь нэмрээ орууллаа
/Хил хамгаалах ерөнхий газрын Захиргааны удирдлагын хэлтсийн дэд дарга, Бригадын генерал/
Монгол Улсын баруун хязгаар Байтаг богд орчим хилийн дархан байдал алдагдаж, хасгийн болон гаминданы цэргийн анги Монгол Улсын хилийн дархан байдалд халдсан түүхтэй. Энэ хил зөрчсөн байдлыг зогсоож ард иргэдийн амар амгалан, сайн сайхан амьдрах боломжийг бүрдүүлэхийн төлөө тэмцсэн бодит түүхэн газарт нь очиж бүтээл болгосонд баяртай байна. Монголын баатарлаг эрсийн түүхийг хойч үедээ ойлгуулахын төлөө, эх оронч үзлийг төлөвшүүлэхийн төлөө үнэтэй хувь нэмрээ оруулсан кино болсон гэдэгт итгэлтэй байна. Энэ киног бүтээсэн нийт уран бүтээлчиддээ Монгол улсын Хил хамгаалах ерөнхий газрын хамт олны өмнөөс нийт хилдийнхээ өмнөөс уран бүтээлийн өндөр амжилт хүсэн ерөөе.
Ж.Дамдинцэрэн: Бүх урлагийг өөртөө шингээсэн гайхамшигтай төрөлд хүчин зүтгэж байгаа залуустаа амжилт хүсье
/Нийслэлийн соёл урлагийн газрын дарга/
Кино гэдэг бүх урлагийг өөртөө шингээсэн гайхамшигтай урлаг. Энэ төрөлд хүчин зүтгэж байгаа, зориглон орсон уран бүтээлчиддээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Фантастикийн шургуу хөдөлмөрлөдөг, авъяаслаг залуусынхаа соёл урлагийг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг өндөрөөр үнэлж жүжигчин Ж.Одбаяр, зураглаачдын багийн ахлагч, Red Point Media-н захирал Г.Гүенбаатар нарыг БСШУСЯ-ын Жуух бичгээр шагнаж байна. Мөн 120 киноны дууны найруулагчаар ажиллаж, соёл урлагийн салбар оруулсан хувь нэмрийг өндөрөөр үнэлж, Засгийн газрын шагнал СТА цолоор О.Цэгмидийг шагнаж байна.
Мөн энэ киноны нээлтийн үеэр “Маш нууц” киноны шүтэн бишрэгч н.Соджаргал “Байтаг богд” киноны хайчилбар хийснээ уран бүтээлчдэд бэлэг болгон гардуулан өгсөн юм. Түүнчлэн Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Д.Даваа-Очир хүрэлцэн ирсэн юм. Тэрбээр хэлэхдээ “Мартагдсан, орхигдсон, нууцлагдсан сэдвээр маш сайн бүтээл гаргаж байгаад онцгойлон баяр хүргэе. Онцгой бүтээл хийсэн залуусаасаа Зөвлөлийн тогтоолоор шагнахаар энд ирсэн юм. Б.Тамирт ҮАБЗ-ийн Хүндэт тамдэгээр шагнаж багйааг хүлээн авна уу. МУ-ын ҮАБЗ-ын үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсанд баяр хүргэе” хэмээн шагнал гардуулсан юм.
Б.Тамир: Эх орноо гэсэн сэтгэл хүн бүр чаддаг зүйлээ хийхээс эхэлнэ
Ийм олон залуусын хүч хөдөлмөр шингэсэн кино гарлаа. Сайн муу болсон эсэхийг үзэгчид дүгнэнэ. Аавтайгаа хамтарч ажиллахад сайхан байлаа. Хамтран ажилласан бүх байгууллагадаа баярлалаа. Та бүхний бүхий л дэмжлэг бидэнд маш том тус болдог шүү. Сэтгэл зүрхээрээ бидэнтэй хамт байдаг үзэгчид та бүхэндээ баярлалаа.
Түүхэн эх оронч үзлийг харуулсан кино маань энэ цаг үед маш их хэрэгтэй байгаа. Зүрхний хилэн төслийн араас Маш нууц 2 Байтаг богд киноны бэлтгэл ажил нийлээн хийж, зураг авалт компютер график зэрэг олон ажлыг дуусгаад өнөөдөр үзэгчдийн хүрээл болгоход бэлэн боллоо. Их баяртай байна. Учир нь өнөөдрийн цаг үед залуучууд маань эх орноо гэх сэтгэл, үзэл суртлын хувьд арай хомс болсон санагдаад байгаа.
Би хувьдаа биш кино багийнхан тэгж үзэж байгаа. Тийм учраас энэ киног үзсэн залуус арай өөрөөр сэтгэж, өөрөөр харж эх орноо гэсэн сэтгэл нь сэргэх байх гэж бодож байна. Зүгээр л хий хоосон, цахим орчинд пост хийж эх орноо хамгаалах хэрэггүй. Хүн бүр өөрийнхөө хийж чадах, бүтээх зүйлээрэ эл эх орныхоо төлөө зүтгэж байгаа хэрэг юм шүү гэдгийг ойлгоосой.
