Нэрт жүжигчин Мэрилин Монро таалал төгссөнөөс хойш яг 56 жил болжээ. Мэрилин Монро (Норма Джин Мортенсон) 1926 оны 7 дугаар сарын 1-нд Лос-Анжелест төржээ. Түүнд тухайн үед нэрд гарч байсан жүжигчин Норма Толмажийн дурсгалыг хүндэтгэн Норма хэмээн нэр өгчээ. Нормагийн эх Глэдис нь холливудын кино лабораторид ажиллаж Норма Толмэжийн тоглосон кинонуудын кадрыг их анхааралтай ажигладаг байсан юм. Глэдис дуугүй киноны од Норма Толмажийг шүтдэг нэгэн байв. Глэдис охин төрүүлж түүнийгээ шүтээнийхээ нэрээр нэрлэжээ. Глэдис өөрийн охиноо кино од болно хэмээн их итгэдэг байв.



 

Норма-Мэрилиний бага нас тийм ч аз жаргалтай гэж хэлэхээргүй байв. Норма эцэггүй өссөн бөгөөд эх нь өөрийгөө хатуу ширүүн ааштай, охиноо бие даан өсгөж чадахгүй хэмээгээд 2 сартай байхад нь айлд үрчлүүлсэн байна. Охин уг айлд 7 нас хүртлээ амьдарсан бөгөөд эх нь хааяа эргэж ирдэг байсны эцэст охиноо эргээд өөр дээрээ авчээ. Нэгэн удаа эхийнх нь сэтгэл хямарч хүн рүү хутга барин дайрсны улмаас түүнийг сэтгэцийн эмгэгийн эмнэлэгт эмчлүүлэхээр хэвтүүлсэн гэдэг.  Ингээд Нормагийн хүүхэд ахуй нас асрах газар болон нилээд хэдэн айлд үрчлэгдэх маягаар өнгөрчээ. Түүнийг 12 нас хүрээгүй байхад 2 удаа хүчирхийлэхээр оролдож байжээ. Эхний удаа хойд эцэг нь, дараа нь үеэл ах нь гэх мэт. Үүнээс болж Норма эрэгтэйчүүдэд хүйтэн хандах болсон хэмээн зарим эх сурвалжууд дурьддаг. Норма сексийн тухай хэлэхдээ: "Миний хувьд секс болон секстэй холбоотой асуудал гутал цэвэрлэхээс илүү байж чаддаггүй", "Хэрэв би хэзээ нэг цагт хүмүүс яагаад сексийг тэгтлээ их шохоорхдогийг ойлгох юм бол надад аз тохиосонтой адил зүйл болно" гэжээ. 19 нас хүртлээ Мэрилин хоёр ч удаа амиа хорлохоор оролдож байсан бөгөөд эхний удаа гааз нээж, дараагийн удаа нойрсуулах эм их тунгаар уусан байна.




Мэрилин ээрэх өвчтэй байсан ба үүнийгээ бие дааж зогсоож чадсан нь түүний хувьд том ялалт байв. Ээрэх явдал түүнийг хүүхэд асрах газар байх үеэс л хүчтэй болжээ. Тэрээр хоёр үг хэлээд л ээрдэг байв. Норма ээрдэгээ зогсооход 3 жил зарцуулж 16 нас хүрэхдээ үүнийг бүрэн зогсоож чаджээ. 





 

Мэрилин 1942 онд 16 настайдаа анх нөхөрт гарч байв. Түүний нөхөрийг Жим Догерти гэдэг байжээ. Энэ шийдвэр нь түүний хувьд хүүхэд асрах газар дахин очихгүй гэсэнд байлаа. Нөгөөтэйгүүр өргөж авсан гэр бүл нь өөр газар нүүх болсон ч Нормаг авч явах дургүй байсантай нь бас холбоотой. 1 жилийн дараа нөхөр Жим нь флотод алба хаахаар, харин Норма онгоцны үйлдвэрт ажиллахаар болжээ.




