СТА, дуучин Ө.Цэрэнчунт  “Алагхан хорвоод хоёулахнаа” дуугаараа  та бидний танил болж байсан  дуучин Ө.Цэрэнчунт  удахгүй өөрийн тав дахь бие даасан тоглолтыг хийж байгаа билээ.  “VIP 100”   тоглолт нь энэ сарын 19-ны өдөр  “IVY” ресторанд  тоглогдох юм.  

Тэрбээр өөрийнхөө  ур чадвар хэрхэн дээшилснийг,  дэлхийн сонгодог бүтээлүүдийг хэрхэн өөрийнхөөрөө амилуулахыг  үзүүлэхээр энэ удаагийнхаа тоглолтыг хийж байгаа гэнэ.  Тоглолтод “Маринский” театрын  гоцлол дуучин Маргарита Иванова  хамтран оролцож байгаа бөгөөд төгөлдөр хуурчаар Испанид  олон жил уран бүтээл туурвиж буй Монголын шилдэг төгөлдөр хуурчдын нэг С.Саянцэцэг оролцож байгаа ажээ. 

Дашрамд дуулгахад  СТА, дуучин Ө.Цэрэнчунт  нь  дуурийн дуулаачийн мэргэжлээр 11 жил сурч байгаа Монголын цорын ганц дуучин гэнэ.  Тодруулбал  тэрбээр  2003-2008 онд  СУИС-ийн дуурийн дуулаачийн анги,  2008-2013 онд  ОХУ-ын Санктпетрг хотын  Римский-Корсаковын  нэрэмжит консерватурын  дуурийн дуулаач багшийн ангийг,  2013 оноос  Италийн  Ром хотын Санта Чичилигийн салбарт сургуульд  мэргэжил дээшлүүлж байгаа юм.  

СТА, дуучин Ө.Цэрэнчунтын  хувьд ОХУ-д суралцаж байх хугацаандаа олон улсын хэмжээний зургаан уралдаанд амжилттай оролцож эх орныхоо нэрийг гаргасан гавъяатай залуу.  Тодруулбал:

  • Тенор хоолойтны нэрэмжит 17-р уралдааны Тэргүүн байрны шагналт
  • “Орфей” залуу дуурийн дуулаачдын олон улсын уралдааны  Тэргүүн байр
  • “Vivalt talent” залуу дуурийн дуулаачдын олон улсын уралдааны  II  байр
  • Собиновын нэрэмжит   дуурийн дуулаачдын олон улсын уралдааны  IV байр
  • Елена Образцовагын нэрэмжит дуурийн дуулаачдын олон улсын уралдааны шилдэг Ари дуулаачийн шагналыг хүртэж байсан юм.

СТА, дуучин Ө.Цэрэнчунт  эх орондоо амралтаараа ирээд байгаа бөгөөд  дуурийн дуулаачаар сурч байгаа залуустаа зориулан Монголын 20-р зууны нэрт  хөгжмийн  зохиолчдын ари, романс дуунаас бүрдсэн  номтой  цомог гаргаж байгаа ажээ.

П.Төгөлдөр