Монголын төмөр зам компанийн даргаар ажиллаж байгаад Х.Баттулга, А.Гансүх нартай хамтран ажиллаж чадахгүй гэсэн шалтгаанаар ажлаасаа халагдсан М.Энхсайхан шинэчлэлийн Засгийн газарт үлдэж чадлаа.

Тэрээр төмөр замаас дутахааргүй томоохон төслийг удирдагчаар ажиллана. Энэ нь Оюутолгойг эрчим хүчээр хангах 300 мВт хүчин чадалтай цахилгаан станцыг Тавантолгойн уурхайг түшиглэн барих юм. Уг сатнцыг барих хөрөнгийн 30 хувийг Чингис бондын хөрөнгөөс, үлдсэн 70 хувийг хувийн хэвшлээс босгох болж байна. Энэ ажлыг М.Энхсайханд хариуцуулж өгчээ.

Эндээс харахад Ерөнхий сайд Н.Алтанхуяг М.Энхсайханыг бүрэлдэхүүнд авч үлдэж байгаа нь шинэчлэлийн Засгийн газрын бат бөх, тогтвортой байдал анхаарсан мэт. Нөгөө талаас нь харахад Х.Баттулгын замаас зайлуулж байгаа гэсэн таамаг харагдаж байна. Гуравдагч өнцгөөс харахад Засгийн газрыг бүрдүүлж байгаа МАХН-МҮАН-ын шударга ёс эвсэл задарвал эхлүүлсэн ажлынхаа эхний үр дүнг үзэж чадалгүй ганхаж эхлэх аюул байв. Ерөнхий сайд энэ бүгдийг тооцоолж М.Энхсайханд дээрх ажлыг хариуцуулсан байж таарах нь.


Засгийн газрын хуралдаанаас ийм шийдвэр гарахад АН-ын зарим нөхөд М.Энхсайханд ийм хариуцлагатай ажил өглөө. АН-д энэ ажлыг даагаад аваад явчих залуус зөндөө байна хэмээн гомдлын үг чулуудсан сурагтай. Ямар боловч Ерөнхий сайд толгой даан М.Энхсайханд найр тавилаа.

Гэсэн ч Х.Баттулга сайд төмөр замын асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлж нэвтрүүлэг, мэдээлэлд ач холбогдол өгсөн хэвээр байна. Тэгэхээр М.Энхсайхан, Х.Баттулга, А.Гансүх нарын тэмцэлд далд  үргэлжилсээр байгаа бололтой.