 

Намар нь түүний ажиллаж байсан үйлдвэрт найруулагчид болон фото зурагчдын баг ирэв. Тэд нацизмтай тэмцэхэд Америк эмэгтэйчүүдийн оруулж буй хувь нэмрийн тухай фото сурвалжлага хийх ёстой байв. Фото зурагчин Дэвид Коновер Норма Жинийг ажиглан түүнийг 1 цагийн 5 доллараар нэлээд хэдэн зураг авахуулахыг санал болгожээ. Тэр зөвшөөв. Ингэж түүний кино жүжигчин болох үүд нээгдсэн гэдэг. Норма үйлдвэрийн ажлаа орхиж фото модель болохоор зориг шулууджээ. Гэтэл дайнаас эргэж ирсэн нөхөр Жимд энэ таалагдсангүйгээр үл барам тэрээр Нормад тэр замаа, эсвэл гэр бүлээ сонго гэсэн хоёр боломжийг санал болгосон байна. Гэвч Норма кино жүжигчин болохоор шийдсэнээр түүний гэрлэлт эцэс болох нь тодорхой болов. Тэрээр хожим энэ тухай хэлэхдээ: «Би авьяас чадвараараа бус, харин хэзээ ч хэнд ч хамаарагдаггүй байснаараа нэрд гарна гэдгээ мэдэж байсан» хэмээн хэлсэн байдаг. 




20 настай Мэрилин тийм ч үзэсгэлэнтэй байсангүй. Сэтгүүл болон ил захидал дээр хэвлэгдсэн түүний зургийн инээмсэглэлийн цаана хүүхэд ахуй цагийнх нь уйтгар гуниг, сэтгэл санааны хямрал нуугдсан байв. Хожим түүний ойрын нэгэн шүүмжлэгч хэлэхдээ: "5 насандаа эцэг эхийн хайрыг амсаагүй бол 25, 35, эсвэл 45 насандаа ч хайрлагдаж чадахгүй. Тэгэхээр Мэрилин хүүхэд насандаа энэ бүхнийг тойрч гарсан тул энэ талаар хэлэх зүйл бараг үгүй". Мэрилин өөрөө дурсахдаа: «Хэн ч намайг охин минь хэмээн дуудаж, тэвэрч, үнсэж байгаагүй...ийм бяцхан охин өөрийгөө хаягдмал ганцаардмал гэдгийгээ ойлгоод ирэхлээр энэ бүхнийг насан туршдаа мартдаггүй» гэжээ. Энэ бүхнээс үүдэн сэтгэл зүйн ухаанд " Мэрилин Монрогийн синдром" гэсэн ойлголт хүртэл бий болжээ.



 

1946 оны 8 дугаар сард Мэрилин; «Хорьдугаар зуун Фокс» кино студиэс дагалдангаар ажиллах санал тавьжээ. Студийн захирал түүнд жүжигчний нэр сонгохыг хүсчээ. Жишээ нь: Кэрол Линд, Клэр Норман, Мэрилин Миллер гэх мэт. Норма Мэрилинийг сонгов. Дээр нь эмэг эх Монрогийнхоо овгийг нэмж Мэрилин Монро болгожээ. 1951 оны сүүлээр Мэрилин 7 хоног бүр шүтэн бишрэгчдээсээ 2000-3000 захидал авдаг болов. 1954 оны 3 дугаар сард Мэрилин «Хамгийн нэртэй жүжигчин» шагнал авав. 1955 оны 1 дүгээр сард Мэрилин өөрийн «Мэрилин Монро Продакшнс» корпораци байгуулснаа зарласан юм. Өөрөө ерөнхийлөгч нь байхаас гадна хяналтын багц хувьцааны эзэмшигч нь болжээ.


 

"Бүх үеийн хамгийн үзэсгэлэнтэй шаргал үст" хэмээн нэрлэгдсэн Мэрилин анх төрөхдөө хар хүрэн үстэй байв. Харин нэрээ сольсон тэр үеэс цайвар шаргал үстэй болжээ. Мэрилин нүүрний нилээд хэдэн мэс засал хийлгэсэн аж. Мэс засалчид түүний хамар, эрүүний хэлбэрийг засч, үснийх нь дух руугаа өнцөг гарган ургадагийг хүртэл өөрчилжээ. Мэрилиний хүүхэд наснаас эхлэн хайрлан хүндэтгэдэг байсан жүжигчин нь 30-аад оны үеийн холливуудын од, 26 насандаа өөд болсон Жин Харлоу байв. Энэ сонирхол нь Мэрилинийг цайвар үстэй болж амьдралын замаа сонгоход нь тодорхой хэмжээгээр нөлөөлжээ. Түүнийг хоёр дахь Жин Харлоу хэмээн үе тэнгийн шүтэн бишрэгчид нь нэрлэж байв. Мэрилин Монрог Харлоугийн амьдралыг харуулсан кинонд тоглохыг санал болгож байв. Эхлээд татгалзсан боловч дараа нь найруулагч нартай уулзаж тохироод киног хийх болоход Мэрилин Жиний нэгэн адил таалал төгссөн түүхтэй.




