Дахиад л суудал, эрх мэдлийн төлөө...
2018/03/13
УИХ-ын 2016 оны сонгуулиас хойш Сүхбаатар аймагт ИТХ-ын дарга болон аймгийн Засаг даргыг хууль бусаар томилсон зэрэг маргаан гарсаар ирсэн. Тэгвэл өчигдөр тус аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал /ИТХ/ хуралдаж, Засаг дарга З.Энхтөрийг огцруулжээ.
Ингээд Р.Эрдэнэцогтыг Засаг даргад нэр дэвшүүлсэн байна. Тус аймгийн ИТХ-д МАН 16, Ардчилсан нам 16 гишүүнтэй. Одоо аймгийн ИТХ-аас шинээр Засаг даргад нэр дэвшүүлсэн Р.Эрдэнэцогтыг Ерөнхий сайдад уламжлах юм байна. Ерөнхий сайд нэрийг нь батламжилсан нөхцөлд Сүхбаатар аймгийн Засаг даргаар сонгогдсоныг нь баталгаажуулах юм.
Хот хүрээнд хүртэл ирж, жагсаал цуглаан зохион байгуулж явсан Сүхбаатарчуудын төлөөлөл ийн дахиад нэг Засаг даргын нүүрийг үзэх нь ээ. Үндсэндээ 2016 оноос хойш албан тушаалын суудал, эрх мэдлийн төлөө тэмцэлдсээр ирсэн нь энэ. Гэхдээ энэ бол байдаг л үйл явц болж хэвшчихээд байгаа нь эдийн засаг, олон нийт тэр дундаа ард иргэдийн амьдрал, улсын бүхий л хөгжилд чөдөр болж буйг бүх хүн мэдсээр байж, харсаар суун, хоёр намын тэмцлийг чимээгүй ажигласаар ирснийх.
УИХ-ын 2016 оны сонгуулиас хойш аймгийн байтугай Засаг дарга бүхэл бүтэн Засгийн газраа огцруулан, өөрчилж, нийслэлийн ИТХ-ын даргаа хүртэл мөн л огцруулан өөрчилчхөөд байгаа. Одоо дахиад л нийслэлийн ИТХ-ын даргыг суудлаас нь огцруулахаар төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхлээд байна. Тодруулбал, 2016 оны зургаадугаар сард болсон сонгуулийн үр дүнгээр долоодугаар сарын 8-нд Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайд болгосон. Гэвч 2017 оны есдүгээр сарын 8-нд огцруулсан.
Мөн 2016 оны долоодугаар сард нийслэлийн ИТХ-ын даргаар Ц.Сандуйг томилсноо 2017 оны есдүгээр сард ажлаас нь чөлөөлсөн. Харин одоогийн нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайханыг 2017 оны аравдугаар сард сонгож байсан бол өнгөрсөн сард нийслэлийн ИТХ дахь АН-ын бүлгийн зүгээс огцруулах бичгээ өргөн барьсан. Энд дурдагдаагүй аймаг, сумд ч хэд хэд бий. Байнга л хална, солино, огцруулна гэдэг яриа гаргаж, түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө хэрүүлээс өөрийг хийхээ байсан газрууд ч бий.
Өнгөц харахад ажлаа хийхгүй, хууль дүрмээ биелүүлэхгүй байгаа нэгийгээ огцруулж арай дөнгүүр нөгөөгөөр нь л солиод байгаа мэт. Гэвч энэ нь ердөө л нам доторх үл ойлголцол нь гишүүдийнхээ албан тушаалд хорхойссон атгаг санаа, сөрөг хүчнийх нь юуг ч үл урагШлуулах далд санаа гэлтэй.
Саяхан л Засгийн газрыг огцруулж байх үеэр Монгол Улс 1992 онд коммунист дэглэмийг түлхэн унагаасан боловч жил бүр засаг нь солигдож, улс төрийн хувьд нэн тогтворгүй болсон хэмээн ярьж, бичиж байсан. Тэр бүү хэл сүүлийн 20 жилийн хугацаанд 15 удаа Засгийн газар солигдсон нь ойролцоогоор шинэ Засгийн газар 1.5 жилийн дараа огцордог жишиг тогтлоо хэмээж байсан. Энэхүү жишиг нь хөөрхий суудлын том, багад хамаагүй тухайн тухайн орчиндоо л үйлчлээд байгаа нь харагдаж буй юм. Бүр байтлаа төрийн байгууллагуудад хүртэл энэ нь халдварлачхаад тамгаа авч зугтдаг моод аль хэдийн дэлгэрчихсэн гэж байгаа.
Ийн албан тушаалын төлөөх халдварласан вирус нь хамгийн гамшигтай нь өвчилсөн хүнээ бус өрөөл бусдад буюу ард иргэд, улс оронд түвэг учруулаад байгааг төр барьж буй хоёр намын ах нар дэндүү сайн мэднэ. Тиймдээ ч байн байн ийн улайрдаг биз. Сонгуулийн мөчлөг дөхөх тусам огцруулж, сольж холих вирус хүчээ авах биз. Хэн нэгнийг ажлаа хийж байхад нь дэгээдэж унагахын тулд ядаж л суудлаас нь буулгахыг оролдох нь түүний үндсэн ажилдаа анхаарах цагийг нь хумслах гайхалтай боломж.
Тиймээс л албан тушаалаас огцруулахын төлөөх адал явдал үргэлжилсээр байх болов уу. Үгүй ядахад дараагийн сонгуулийн үеэр өрсөлдөгчөө юу ч хийгээгүй, огцруулах гэж хичээсэн ч бид хүчин мөхөс байлаа гэдэг гоё үгээр иргэдийн чихэнд цэцэг ургуулчихна. Угаасаа аль аль намын хэн хэн нь ингэж хэлээд сурчихсан, дадчихсан шүү дээ. Өнөөгийн нөхцөл байдлаар бол хөөрхий Засгийн газрын 1.5 жилийн нас гэдэг нь том газар учраас овоо гайгүй урт байгаа бололтой.
Харин ИТХ нь албан тушаал, эрх мэдлийн хувьд арай бага болохоор донсолгооны цаг хугацаа нь улам бүр багасаж байна гэлтэй. Энэ эрчээрээ бол ирэх 2020 оны сонгууль хүртэл нийслэл болоод энэ хэдэн аймаг, сумын дарга нар мөн ч олон удаа хуралдаж, албан тушаалын хэрүүл хийх нь дамжиггүй. Мөдхөн л өөр нэг аймгийн даргыг огцруулж, шинээр батламжлах талаар яригдаж эхлэх байх даа. Дахиад л суудал, эрх мэдлийн төлөө гэж...
Б.Төгөлдөр
Эх сурвалж: "Өглөөний сонин"
ха ха · 2018/03/13
Тэр Энхтөр гэдэг хулгайчийн шороо нь пур хийжээ. Олон хүнд их муу юм хийсэн хүндээ зайлуул нүглээ үүрээд марш. Олон хүн ЭНХТӨРӨӨ ИРЖ ЖАНГАА ИД гэж даллаж байгаа даа түй түй
ха ха · 2018/03/13
хо хо