УИХ-ын гишүүн О.Баасанхүү Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дүгээр заалтыг хүчингүй болгуулахаар Үндсэн хуулийн цэцэд хандах болон "Эрдэнэт"-ийн 51 хувийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр мэдээллийнхээ эхэнд, Үндсэн хуулийн цэц их суудлын хуралдаанаар саяхан “УИХ-ын гишүүн гэмт хэргийн газарт нотлох баримттайгаар баригдахаас бусад тохиолдолд эрхийг нь түдгэлзүүлж болохгүй” гэсэн заалтыг хүчингүй болгосон нь зөв шийдвэр болсон хэмээв. Гэвч Цэц 2015 оны арванхоёрдугаар сарын 4-нд "Цэцийн гишүүнийг цэцийн зөвшөөрөлгүйгээр /түүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газраас нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд баривчлах, албадан хорих буюу цагдан хорих, эрүүгийн яллагдагчаар татах, мөн орон байр, албан байранд нь үзлэг нэгжлэг хийх, бичиг баримт эд зүйлийг хураан авахыг хориглоно/ бүрэн эрхийг нь түдгэлзүүлж болохгүй" гэсэн заалт Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1-р заалтад оруулсан нь Үндсэн хууль зөрчсөн гэж тэрбээр үзэж байгаа юм байна. Иймээс энэ заалтыг хүчингүй болгуулахаар УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийн хүрээнд Үндсэн хуулийн цэцэд хандана гэдгийг О.Баасанхүү гишүүн мэдэгдэв. 

УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хүрээнд, эсвэл иргэний хүрээнд хандах ялгаатай учир УИХ-ын гишүүний хувиар хандаж, Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэн, УИХ-аас тогтоол гаргуулахаар төлөвлөж буй аж. Хэрэв УИХ-аас энэ заалт нь Үндсэн хууль зөрчсөн байна гэдэг тогтоол гаргавал түүнийг нь Цэц заавал хурал хийж хэлэлцэх үүрэгтэй байдаг.

Түүнчлэн “Эрдэнэт” үйлдвэрийн 49, 51 хувьтай холбоотой асуудал яригдаж байгаа энэ үед ирэх даваа гарагт тэрбээр Эрдэнэтийн иргэдтэй уулзахаар төлөвлөснөө дуулгав. Тэрбээр "2013 оны зургадугаар сарын 19-нд “Жаст” группээс тухайн үеийн “Эрдэнэт”-ийн захирал Ц.Даваацэрэнд тодорхойлолт хүргүүлж байжээ. “Д.Сугар, н.Мөнхжаргал, Ч.Ганзориг нарын гарын үсгийг хуурамчаар үйлдэв гэдгийг тодорхойлов.

Энэ мөнгийг манай компани төлнө" гэсэн утгатай. Хэн нэгний гарын үсгийг байтугай айлын хашаанаас нүүрс хулгайлсан хүн тодорхойлолт бичээд сууж байвал ямар харагдах вэ?

Мөн Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугартай нэр холбогдсон хэргүүд өмнө нь яригдаж, хэвлэлүүд бичиж байжээ. Тухайлбал, 2013 онд Д.Сугарыг МИАТ-тай холбоотой хэргээр шалгах шаардлага байна гээд Улсын мөрдөн байцаах газраас нийслэлийн Прокурорт хандаж байсан ч Цэцээс эрхийг нь хязгаарлах боломжгүй гээд хамгаалсан. Мөн ХОМ нь зөрчилтэй байхад цалингийн 30 хувиар торгоод өнгөрүүлж байж. Д.Сугар цагтаа зөвхөн Төрийн өмчийн хорооны дарга байгаад зогсоогүй маш олон төрийн өмчит компанийн ТУЗ-ийн даргаар ажилладаг байсан. Тэгэхээр ТӨК-иудын асуудлыг нь мэдэж байх ёстой хүний нэг. Ийм учраас Ш.Батхүүгийн “Эрдэнэт”-ээр баталгаа гаргуулж, Стандарт банкнаас 109 сая ам.долларын зээл авсан гэх хэрэгтэй холбогдуулж Д.Сугарыг шалгах шаардлагатай гэж үзэж байна” гэлээ.

 

Дараа нь сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв.

 

-Хоёр долоо хоногийн өмнө та “Д.Сугарын гарын үсэг мөн болохыг тогтоосон” гэж мэдээлэл хийж байсан. Одоо болохоор хуурамч байсан гэлээ. Алинд нь итгэх юм бэ?

 

-Гарын үсэг хуурамч үү, жинхэнэ үү гэдэг чухал биш. Би ч тэр гарын үсгийг хуурамч биш эсэхийг нь тогтоодог юм биш. Ш.Батхүү 2013 онд “Ч.Ганзориг, Д.Сугарын нарын гарын үсэг хуурамч болохыг нь тодорхойллоо” гэсэн бичгийг хүргүүлсэн байдаг. Асуудлын гол нь Монгол Улс өнөөдөр 109 сая ам.долларын өрөнд орчихоод байна. Дээр нь Төрийн банкинд өртэй. Д.Сугар тухайн үед “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн дарга байсан хэрнээ яагаад энэ мөнгийг төлөх үйл ажиллагаанд хяналт тавиагүй ажилласан юм бэ. Олон улсын Арбитрын шүүхийн шийдвэрээр гарын үсэг нь хуурамч биш гээд шийдвэрээ гаргасан, биднийг өртэй болгочихоод байна. 

Жирийн нэг жолооч бусдыг шүргэхэд хариуцлага хүлээдэг. Гэтэл Монголыг 300 орчим тэрбум төгрөгийн өрөнд оруулчихаад байгаа хүн яагаад “Би 461-рүү чинь алхахад асуудалгүй” гээд сууж байдаг юм бэ. Ийм учраас тухайн үеийн Ерөнхийлөгчөөс эхлээд бүх албан тушаалтнуудыг шалгаж, үнэн худлыг нь тогтоох хэрэгтэй. Хууль хяналтын байгууллагаас эхлээд цэвэрлэх ёстой. Буруутай этгээдүүдээр өрийг нь төлүүлэх ёстой болохоос ард түмэн төлөх ёсгүй. 

 

-"Жаст"-ын Ш.Батхүүгийн хөрөнгийг тухайн үед хурааж байсан. Энэ хөрөнгө хайчсан юм бол?

 

-Дахиад нэг зүйл хэлэхэд "Жаст"-ын Ш.Батхүүгийн хөрөнгийг хэн ч, хэзээ ч хураагаагүй. Хүний хөрөнгийг шүүхийн шийдвэрээр хураадаг. Гэм буруутай нь тогтоогдоогүй учир компанийг нь татан буулгаагүй. Тиймээс хаашаа хэн рүү шилжүүлж явах нь өөрийн асуудал. Хөрөнгө хураасан асуудал огт байхгүй учир тэр аж ахуйн нэгж, компаниуд нь хаана явааг шалгаж тогтоох ёстой.  

 

Н.Туяа

Гэрэл зургийг Т.Чимгээ

Эх сурвалж: Монцамэ агентлаг