 

Мэрилин жүжигчин болохын өмнө цаг тооны хаунлид нүцгэн зургаа авахуулжээ. Мэрилин 1 цагт 50 долларын хөлсөөр ажиллаж байв. Тэр үед нүцгэлэн авахуулахыг порно хэмээн үздэг байсан тул жүжигчин хүнд энэ нь хориотой байлаа. Монрогийн хувьд тарчиг байсан амьдралд нь 50 доллар их мөнгө байв. Хожим нь хэн нэгэн хуанлид авахуулсан зургийг нь мэдсэнээр хэл ам дэгдэв. Харин 1953 оны 12 дугаар сард Playboy сэтгүүлийн Хью Хефнер 500 доллараар энэ хуанлийг худалдан авч сэтгүүлдээ (1953 оны дугаар) нийтлэсэн нь Монрог улам ч алдаршуулав.




Энэ явдлаас хойш Монрогийн нүцгэн зураг хаа сайгүй хэвлэгдэн гарах болов. 


 

1954 оны 1 дүгээр сард Мэрилин нэрт бейсболчин Жо ДиМажотой гэрлэв. Энэ гэрлэлт 9 сар үргэлжилжээ. Ди Мажо үүний дараа Мэрилинд дэмжлэг үзүүлсээр байв. Ди Мажотой хурим хийсний дараа «Хорьдугаар зуун Фокс» кино студи Мэрилинийг «Шоу-бизнесээс өөр сайн бизнес гэж байхгүй» мюзиклд тоглохыг санал болгов.


 

1954 оны 1 дүгээр сард Ди Мажод Японд хийх бейсболчдыг дадлагажуулах ажил гарсан тул бал сараа тэнд өнгөрөөв. Монро Японд байхдаа солонгосын дайнд оролцсон америк цэргүүдийн өмнө тоглох урилга хүлээн авчээ. Цэргүүд Мэрилинийг амьдаар нь харж баясжээ. Монро цэргүүдийн өмнө гарч: «Ийм их эрчүүдийг нэг газар хамт цугласан байхыг өмнө нь хэзээ ч хараагүй!» хэмээн дуу алджээ. Тэрээр нэлээд хэдэн дуу дуулахад цэргүүд «ура» хашгирч байжээ. Энэ явдал түүний амьдралд мартагдашгүй үйл явдал болж үлджээ.



 

Олон найруулагч Мэрилинтэй ажиллахад хүнд хэмээн гомдоллодог байжээ. Тэрээр үгээ мартаж будилхаас авхуулаад нилээдгүй цаг үрдэг. Заримдаа зураг авалтанд хоцрох, хэдэн өдрөөр алга болох, 1 дубль хийхэд 20–40 удаа дахих юу ч биш. Монро продюсерууд болон найруулагч нартай хэл амтай ажилладаг ч жирийн хүмүүстэй найрсагаар харьцаж чаддаг нэгэн байлаа. Түүнийг Японд зочид буудалд байрлаж байхад буудлын үйлчлэгч түүний өтгөн үсийг хараад гайхахад тэрбээр: "Таны үсийг ч арай гүйцэхгүй ээ" хэмээн хариулсан гэдэг. Зарим үед Мэрилин олноос ялгарахгүйн тулд нүдний хар шил зүүгээд хиймэл үс зүүж өөрийгөө бусдад Зельда Зорк хэмээн танилцуулдаг байжээ.
 

"Хүслийн долоон жил" (The Seven Year Itch) киноны зураг авалтын үеэр Мэрилин Монрог Жо Ди Мажо хардсаны улмаас харьцаа нь муудахад түүнийг Мэрилин зураг авалт дээр урьж хийж буй ажлаа үзүүлжээ. Энэ үед агааржуулагчийн салхи Мэрилиний банзалыг яг хийсгэж байгаа домог болсон үе таарсан гэдэг. Жо үүнд ихэд эгдүүцэж тэдний 9 сар үргэлжилсэн гэрлэлт нь сарнижээ.


