Зэсийн үнийн ханш Лондонгийн металын бирж дээр 6750 ам.доллар байна
2018/03/09
Зэсийн үнэ өнгөрсөн баасан гаригийн байдлаар Лондоны металын бирж дээр 6900 ам.доллар/тонн-тойгоор хаагдсан байна. Ингэснээр өнгөрсөн долоо хоногт хүрэн металын ханш 3.1%-иар буурлаа. Өнөөдрийн байдлаар зэсийн үнийн ханш дахин буурч 6750 ам.доллар байна. Энэ нь өнгөрсөн арванхоёрдугаар сарын эхний хагасаас хойших хамгийн доод ханшид тооцогдож байна. Ийнхүү үнэ буурахад Лондоны металын бирж болон Шанхайн биржийн агуулах дахь зэсийн нөөц өссөн нь голлон нөлөөлжээ. Мөн сүүлийн долоо хоногт тохиосон хөрөнгийн зах зээлийн уналт ханшийн бууралтад түлхэц өгсөн байна.
Нөөц ихэссэн тухайд гэвэл, он гарах үед Лондоны металын бирж дэх зэсийн нөөц 200 мянган тонноор хэмжигдэж байсан бол өнгөрсөн баасан гаригт уг үзүүлэлт 336 мянган тонн болж, үндсэндээ 70%-иар өсчихөөд байгаа юм.
Гэхдээ ANZ банкны зүгээс энэ удаагийн ханшийн бууралт нь харьцангуй түр зуурын шинжтэй байх болно гэж тайлбарлажээ. Учир нь зэсийн зах зээлд нийлүүлэлт саатах эрсдэл өндөр хэвээр байгаагийн сацуу зэсийн хамгийн том хэрэглэгч болсон Хятад улс хаягдал зэсийн импортод хориг тавьж магадгүй байгаа ажээ.