Ц.Алдармаа: Буянхишиг гэдэг торгууд эмэгтэй дүрд тоглосон
Маш их баярлаж, сэтгэл маань хөдөлж байна. Намайг энэ кинондоо тоглуулах саналыг тавьсан МУАЖ С.Сарантуяа эгч, МУГЖ Бат-Өлзий ахдаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. Үеийн найз нөхөд болох найруулагч Б.Тамир Фантастик продакшний бүх залуустаа чин сэтгэлээсээ баярлаж талархсанаа илэрхийлмээр байна. Хэр тоглосоныг үзэгчид дүгнэх байх. Ээж аав нь харийн нутагт аваад явсан ч гэсэн сэтгэлийн мухарт эх орноо мартаагүй буцаж очих юмсан гэсэн сэтгэл дүүрэн Буянхишиг гэдэг торгууд эмэгтэй дүрд тоглосон.
Б.Барслхагва: Монгол хүн болгон цаг нь болохоор хэзээ ч урваж шарвахгүй, ухарч зугтаахгүй гэж боддог
Үзэгчдэд таалагдах кино болсон гэдэгт итгэлтэй байна. Энэ кино маань 70 жилийн өмнө амьдарч байсан залуучууд эх орныхоо төлөө юу хийсэн юм бэ. Юуг харамлаагүй вэ, яаж тэмцсэн бэ гэдгийг харуулж байгаа. Байтаг богдод болсон үйл явдал бол өөрөө маш том мөргөлдөө. 150 гаруй Дундад иргэн улсын цэргүүдтэй 10-хан хилчин тулгараад байлдсан. Энэ нь өөрөө гайхамшиг.
Ийм эр зоригтой эрчүүдээ, эх орны торгон хилийн хамгаалагч, Монгол улсын үеийн үеийн хилчиддээ баярлаж талархаж байгаагаа Фантастик продакшний зүгээс илэрхийлж байна. Киног хийхэд дайн тулааны хэсгүүд, дэлбэрэлтүүд буудалцаан хамгийн хэцүү байсан. Түүхэн тулгаралт болсон газар нь очиж зураг авсан. Муугаар ярихад тэдэнд зугтах боломж байсан ч эх орныхоо төлөө амиа хайрлалгүй тэмцэж 6 нь нас барсан. Орчин үеийн залууст эх орноо гэсэн эр зориг байгаа гэж бодож байна.
Яагаад гэвэл монголчууд бидний дотор эх орноо гэсэн сэтгэл дүүрэн байгаа. Миний хувийн бодол шүү. Монгол эр хүн болгон цаг нь болохоор хэзээ ч урваж шарвахгүй, ухарч зугтаахгүй гэж боддог. Хамгийн сайхан зүйл нь тэгж байлдах боломж байхгүй нь сайн. Дайн тулаан гэдэг муухай. Энэ түүх монгол эрчүүдийн түүх гэдгээсээ илүү Монгол Улсын түүх.
Цэлмэг хөх тэнгэр ээх шаргал наран эх дэлхийн хаана ч байдаг эх орон гэж юу юм гэж хэлэх нэгэн цөөнгүй болсон. Гэлээ ч Өмнийн шаргал говь, Алтайн сүрлэг уулс, Дорнын их тал, Хөвсгөлийн их тайга, Азийн сувд болсон Хөвсгөл далай, цээж дүүргэн сэтгэл сэргээх цэнгэг агаар, одод асгарах мэт шөнийн тэнгэрийг харин хаанаас ч олохгүй бизээ.
Хүмүүн гэгч ээж аав, эх орноо сонгож төрдөггүй. Тиймдээ ч та бид Монгол гэсэн зургаан үсэгтэй уудам сайхан эх орны эзэд нь болон мэндэлсэн нь үнэн. Эх орон гэж юу юм бэ. Энэ цаг үед бидний амар амгалан, айх аюулгүй амьдарч байгаа газар нутаг маань ямар үнэ цэнээр бидэнд өвлөгдөн ирсэн юм бэ.
Асгарах цус эх орныхоо төлөө өргөсөн баатарлаг эрсийнхээ үнэн түүхийг бид шүүх эрхгүй. Сэлэмний ир жадны үзүүр болж, эх орныхоо дархан хилийн халдашгүй тайван байдлын төлөө халуун амиа хайрлахгүй тулалдсан эрэлхэг баатар хилчидийн түүх бол мартаж болохгүй түүх билээ. Шинэ цагийн монголчуудын эх орноо гэсэн сэтгэлийг сэрээсэн Монголын төлөө цохилох зүрхтэй хүн бүхэн энэ киног үзээсэй гэж хүсмээр байна.
зочин · 2018/03/02
авьяаслаг аав ээж хүү гуравтаа, Фантастикийн мундаг хөдөлмөрч авьяас нь цалгисан залуустаа баяр хүргэж, амжилт хүсье