 

1950 онд Мэрилин драмын зохиолч Артур Миллертэй танилцсан боловч дараа нь салж оджээ. Гэтэл тэд 1955 онд дахин учирчээ. Энэ үед Артур Миллер өмнөх гэрлэлтээсээ 2 хүүхэдтэй үлдсэн нэгэн байв. 1956 оны зун тэд хуримлав. Тэд 4 жил хагас хамт амьдарсан боловч дахиад л бүтэлгүйтэж 1961 оны 1 дүгээр сарын 20-нд салжээ. Үүний шалтаг нь их энгийн. Артур Мэрилинтэй гэрлэснээс хойш хэдхэн долоо хонож байхдаа өдрийн тэмдэглэлдээ: «Надад Мэрилин яг хүүхэд шиг санагдаж байна. Би түүнийг үзэн ядаж байна!» гэж бичсэнийг Мэрилин үзээд шооконд орж хэрүүл үүсжээ. Артур «сайн зохиолч байсан болохоос биш сайн нөхөр байгаагүй» гэж Мэрилин дурссан байдаг.


 

Мэрилин хүүхэдтэй болохыг их хүсдэг байв. Энэ нь түүний хүссэнээр болсонгүй. Үүнд тэр бие муутай байх, эсвэл үр хөндүүлэх (13 удаа гэсэн баримт бий), архинд их донтох зэрэг шалтгаан нөлөөлж байв. «Жаазд зөвхөн бүсгүйчүүд» киноны зураг авалтын үеэр савнаас гадуурх жирэмслэлттэй байсан удалгүй хүүхэд нь зулбасан юм. Үүнээс болж Мэрилин депрессэнд орж, архи ууж, эмийг замбараагүй хэрэглэждэг байв. Эмийн дооз хэтэрснээс болж коомонд орж байсан удаатай.
 

Залуудаа хүүхэд гаргаж хүүхдээ хүүхэд асрах газар өгсөн гэсэн мэдээ байдаг боловч нотлогдоогүй. Мэрилин хүүхдүүдтэй амархан хэлээ ойлголцож хайрладаг нэгэн байж. «Эмэгтэй хүүхдэд түүнийг бүгд хайрладаг гэж байнга хэлж байх ёстой. Хэрэв би охинтой болох юм бол түүнийг үргэлж үзэсгэлэнтэй хэмээн магтаж нэг ч хором хараанаасаа салгахгүй» хэмээн хэлж байжээ.


 

1955 онд Аристотель Онасис Монакогийн сувилалын газарт жуулчдыг татахын тулд Мэрилинийг Монакогийн хун тайжтай гэрлүүлэхийг оролджээ. Мэрилин үүнийг эсэргүүцээгүй ч хааны гэр бүл өөр бодолтой байсан тул энэ нь бүтээгүй юм. 1956 оны 10 дугаар сарын 29-нд Мэрилин Лондонд байх үедээ Хатан хааны театрт хатан хаан Елизаветатай уулзах үдэшлэгт уригджээ. Үдэшлэгт дэлхийн алдартай кино жүжигчид цугларсан байлаа. Энэ үеэр Елизавета ганцхан түүн дээр ирж ярилцсан гэдэг. Хэвлэлд: "Мэрилин Монро биеэ авч яваа байдал үзэсгэлэнгээрээ Английг байлдан дагууллаа" хэмээн бичих болсон юм. 


 

1961 онд Мэрилин наркотик хэрэглэснээс бие нь муудсан нь олон нийтэд хэдийн нууц биш болов. Сүүлийн тоглосон 2 киноны талаарх кино шүүмжлэгчид болон үзэгчдийн байр суурь, Миллерээс салсан зэрэг нь түүнийг сэтгэцийн гүн хямралд оруулж "Пейн-Уайтни" сэтгэцийн эмгэгийн эмнэлэгт хэвтжээ. Түүний эмэг эх, ээж нь бас сэтгэцийн эмгэгийн эмнэлэгт тухайн үедээ хэвтэж байсан нь Мэрилинд бас адилхан тохиолдов.


 

1961 оны 5 дугаар сарын 19-нд Мэдиссон талбайн арга хэмээнд Мэрилин "Төрсөн өдрийн мэнд хүргэе, ерөнхийлөгч өө" дууг Жон Кеннедид зориулж дуулав. Мэрилин 1951 онд анх Жон Кеннедитэй танилцсан аж. Мэрилинийг Жон Кеннедийн ах Роберт Кеннедитэй хайр сэтгэлийн явдалтай байсан гэдэг цуу яриа байдаг. Гэхдээ энэ нь нотлогдоогүй. Жон Кеннеди Монрог тэвэрч байгаа алдартай зураг ч үнэн гэдгийг нотолж чадаагүй юм. 



 

Үүнээс хойш удалгүй Монро наркотикйн доозыг хэтрүүлэв. Жо Ди Мажо түүнийг авархаар дахин ирэв. Тэд хоёр дахь удаагаа гэрлэлтээ сэргээнэ хэмээн өдөр судраа хүртэл төлөвлөсөн байлаа. Энэ бол 1962 оны 8 дугаар сарын 8 байв. Гэвч 8 дугаар сарын 4-ний орой Мэрилин гэртээ амьсгал хураасан байлаа.



 

Мэрилин Монрог 1962 оны 8 дугаар сарын 5-нд шилжих шөнө 36 настайдаа нойрсуулах эмийн тунг хэтрүүлснээс болж Брентвудэд (Калифорни муж) нас барсан гэж тэмдэглэсэн байдаг. Түүний үхлийн шалтгааны талаар 5 таамаг байдаг. Үүнд: ах дүү Кеннеди нар Мэрилинтэй бэлгийн харьцаатай байснаа нуухын тулд тусгай албадаар амийг нь хөнөөлгөсөн, мафийнхан алсан, наркотикийг хэтрүүлж хэрэглэсэн, амиа хорлосон, Мэрилиний сэтгэл зүйч эмч Ральф Гринсон түүнийг нембутал хэрэглэсний дараа хлоралгидратыг хэрэглүүлснээс болж үйлчлүүлэгч нас барсан гэх мэт. Харин Мэрилинийг хороосон гэх жинхэнэ алуурчин өнгөрсөн онд нас барахынхаа өмнө түүнийг улсын нууцыг задруулах аюултай гэж үзэн хороох тушаал авсны дагуу амийг нь егүүтгэснээ хүлээн зөвшөөрсөн байдаг. 

Мэрилин өөрийн өдрийн тэмдэглэлдээ ах дүү Кеннеди болон бусад явалдаж байсан хүмүүсийнхээ талаар, тэдэнтэй ор хөнжилдөө юу ярьж байснаа баримттай дэлгэрэнгүй бичсэн байсан гэдэг таамаглал бий. Тэмдэглэлийн дэвтэр маргашгүй нотлох баримт болох байсан гэх. Монрог галт тэргэнд явахад нь хамт явдаг түүний дагалдан жүжигчин хэлэхдээ: Мэрилин нас бардаг өдөр тэрээр өмнө нь холбоотой байсан Фрэнк Синатрагийн гэрээр ороод гарсан хэмээн хэлсэн байдаг. Тэнд Мэрилинтэй ТТГ-тай хамтарч ажилладаг байсан мафийн бүлгийн гишүүн Сэм Жанканатай уулзжээ. Тэрээр Монрог дэвтрээ өгөхийг шаардсан аж. Тэр зөвшөөрөөгүй тул түүний амийг хөнөөсөн хэмээдэг. Тэмдэглэлийн дэвтэр ор сураггүй алга болжээ.

Мэрилин Монрогийн нас барсан өрөөг сэтгэл зүйчдэд харуулахад тэд их гайхсан гэдэг. Тэр өрөөнд хананд нь ямар ч зураг, цэцэг, жаазтай фото зураг алга байжээ Өрөөнд зөвхөн ор, шүүгээ, гэрлийн чийдэн, тэгээд бөөн эм байсан аж. Олон сая үзэгчдийн хайртай шүтэн бишрэгч акцентуациэр (ааш зан нь огцом янз бүрээр хувирдаг өвчин) өвчилсөн гэдгийг сэтгэл зүйчид мэддэг байжээ.


 

Монрог нас барсны дараа түүнийг наркотик их хэмжээгээр хэрэглэж байсан тухай сонин хэвлэлээр олонтаа яригдсаны улмаас энэ нь Вертерийн эффект үүсгэсэн буюу өөрөөр хэлбэл, олон зуун америкчүүд түүнийг дуурайжээ. Үүний улмаас Америкт амиа егүүтгэгчдийн хувь 12%-оор өссөн гэсэн баримт бий.

Мэрилин халуун усны өрөөний толин дээр уруулын будгаараа өөрийн санасан үгээ бичдэг байв. Жишээ нь, «Хийж чадах зүйлээсээ илүүг зүйлийг бүү хүлээ», «Санадран мэгдэх нь хүнийг цусгүй алдаг», «Сэтгэл догдлох бус, харин доглуудах хэрэгтэй» гэх мэт. Монро бас шүлгийн мөрт бичиж сонгодог утга зохиол, түүний дотор оросынхыг сонирхдог байжээ. Одним из ее желаний было сыграть роль Достоевскийн "Карамазовынхан" зохиолын Грушенькагийн дүрд тоглохыг хүсдэг байсан аж. Виталий Вульф «Дэлхийг өөрчилсөн эмэгтэйчүүд» номондоо жинхэнэ Мэрилинг хэн ч мэдэхгүй. Бид зөвхөн түүний талаар сонссон зүйлээр л төсөөлдөг" гэжээ. "Холливууд бол үнсэлтийн төлөө 1000 доллар төлдөг. Харин хүний сэтгэлийн төлөө нэг ч улаан мөнгө хаядаггүй газар. Би үүнийг сайн мэднэ. Миний эхний саналыг ихэнхдээ хүлээн авдаггүй. Тэглээ гэд би сэтгэлээ тэдэнд худалдахгүй нь мэдээж" хэмээн Монро английн яруу найрагч эмэгтэй Эдит Ситвеллтэй ярилцахдаа хэлж байжээ.


 

Мэрилин Монро солгой бичигтнүүдийн нэг байв. BBC-гийн сайт дээр түүний нэр солгой бичигтэй алдартнуудын тоонд байдаг. Дараах фото зурган дээр баруун гараараа бичиж байгаа мэт харуулж байна. Зарим нэг цуу ярианд Мэрилин хөлөндөө 6 хуруутай байсан гэдэг. Харин энэ фото зурган дээр алга байна.


 

Lady GaGa-гийн Government Hooker, Элтон Жоны Candle in the Wind зэрэг дуунууд Мэрилин Монрод зориулагдсан байдаг. Мэрилин Мэнсон тайз урлагийн нэрээ (түүний жинхэнэ нэр Брайан Уорнер) Мэрилин Монро болон шүтлэгтэн алуурчин Чарльз Мэнсоны нэрнээс зээлжээ. Мэрилин Монрогийн дүр үргэлж давтагдахдаа амархан. Жүжигчид, дуучид түүний дүрийг ямар нэг байдлаар үргэлж дуурайдаг.




1999 онд Мэрилин "Плейбой" сэтгүүлийн санал асуулгаар ХХ зууны хамгийн тачаангуй эмэгтэй, " ХХ зууны секс-билэгдэл" хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн аж. 

Ерөнхийлөгч Кеннедийн төрсөн өдөр дээр Мэрилин Монрогийн өмссөн даашинз 1999 оны дуудлага худалдаагаар 1.265.500$-аар зарагджээ. Харин түүний 1953 онд 250$-аар худалдан авч өмсөж байсан хуримын даашинз мөн 1999 оны дуулага худалдаагаар америкийн нэгэн цуглуулагч 33.500$-аар авчээ. Мэрилиний 75000$-ын үнэтэй жинсэн өмдний эзнээр Бритни Спирс тодорчээ Түүнд энэ өмдийг дизайнер Томми Хилфигер бэлэглэжээ.




 

Мэрилин сэтгэл санааны гутрал, муу зуршилтай байсан ч олны өмнө өөрийгөө сайхан авч явдаг байжээ. Гэхдээ арга хэмжээнд хожимдох дуртай нэгэн байв. "Сайхан харагдахын тулд хожимдох нь дээр. Ямартай ч атугай би яарах дургүй. Бидний амьдарч буй үе дэндүү яаруу сандруу юм. Төгөлдөр гоо сайхан байх нь цаг хугацаа, яарахгүй байхыг шаарддаг. Би үргэлж төгөлдөр гоо сайхан руу тэмүүлэхийг хүсч байдаг» хэмээн тэрээр хэлжээ.